|
Видео

Шинэ мэдээ

Хүнсний ногооны үнэ тус бүртээ 1000 төгрөгөөр нэмэгджээ

Хүнсний ногооны үнэ тус бүртээ 1000 төгрөгөөр нэмэгджээ

 


Хүнсний ногооны үнэ огцом өссөн тухай иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу бид томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд нөхцөл байдал ямар байгаар сурвалжиллаа. Бид зах худалдааны төвүүдээс хэрэглэгчдэд хүрэх хүнсний ногооны хамгийн доод үнийг харж болох учир томоохон зах, хүнсний захуудыг зорьсон юм. Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 29 нэрийн барааны үнэ тогтвортой, 2 нэрийн барааны үнэ буурсан, 5 нэрийн барааны үнэ өссөн гэжээ.

MАНЖИН, БАЙЦААНЫ ҮНЭ  ТУС БҮР 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Бидний эхний очсон Баянзүрх худалдааны төвд/13 дугаар хорооллын/ монгол төмс 1кг нь 900 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 16-р хорооллын Баянзүрх зах болон бөмбөгөр худалдааны төвд 1 кг монгол төмс 1000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Харин лууван 1кг нь 1800 төгрөг, манжин 3500 төгрөг, байцаа 2200-2800 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд сонгино Монгол, Орос, Хятад сортоосоо хамаарч 2500-4500 төгрөг болсон байна.

Жишээлбэл, монгол сонгино дунджаар дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1500-1800 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 5000 төгрөг болтлоо өссөн байна.

Түүнчлэн монгол төмс 900-1300, лууван 1800-2000 төгрөгийн үнэтэй байгааг нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад 7 хоногийн дотор байцаа манжин зэрэг хүнсний ногоо кг тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдсэн бол сонгино 1000-3000 төгрөгөөр нэмэгджээ. Харин лууван, төмсний үнэ нэмэгдээгүй байв. Ногооны үнэ огцом нэмэгдсэн шалтгааныг  ногооны худалдаачдаас тодруулахад "Улирлаас хамаарч нийлүүлэлт багассан, худалдаачдад нийлүүлдэг дотоодын үйлдвэрүүд үнээ нэмдэг, ялангуяа манжингаас ашиг олоход хэцүү байдаг. Учир нь нийлүүлэхдээ үнэтэй ирдэг учир бусад ногоо шигээ өртөг зардлаа шингээгээд нэмэлт хийхээр худалдан авалт буурдаг. Иргэд хятад сонгиныг худалдан авах нь элбэг. Үнээс хамаардаг байх. Гэтэл хятад сонгиноны нийлүүлэлт бага байна” хэмээсэн юм. Биднийг  13 дугаар хороололд байрлах "Баянзүрх” худалдааны төвд очиход худалдан авалтын хөл хөдөлгөөн бусад захуудаасаа бага байв. Худалдаачид  "Бидний гол худалдан авагчид нь оюутнууд. Хичээл сургууль амарсантай холбоотойгоор худалдан авалт буурсан” гэлээ. Харин  иргэд  "Монголчуудын хүнсний ногооны хамгийн гол хэрэглээ нь төмс сонгино лууван шүүдээ. Тэднийгээ л аваад явж байна. Сонгино дэндүү үнэтэй байна. Монгол сонгино 5000 төгрөг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хаврын цагт ногоо идвэл амин дэмтэй л гэдэг. Манжин байцааны үнэ нэмэгдсэн байна. Хавар болохоор үнэ нэмэгддэг. Гэхдээ арай ч  ингэж  үнэ хадаж  байсангүй” гэцгээж байв.

ХҮНСНИЙ НОГООНЫ НИЙЛҮҮЛЭЛТ БУУРЧЭЭ

Монгол Улс хүнсний ногооныхоо ердөө 40 хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэн 60 хувийг импортоор авч байгаа нь хаврын улиралд хүнсний ногооны үнэ өсөх гол шалтгаан болж байна. Мөн энэ жил хөл хорионоос хамаарч  импортын барааны нийлүүлэлт багассан нь нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэллээ. Саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар хүнсний ногооны импортын гаалийн татварыг нэмэгдүүлж 30 хувьд хүргэх  хуулийн төсөл өргөн барьсан. Импортын татварыг нэмэгдүүлснээр  хилийн боомтоор чанарын баталгаагүй, химийн хортой хүнсний ногоо орж ирэхийг хязгаарлана, гаалийн албан татварыг нэмэх нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүн орж ирэхээс сэргийлэх алхам” гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа. Гэхдээ Монгол Улсын ногоочдын хувьд хэрэгцээт хүнсний ногоог бүрэн хангах чадамжгүй хэвээр байна. Энэ байдлаараа цааш  үргэлжилбэл хүнсний ногооны хомсдол, үнэ хөөрөгдөл намар болтол  дарамт болж мэдэхээр байна.

Бэлтгэсэн: Г.Солонго

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаатар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler