| |
О.Магнайг цагдаад өгч, банкны шимтгэлийн асуудлыг гацаажээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар банкуудын шимтгэл, цирк, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлтэй холбоотой гурван асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Бодит амьдрал дээр өнөөдөр тэрбум төгрөгийн зээл авлаа гэхэд нэг хувийг нь буюу 10 сая төгрөгийг банк үйл ажиллагааны зардал гэж авдаг. Тэгсэн мөртлөө зээлдэгч нэг тэрбум төгрөгийнхөө зээлийг 10 жилийн хугацаатай авсан бол банкинд тушаасан 10 сая төгрөгийнхөө хүүг хүртэл 10 жил төлөөд явах тогтолцоо Монголд байна. Банкныхан үүнийгээ "Үйл ажиллагааны зардал” гэж тайлбарладаг. Ийнхүү үйл ажиллагааны зардал нэрээр нэг тэрбумаас 10 сая, хоёр тэрбумаас 20 сая төгрөг авч байгаа. Гэтэл энэ хоёр тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх зөрүү гарахгүй. "Тиймээс үүнийгээ боль” хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шүүхэд ханджээ.
Харамсалтай нь шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байгаа аж. Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд болох ёстой байсан хурлыг 29 болгож хойшлуулсан. Энэ хурал мөн дахин хойшлогдож арванхоёрдугаар сарын есөнд болохоор товлогджээ. Гэтэл "Чингис хаан”, "Капитрон”, "Улаанбаатар” банкууд "Нэхэмжлэхийнхээ шаардлагыг өөрчилье” гэж хэлээд хурлыг энэ сарын 24-нд болгож хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 24-нд тус хурал болох, үгүй нь тодорхойгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ гэвэл шүүхийн шийдвэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын талд гарвал өнгөрсөн гурван жилийн хугацаанд банкнаас зээл авч, нэг хувиа өгсөн иргэд төлсөн шимтгэлээ буцааж авах юм байна. Энэ нь хэдэн их наяд төгрөг болох юм. Иргэний хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа нь гурван жил учраас ийм боломж бий.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өмнө нь хэвлэлийн хурлын үеэр "Шүүгч нар шударга бус байна гээд хэлчихсэн” аж. Үүнтэй холбогдуулаад С.Төмөрбат гэдэг шүүгч О.Магнайг дарамталсан хэмээн үзэж цагдаад өгчээ. Телевизээр ярилцлага өгснийх нь төлөө дарамталсан гэж цагдаад өгөөд Чингэлтэй дүүрэг дээр хэрэг үүсгэчихээд байна. Өөрөөр хэлбэл, банкны шимтгэлийн асуудал иймэрхүү байдалтай гацаанд оржээ.
ҮНДЭСНИЙ ЦИРКИЙН ХУВЬЧЛАЛЫГ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?
Энэ оны тавдугаар сарын сарын 16-нд Төрийн өмчийн хороонд Үндэсний циркийн хувьчлалыг хүчингүй болгоё гэдэг бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулжээ. Мөн энэ бичгийг гуравдугаар сард Үндэсний циркийг эзэмшиж буй "Роял плаза” компани руу явуулсан ч хариу өгөөгүй байна. Энэ бичгийн нэг хувийг тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд хүргүүлжээ. Сайд таван сард явуулсан бичгийн хариуг долдугаар сард өгсөн аж. Хоёр сар чимээгүй байсны эцэст "Хувьчлалыг хүчингүй болгох тухай асуудалд тус яамны зүгээс оролцохоос татгалзаж байна” гэдэг хариуг албан ёсоор өгчээ. Ингээд Төрийн өмчийн хороотой хамтран есдүгээр сарын 10-нд тус хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Гэвч ажлын хэсгийн нөхөд О.Магнайд баригдахгүй байгаа гэнэ.
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАНА
Хууль бусаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь СӨХ-нуудаас татвар авдаг. Энэ байгууллага иргэдээс 570 сая төгрөгийг СӨХ-доор дамжуулан авчээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2013 оны нэгдүгээр сарын 18-нд тус холбоог шүүхэд өгсөн байснаа долдугаар сарын гурванд эвлэрлийн гэрээ байгуулсан аж. Тус гэрээгээр "Дахиж шалгалт хийхгүй, доошоо хүмүүсээс мөнгө хураахгүй” гэж тохирчээ. Гэтэл тэд эвлэрлийнхээ гэрээ зөрчиж, дахин мөнгө авч эхэлсэн байна. Тиймээс тус холбоог татан буулгахаар дахин шүүхэд ханджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин