|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Цар тахлын эсрэг хилчид хэрхэн ажиллаж байна вэ?

 

Цар тахлын эсрэг хилчид хэрхэн ажиллаж байна вэ?

 

Бид өмнө нь учирч байгаагүй сорилттой нүүр тулав. Цар тахлын тархалтыг бууруулах, зогсооход улс эх орны өмнө хүлээсэн онцгой, нэн хариуцлагатай үүргээ хилчид хэрхэн биелүүлэн ажиллаж байгааг хилийн хоёр боомтоос сурвалжиллаа. Хил хамгаалах байгууллага өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж байна.
Бидний томилолтын эхний чиглэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомт. Өглөөний 08.00 цаг болж боомтын цагийн хуваарийн дагуу хил нээгдэв.Нам гүмхэн байсан боомтод том машины мотор нүргэлж ажил эхэллээ. Боомтын нэг талын урсгалаар нүүрсний, нөгөө талын урсгалаар зэсийн баяжмал ачсан том оврын машинууд дугаарлана .Мэргэжлийн хяналтын байгууллага ариутгал халдваргүйтгэл хийсний дараа нүүрсийг битүүмжлэн хилээр нэвтрүүлж байгаа. Машинуудын дундуур тээврийн хэрэгслийн шалгах манаа хяналт явуулна. Автомашинд хил зөрчигч нуугдсан байж болзошгүй хэсгүүдэд үзлэг хийснээр цааш нэвтрүүлэх аж. Ачаа тээврийн машины жолоочийн баримт бичгийг шалгах манааны кабинд гар ариутгагч гель болон ариутгалын цэнхэр спирт тавигджээ. Гашуунсухайтын шалгагч нарт бодитоор тулгарах нэг эрсдэл нь бусдын баримт бичигтэй биетээр тулж ажиллаж байгаа явдал юм .
 
Гашуунсухайт боомтын дарга, ахмад Д.Ариунболд: ХИЛЧИН ШАЛГАГЧ НАР СОНОР СЭРЭМЖЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
 
-Тусгай горимд шилжин ажилласнаар ямар өөрчлөлт оров?
 
-Манай боомт ачаалал ихтэй ажилладаг.Өнгөрсөн онд тус боомтоор 20.6 сая тонн нүүрс экспортлосон .Энэ нь Монгол Улсын нүүрсний экспортын 60 хувь юм. Засгийн газрын 34 дүгээр тогтоолын дагуу мөн Онцгой комиссын шийдвэр, ХХЕГ-ын даргын тушаалын дагуу хоёрдугаар сарын 1-нээс тусгай горимоор шалгалтыг зохион байгуулж байна. Коронавирусын тархалттай холбогдуулан хязгаарлалт хийгдэж улмаар Ганцмод боомтод ажиллаж, амьдарч, сурч байсан 200 гаруй Монгол иргэнийг хорио дэглэмийн дор гурван удаагийн таталтаар шалган нэвтрүүлсэн.
 
-Хорио дэглэм тогтоосноос хойш улсын хилээр шалган нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо эрс багассан.Тиймээс ачаалал харьцангуй багассан.Хилчид хэзээд хүлээсэн үүрэгтээ үнэнч. Бие, сэтгэл зүйн хувьд байгалийн болон гамшигт ямар ч нөхцөл байдал үүссэн үед хүлээсэн үүрэгтээ үнэнчээр ажиллах ёстой.

-Цаашид нөхцөл байдал энэ байдлаар үргэлжлэхэд боомтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээлтэй, тулгамдаж байгаа асуудал бий юу?
 
Тиймээс ч хилийн Гашуунсухайт боомтын алба хаагчид ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.
 
-Хилчин шалгагч нарын аюулгүй байдлыг хангаж, эрсдэлийг хэрхэн тооцож ажиллаж байна вэ?
 
-Хилчид тэргүүн эгнээнд, эрсдэлтэй бүсэд ажиллаж байна.Бидний өмнө хариуцлагатай цаг мөч тулгараад байгаа.Тиймээс ч халдвар хамгааллын хувцсыг иж бүрнээр өмсөж, хэрэглэж байна.Нэгдүгээрт баримт бичгийн шалгагч өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой.Ингэж гэмээнэ улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, улсын хилээр нэвтрүүлэх юм.Тиймээс ч боомтын алба хаагчид сонор сэрэмжээ хэд дахин өндөрсгөн шалган нэвтрүүлж байна.
Дөрөвдүгээр сарын 11. Биднийг Алтанбулаг боомт руу нэвтрэхэд хашааны гаднаас эхлээд тусгай томилгоот бүлэг хамгаалалтад гарчээ ОХУ-аас зорчин ирэх Монгол Улсын иргэдийг Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрүүлэх, цаашид эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах шийдвэр гарсныг та бүхэн мэднэ. Засгийн газрын тус шийдвэрийн дагуу Алтанбулаг боомтоор тухайн өдөр 282 иргэнийг улсын хилээр нэвтрүүлэх шийдвэр гарсан тул бэлтгэл ажлыг хангажээ.Ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу өглөөний 04.00 цагаас ажил эхэлсэн талаар ярив. Ер нь хилээр явахад анги, салбар, харуулд гаднаас нэвтэрч буй тээврийн хэрэгсэл болон хүнийг ариутгах нь хэвшил болжээ.  Хилийн 0101 дүгээр ангийн хилийн 0338 дугаар салбарын захирагч, ахмад О.Гантулга угтан боомтод мөрдөгдөж буй дэглэм, журмыг нарийн тайлбарлаж өгөв.
 
 
Алтанбулаг боомтод өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор тусгай дэглэм тогтоож, хилийн шалган нэвтрүүлэх албыг тусгай горимоор зохион байгуулж байгаа а .Дээрх дэглэмийг санамсар болгоомжгүйгээр зөрчвөл хариуцлага хүлээхээс гадна тусгаарлагдах зэрэг эрсдэлтэй аж.
 
 
 
Бид сурвалжлах онцгой эрх үүргийн хүрээнд зохих зөвшөөрлийн дагуу улаан бүс рүү нэвтэрсэн юм.Онцгой нөхцөл байдлын үед халдвар хамгааллын дэглэмийг маш чанд сахихын тулд улаан бүсийг тогтоожээ. Өмнө нь бидэнд тулгарч байгаагүй бодит эрсдэл учраас хилийн боомтод тусгай дэглэмийг  ийнхүү тогтоон ажиллаж байгаа нь хилчдэд туршлага болж байна. Асуудал бэрхшээл, гай зовлон хэлж биш хийсэн ирдэг учраас цаашид ийм нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах вэ гэдгээ тодотгож байна гэж хэлж болох.Тус хилийн боомтод тогтоосон ногоон, шар, улаан бүсийн дэглэмийг хэн ч бай нарийн мөрдөх заавартай.Анх уг дэглэмийг үл сахих, үл ойшоох байдал гаргаж байсан гэнэ.
 
Харин байдал одоо голдиролдоо орж жигдэрсэн талаар ангийн захирагч ярилаа.Тэрээр дэглэмийг нарийн чанд сахих нь би, бид, цаашлаад эх орны аюулгүй байдал, эрх ашгийн төлөө учраас хатуу гараар үзэж, чанга дэглэмийг тогтоогоод байгаа талаар ярив.ОХУ-ын талаас Монгол иргэдээ татан авах ажиллагаанд улаан бүсэд тухайн өдөр Шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Ч.Мөнхзолбоогоор ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллаж байлаа. Хилийн 0101 дүгээр ангийн баримт бичгийн шалгагч, ахлах дэслэгч Э.Болдбаатар "Улсынхаа хилийг хамгаалж Монгол Улсынхаа иргэдийг хүлээн авч байна. Хамгаалалтын хувцас хэрэглэлийг бидэнд сайн олгож байгаа.Дулааны улирал эхэлсэн учраас хөлөрч халууцдаг.Гэхдээ бид өмсөх зайлшгүй шаардлагатай шүү дээ.Хилчин шалгагч бид үүргээ сайн гүйцэтгэе, харин та амны хаалтаа сайн зүүгээрэй, хайртай бүхнээ хамтдаа хамгаалъя” гэлээ.
 
Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу хилчид хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, боомтод мөрдөх дэг журмыг сахиулан, хяналт тавин ажиллаж байгаа юм.Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд боомтын доторх дэг журмыг хилчид сахиулах үүрэгтэй.Хилээр орж ирж буй зорчигчдын зүгээс зүй бус үйлдэл, үг хэллэг гарах нь энүүхэнд гэнэ.Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, заналхийлэх нь ч бий аж.Хэт олон хүний бөөгнөрлийн үед нэгнээ турхиран, бухимдлаа илэрхийлсэн тохиолдол ч гарсан байна.Хилчдийн хувьд зөрчил гаргасан энэ мэт иргэдэд хууль, дүрэм танилцуулж, эсэргүүцсэн тохиолдолд хариу арга арга хэмжээ авах эрхтэй юм.Хилийн 0243 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг зарим тохиолдолд хүч хавсарч байгаа аж.Эл өдөр ч хоёр ангийн хилчид үүрэг гүйцэтгэж байв.Хил дээр олон тооны хүн бөөгнөрөл үүсгэх нь бодит эрсдэлийг дагуулж байна.Тиймээс ч тусгай томилгоот бүлгийн хүлээх үүрэг хариуцлага өндөр юм.Гуравдугаар сарын 26-27-ны өдөр тус боомтоор орж ирсэн иргэдээс нэг тохиолдол илэрч эмчлэгдэж байгааг та бүхэн мэднэ.Мөн тус өдөр хилээр орж ирсэн 282 иргэний 14-т нь коронавирус илрээд байгааг энэхүү сурвалжилга буух үеэр мэдээллээ.
 
ХИЛИЙН НААНА, ЦААНА ДЭНСЛЭХ СЭТГҮҮЛЧИЙН БОДОЛ
 
Хилийн зоонд нэвтэрсэн эдгээр иргэдийг аль болох хурдан шуурхай хилээр нэвтрүүлэх гэж тэргүүн фронтод хилчид, хилийн мэргэжлийн хяналтынхан хөлсөө урсган ажиллаж байв.Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага тухайн иргэнээс эхлээд асуумж тандалтыг авна.Халдвар хамгааллын дэглэмийн дагуу тодорхой хугацааны зайтай дараагийн хүнийг нэвтрүүлэх ёстой учраас хөдөлгөөн удааширч хүлээлтийн хугацаа шаардагддаг юм байна.Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэлтэй 12 цагийн турш ажиллах амаргүй болохыг өмсөж үзээд л мэдэрлээ.Хэдийгээр богино хугацаатай өмссөн ч хамаг биеийн хөлс битүү цутгана.Амьсгалын болон зүрх судасны өвчлөлтэй хүн ажиллахад хүндрэлтэй юм билээ.Улаан бүсэд удаан хугацаагаар ажиллах боломжгүй учраас эргээд гарав.Тус бүсэд эцсийн халдваргүйтгэлийг хийн ажиллаж буй Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхний зөвлөмж, зааварчилгааны дагуу хувцас хэрэгслийг шар бүсэд тайлж, ариутгал халдваргүйтгэлд оров.Энэ зуурт Монгол Улсын хилээр иргэд нэвтэрсээр байлаа.
 
Хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу: ХИЛИЙН БООМТОД МӨРДӨГДӨХ ЖУРМЫГ ЧАНГАТГАН АЖИЛЛАЖ БАЙНА
 
-Монгол Улс 282 иргэнээ эх орондоо татан авч байна.Хилчид гардан зохион байгуулж байна шүү дээ?
 
-Монгол Улсын Засгийн газрын 102 тоот тогтоолоор Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд Алтанбулаг-Хиагтын боомтоор татан авсан.Үүнээс хойш өөрийн иргэдийг зохион байгуулалттайгаар татан авахаар засгийн газраас шийдвэрлэсэн.зорчигч болон иргэдийг хилийн боомтоор нэвтрүүлээгүй, хязгаарлалттай байсан. Улсын онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 282 иргэнийг зохион байгуулалттайгаар Алтанбулаг-Хиагтын хилээр татан авлаа.Хилийн мэргэжлийн хяналт, Улсын болон аймгийн онцгой комиссоос бүрэлдэхүүн ирж газар дээр нь хамтран зохион байгуулж байгааг та бүхэн харж байна.Бид аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, нятралыг нэмэгдүүлэхгүйгээр татаж байна.Хилийн боомтод мөрдөх журам, халдвар хамгааллын дэглэмийн тусгай төлөвлөгөө, хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу Хил хамгаалах байгууллага удирдан ажиллаж байгаа.Халдвар хамгааллын дэглэмийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сахиулж байна.
 
-Хилийн боомтод мөрдөгдөх журмыг чангатган ажиллаж байгаа юм байна?
 
-Тийм, үүссэн нөхцөл байдлаас үүдэж хилийн боомтын аюулгүй байдлыг сахиулах зорилгоор ангийн төвөөс болон хилийн салбар, боомтуудын тусгай томилгоот бүлгүүд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.Хилийн боомтод эмх замбараагүй байдал үүсэх, халдвар хамгааллын дэглэм журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж тусгай томилгоот бүлэг ийнхүү ажиллаж байгаа юм.
 
-Цар тахлыг сөрж буй хилчдийн ажиллах нөхцөл сайн хангагдаж чадсан уу?
 
-Хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын халдвар хамгааллын дэглэмийг стандартын түвшинд зохион байгуулж байна.Улаан бүсэд ажиллаж байгаа хил, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид бүрэн комбинзон хувцастай.Шар болон ногоон бүсэд ажиллаж байгаа алба хаагчид тухайн бүсэд мөрдөх журмын дагуу ажиллаж байгаа.Халдвар хамгааллын чангатгасан дэглэмээр бид ажиллаж байна.
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler