| |
Хорио цээрийн дэглэмийг долоо хоногоор сунгаж магадгүй
Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, Франц улсын иргэнээс корона вирусийн халдвар илэрсэн учир Улаанбаатар хот болон орон нутгийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны даваа гарагийн 07 цаг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан.
Энэхүү шийдвэрийг дахин сунгах эсэх талаар УОК-оос албан ёсны шийдвэр гараагүй байгаа хэдий ч хэд хэдэн үндэслэлээр долоо хоногоор сунгаж магадгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Франц улсын иргэнтэй 1-р зэргийн хавьталттай иргэдийн шинжилгээний хариу "сөрөг”, "халдваргүй” гэж гарч байгаа ч энэхүү вирусийн халдварын нууц үе 14 хоног үргэлжилдэг тул иргэдийг дахин шинжлэх, ДЭМБ-ын заасан хугацаанд ажиглах, хяналтад байлгах шаардлага үүсэж байгаа нь хөл хориог долоо хоногоор сунгах хамгийн том шалтгаан болж байгаа бололтой
Мөн зарим төрийн байгууллагууд ажилчдаа 14 хоногийн хугацаатай, цалинтай чөлөө олгоод байгаа нь дээрх мэдээллийг улам баталж байна хэмээн үзэх үндэс байна.
Тодруулж хэлбэл, франц иргэн гуравдугаар сарын 7-ноос эхлэн халуурч эхэлсэн ба олон улсын туршлагаар вирусийн илрэх нууц үе 14 хоног үргэлжилж байгаа тул хөл хориог дахин долоо хоногоор сунгаж, гуравдугаар сарын 23-нд цуцлах магадлал өндөр байгаа аж.
Эх сурвалжийн энэхүү мэдээлэл баттай эсэх нь УОК-ын хэвлэлийн хурлаар баталгаажина. УОК-ын 12 дахь хуралдаан хэзээ болохыг манай сайт уншигч, үзэгчдэд тухайн үед нь шуурхай мэдээлэх болно.
livetv.mn