| |
Ч.Чимэдбат: Согтуугаар замын хөдөлгөөнд оролцох жолоочийн тоо буурахгүй байна
Хөл хорио тогтоосон энэ үед нийслэл болон хөдөө орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдлал ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилн сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.
-Он гарснаар нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд нийт хэчнээн зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн бэ?
-Нэгдүгээр улирлын байдлаар Улаанбаатар хотод 4594, орон нутаг 576 ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн ослоос шалтгаалан Улаанбаатарт 23, орон нутагт 48 хүн амь насаа алдсан.
-Хөл хорио тогтоосноос хойш замын хөдөлгөөний ачаалал хэр байна вэ?
-Хөдөлгөөний хязгаарлалттай байгаа энэ үед замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан. Оюутан сурагчдын дунд хөл хориог тогтоосон. Мөн энэ сарын 21-ний өдрийн УОК-ын шийдвэрээр бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн хөдөлгөөнийг хязгаарласнаар энэ долоо хоногийн хувьд хөдөлгөөний ачаалал хэвийн үргэлжилж байна.
-Хотын даргын захирамжаар 22:00 цагаас хойш архи согтууруулах ундааг худалдаалахгүй байх шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурсан уу?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурахгүй байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хоногт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20-30 жолоочийг Тээврийн Цагдаагийн Албаны алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осолд холбогдож буй жолоочид багагүй байна.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох зөрчил буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Зөрчил буурахгүй байгаа гол шалтгаан нь хөдөлгөөнд оролцож буй жолоочдын сахилга бат, хувь хүний ухамсартай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрт болон өрөөлд ямар эрсдэл учруулж болзошгүй вэ гэдгийг мэдсээр байж зөрчдөг нь жолооч нарын гол алдаа.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгох, нэг жилээр жолоо барих эрхийг хасдаг. Давтан үйлдэл гаргасан тохиолдолд тухайн иргэнийг шүүхээр оруулж, хуулийн дагуу баривчлах хүртэлх арга хэмжээг авах журамтай.
-Саяхан Баянхошуу орчимд зам тээврийн ноцтой хоёр осол гарсан. Тухайн ослын үүссэн шалтгаан нөхцөл тодорхой болсон уу?
-Хэргийн цар хүрээтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаанд тодорхой цаг хугацаа шаардагддаг. Одоогоор тухайн хоёр ослын нөхцөл, шалтгаан тогтоогдоогүй байна. Эхний осолд долоон автомашин холбогдож, 11 хүн гэмтсэн. Дараагийн ослоор нь найман автомашин холбогдож, нэг хүн гэмтсэн. Энэ мэт ослууд нь зам орчны байдал, тухайн тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай шууд холбоотой. Том оврын автомашин жолоодож буй жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, зам орчны байдалд хурдаа тохируулж явдаггүй зэрэг шалтгаанаас үүдсэн осол нэмэгдэж байна.
-Том оврын автомашинууд замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Том оврын автомашинаар үйлчилгээ эрхэлдэг хувь хүн болон албан байгууллагууд өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн замын хөдөлгөөний дүрэм, заалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцдог байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага тухайн осол болоод буй газарт болон захын алслагдсан цэгүүдээр явж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
-Хөл хорио тогтоосон энэ үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурсан уу?
-Зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөх нь 30-40 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-Зам тээврийн осол гарсаар байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас ямар хяналт шалгалтыг хийж ажиллаж байна вэ?
-Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт эргүүл хийх байдлаар нийслэлийн хэмжээнд гэлтгүй хөдөө орон нутгийн замуудад хяналт шалгалтын ажлыг хийж байна. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнтэй холбоотой мөн бусад төрлийн гэмт хэргийн зөрчлийг илрүүлэн, хяналт тавьж байгаа. Өчигдрийн тухайд л гэхэд, Баян-өлгий аймагт УАЗ-469 маркын автомашин мотоциклтой мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Мотоциклын жолооч 16 настай хүүхэд нь улсын дугааргүй хэрэгслээр, хамгаалах малгай өмсөхгүйгээр хөдөлгөөнд оролцсон. Гэтэл осолд холбогдсон 469 маркын автомашины жолооч нь тухайн хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөхдөө мотоциклоос унасан гэх мэдээллийг өгсөн. Цагдаагийн байгууллагад ослын талаархи мэдээллийг өгөлгүй нуун дарагдуулсан байсан. Тухайн иргэн нь машинаараа сумаас 70 километрийн зайд очиж, осол болох үед эвдэрсэн эд ангийг сольсон байсныг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн.
-Нийслэл хотод болон хөдөө орон нутгийн замд зорчиж буй жолоочдод хандаж анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргээч?
-Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх, хөдөлгөөнд соёлтой оролцох. Түүнчлэн ямар нэг байдлаар зохиомол зөрчлөөр түгжрэл үүсгэхгүй байх хэрэгтэй. Харин орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчил их байдаг. Үүнд цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт байдлаар зөөврийн хурд хэмжигчээр хурд хэмжиж ажиллаж байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шөнө оройн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслээ дүрмийн дагуу хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Ц.Янжиндулам