| |
Монголчуудын эрүүл мэндэд заналхийлсэн “Remax“ компанийн удирдлагуудад хариуцлага тооц
ЭМЯ-аас өчигдөр өгсөн мэдээллээр дэлхийн 99 оронд коронавирусийн халдвар тархаад байна. Энэ бол коронавирусийн халдвар ямар хурдтай тахраж байгаагийн илрэл. ЭМЯ-аас, төр засгаас уриалга гаргаж, гадаад орнууд руу, тэр дундаа өвчлөл гарсан бүс рүү явахгүй байхыг үргэлж сануулж, урилсаар байгаа билээ. Гэвч манай иргэд өвчлөл гарсан бүс рүү байнга зорчиж, хүндрэл учруулсаар байгаа тухай өчигдөр ЭМЯ-аас мэдээллээ.
Тухайлбал, хоёрдугаар сарын 23-28 хооронд АНУ-ын Лас Вегас хотод болсон 60 гаруй орны 6000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсаас "Remax" компанийн 24 хүн оролцжээ. Өвчлөл гарсан бүс рүү явахгүй байхыг анхааруулаад байхад л тэд явсан. АНУ-д аль хэдийнэ өвчлөл гарчихсан. Калифорниа муж бүр онц байдал тогтоочихсон байгаа. Невада мужид гайгүй байсан гэж тэд өөрсдийгөө өмөөрч болох байх.
Гэтэл Лас Вегас хотод болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд оролцсон Канадын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Манай улсын иргэд энэ сарын 3-5-ны буцаж ирэхэд нь тусгаарлалтад авсан юм билээ. Гэхдээ 16 хүнийг. Үлдсэн 8 нь өнөөдрөөс эх орондоо ирэх аж. Хамгийн ноцтой нь эх орондоо ирсэн 16 хүн Лас Вегаст форумд оролцсон гэдгээ хэлээгүйд учир байгаа юм. Канадаас л танай улсын 24 иргэн форумд оролцсон. Тэр форумд оролцсон манай нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэж мэдэгдэл ирүүлэхэд нь л манайхан мэдсэн юм билээ.
Ийм хариуцлагагүй байж болох уу даа. Энэ бол монголчуудын эрүүл мэндэд заналхийлсэн, коранавирусийн халдвараас сэргийлэхийн төлөө ажиллаж байгаа Засгийн газрын эсрэг "дайсагнасан" үйлдэл. Сүржигнээд байна гэж хүлээж авах хүн эрхбиш байхгүй байлгүй дээ. Нэгдүгээрт, өвчлөл гарсан бүс нутаг руу битгий яваач гэдэг зөвлөгөө, сануулгыг тэд огт тоосонгүй. Тэгээд бүр 6000 хүн нэг дор цугларсан хурал руу явж л байдаг. Олон хүн цуглах тусмаа эрсдэл өндөр байна гээд байхад л тоогоогүй явлаа. "Remax" компанийн удирдлагууд "Манай ажилчид ирсэн даруйдаа тусгаарлалтад орсон" гэсэн утгатай мэдэгдэл гаргасан гэсэн. Тусгаарлалтад орох нь мэдээж, түүнийгээ гавьяа гэж бодож байгаа бол ёстой хэлэх үг алга.
Орох нь тэдний үүрэг. Тусгаарлалтад орох нь битгий хэл хуралд явахгүй байх нь тэдний үүрэг байсан. Нэг компанийн хуралд оролцох асуудал нийт монголчуудын эрүүл мэндээс хямдхан байх уу. Тэд нэгэнт л өвчтэй хүнтэй хавьталд ороод ирсэн бол хэдийгээр тусгаарласан ч гэсэн маш өндөр аюултай гэсэн үг. Хамт онгоцонд ирсэн хүмүүсээс авахуулаад ойр хавьд нь ойртсон бүх хүн аюулд орсон.
Хоёрдугаарт, форумд оролцсон гэдгээ нууж байгаа нь өөрөө асуудал. Тэднийг эхнээс нь л илүү аюултай гэж үзэж, ХӨСҮТ-д бүр нэг нэгээр нь тусгаарлах ёстой байсан. Гадаадаас танай хүмүүс форумд оролцсон гэдэг албан мэдэгдэл ирсний дараа ХӨСҮТ-д ажиглалтад авч байгаа нь түүнээс өмнө халдвар тархах магадлалыг нэмчихэж байгаа хэрэг. Хуралд оролцсон хүмүүсийг шууд халдвартай гэж хэлэх гээгүй шүү. Эрсдэл маш өндөртэй учраас халдвар тархах магадлалыг орхигдуулж болохгүй гэдэг утгаар нь л хэллээ. Тэдний гаргасан хоёр үйлдэл хоёулаа үндэстний эрх ашгийн эсрэг үйлдэл. Тиймээс ажилчдаа хуралд оролцуулсан "Remax" компанийн удирдлагуудад тодорхой хэмжээний хариуцлага тооцох ёстой. Бид одоо л хатуухан сэргийлж ажиллахгүй бол халдвар нэгэнт тархчихвал гарз хохирол нь нэг хурлын үнэ цэнэтэй зүйрлэх аргагүй.