| |
ХӨСҮТ: "Интермэд" эмнэлэгт хэвтсэн иргэнээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад ЭЕРЭГ гарлаа
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 341 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээнд тандалтын шугамаар 11 хүн багтсан. Ингээд 341 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 13 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.
Өнөөдөр үүрийн 05.00 цагт "Интермэд" эмнэлгээс нэг сорьц авч ирэн шинжилгээ хийж байна. Тодруулбал, тус эмнэлэгт 69 настай иргэн хоёр уушгиндаа хатгаатай, амьсгал бачуурсан, халуураагүй гэж ирж хэвтсэн байна. Тиймээс тус эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуур ашиглаж, шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймээс PCR шинжилгээгээр баталгаажуулахаар сорьцийг нь аваад шинжилгээ хийж байна.
Гэхдээ халдвар судлал болон тандалтын тооцооллоор гайгүй байх гэж бодож байна. Учир нь хүүхэд нь нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 07-ны хооронд БНСУ-д яваад ирсэн. Одоо хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн учраас нууц хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.
Тухайн иргэнд үйлчилсэн гурван эмч, сувилагчийг тусгаарласан. Мөн Интермэд эмнэлгийнхэнд заавар зөвлөгөө өгөөд хянаж байна. Шинжилгээний хариу үдээс хойш гарна" гэлээ.
Б.Аз