|
Видео

Шинэ мэдээ

Монголчууд коронавирустэй тэмцэх явцдаа шинэ соёлд суралцаж байна

Монголчууд коронавирустэй тэмцэх явцдаа шинэ соёлд суралцаж байна

 

КОРОНАВИРУС ДЭЛХИЙН УЛС ОРНЫ 90 ХУВИЙГ ХАМАРЧЭЭ

Өмнө нь дэлхийн аль ч оронд бүртгэгдэж байгаагүй цар тахал гэж нэрлэгдэх коронавирусийн(COVID-19)халдвараар олон зуун мянган хүн өвчилж, нөхцөл байдал хүнд төвшинд байна. Эрүүл мэндийн салбараар мэргэшсэн орнууд ч энэхүү вирусийн өмнө арга мухардаж, түүний эсрэг вакцин гаргахад 12-15 сар шаардлагатай гэсэн товыг гаргав. Анхны тохиолдол бүртгэгдсэн Хятадын Вухан мужийн эмч нар халдварын тархалтыг намдаасан ч, анагаах ухааны үүднээс эмчлэх бүрэн хэмжээний эмчилгээ болон, вакциныг бэлэн болгож амжаагүй. Азид үүссэн энэ цар тахал Солонгосоор дамжин Европ болон Африкийн орнуудыг нөмөрч эхлэв. Коронавирус дэлхийн нийт орны 90 орчим хувийг хамарчээ. Хамгийн харамсалтай жишээ бол арав хүрэхгүй хоногийн өмнө Италид нэг өдрийн дотор 600 гаран хүн коронавирусийн улмаас амиа алдаж байсан. Харин өдөр ирэх тусам энэ тоо нэмэгдэж, 24 цагийн дотор 800 орчим хүн нас барах болов. Сүүлийн үеийн мэдээллээр Итали, Испани, Герман зэрэг орнуудад өвчлөл өндөр байгаа бол Хятадад шинээр нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж./2020.03.21 байдлаар/Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 336мянга хүрч, нас барагсдын тоо 14 мянга хол даваад буй энэ үед улс орон бүр хариуцлагатай арга хэмжээ авч, дор бүрнээ аюулт цар дахлаас сэргийлэх онцгой байдалд буюу хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Манай улсад гуравдугаар сарын 10-ны өдөр Франц улсын иргэн тус халдварын вирусийг зөөвөрлөн авч ирснээс хойш нийт 10 тохиолдол бүртгэгджээ. БНСУ болон ХБНГУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос халдвар илэрсэн нь батлагдаж, хамт ирсэн 193 иргэнийг тусгаарлаад байна.


МАНАЙ УЛС КОРОНАВИРУСЭЭС СЭРГИЙЛЖ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВАВ

Манай улс коронавирусийн халдвар иргэдийн дунд тархахаас сэргийлж чухал арга хэмжээнүүдийг цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна. Үүнд, галт тэрэг болон олон улсын нислэгийг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан. Олон нийтийг хамарсан урлаг соёлын болон спортын арга хэмжээнүүдийг бүгдийг нь цуцалсан. Олон хүн нэг дор цуглах уулзалт, хурал, тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг мөн адил хугацаанд зогсоож, теле хичээл болон цахим сургалтыг нэвтрүүлж эхэлсэн. Нийтийн тээвэр болон нийтийн гудамж талбайг зориулалтын бодисоор цэвэрлэж, ариутгал хийж эхэлсэн. Онлайнаар ажиллах боломжтой хүмүүсийг гэрээс нь ажиллуулж эхэлсэн. Банк болон бусад үйлчилгээний байгууллагуудыг богино цагийн хуваарьт шилжүүлсэн. Бүх шатны үйлчилгээний байгууллагыг зөвхөн амны хаалттай хүнд үйлчлэх журам гаргасан. Зочид буудал, шөнийн цэнгээний газар, саун массажны газар, шашны байгууллагуудыг тодорхой хугацаанд хаасан. Кино театр болон үзвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласан гэх мэт шийдвэрүүдийг гаргажээ. Харин том худалдааны захууд, сүлжээ дэлгүүр, банк, санхүүгийн байгууллага, төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн орон нутгийн нислэг, галт тэрэг,


МОНГОЛЧУУД АМНЫ ХААЛТ ХЭРЭГЛЭЖ, ГАРАА АРИУТГАЖ СУРАВ

Амны хаалт зүү, гараа савандаж угаа, халуун ус тогтмол уу гэсэн зөвлөмжийг өдөр бүр телевиз, сонин, олон нийтийн сүлжээгээр иргэдэд уриалж байна. Коронавирусээс сэргийлэх хамгийн чухал алхам бол ариун цэврийг сахих. Тиймдээ ч өдөрт 5-6 удаа гараа савандаж угаа. Ингэхдээ бүр 15-20 секундын турш савандах зөвлөмжийг ДЭМБ-аас өгсөн. Гараа угаасны дараа заавал санитасаар ариутгах. Гэрээ чийгтэй цэвэрлэгээ хийх. Мөн олон нийтийн газраар явахдаа амны хаалт байнга зүүх. Хоёр цаг тутамд амны хаалтаа солих. Бохир амны хаалтаа зориулалтын хогийн саванд хаях. Хэрэв онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх зэрэг зөвлөмжүүдийг бид бараг л цээжилсэн гэхэд болно. Үргэлж л зөрүүд, хүний үг авдаггүй гэх шүүмжлэлийг дагуулж явдаг монголчууд маань энэ удаад харин ч нэг хариуцлагатай гэдгээ харуулав. Автобусанд амны хаалтгүй хүн байхыг хамгийн сүүлд хэзээ харснаа санахгүй байна. Гадуур яваа залуус болон ахмад настан бүгд амны хаалт зүүж сурчээ. Бүх оффис, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн өрөөнд гар угаах саван болон ариутгалын шингэн харагддаг болж. Худалдааны төв, дэлгүүрүүд хоёр цаг тутам чийгтэй цэвэрлэгээ хийж байна. Иргэд гэртээ нойтон цэвэрлэгээ хийж, агаар сэлгэж байгаагаа зурагжуулан, олон нийтийн сүлжээнд нийтэлж, бусдыгаа уриалж байна. Хоорондоо гар барилгүй тохойгоороо мэндчилнэ гэхэд анх итгэж өгөхгүй байв. Харин одоо ажлын хамтрагчид гар барих нь битгий хэл хамтдаа өдрийн хоол идэхээс татгалзаж байна. Иргэд бэлэн мөнгөнөөс татгалзаж, цахимаар шилжүүлэг хийхийг илүүд үздэг болов. Хоолоо ресторанд очиж биш захиалж, эсвэл гэрээсээ авчирч иддэг болов. Гаднаас орж ирсэн нэгийгээ гараа угаахыг шаардаж, нэгэндээ маск, санитас бэлэглэх трэнд гарав. Дор бүрнээ хичээж байгааг харах сайхан байна. Монголчууд аюулт дахлаас дор бүрнээ хичээж байна. Хариуцлагаа сулруулалгүй улам илүү хариуцлагатай байхыг уриалж байна.

М.Дэлгэрэх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler