| |
Цахим цагаан сар айсуй: Монголчуудаас "хариуцлага" шаардаж байна
Учир нь шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо урд хөршид 70 мянга хол давж, 1700 гаруй хүн нас бараад байна. Мөн дэлхийн 26 оронд халдвар тархсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдсон нь монголчууд биднээс илүү хариуцлага шаардаж байна. Энэ үед төр, засгаас шуурхай арга хэмжээ авч орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж нэгдсэн удирдлагаар ажиллаж буй. Гэвч иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг ЭМЯ-наас мэдэгдсэн. Нийслэлийнхэн эхэн үеэ бодвол маскаа зүүж, нус цэрээ гудамж талбайд хаяхгүй байх тал дээр суралцаж байна.
-Гудамжинд нус, цэрээ хаясан 200 гаруй иргэнийг торгожээ-
Нийслэлийн засаг даргын захирамж гарч, гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэний торгохоор тогтсон. Нэг талаар коронавирусийн тархалтаас шалтгаалан онцгой дэглэм тогтоосонтой, нөгөө талаар хөрс орчны бохирдолтой холбоотойгоор ийм захирамж гаргасан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 200 гаруй иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 10000 төгрөгөөр торгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу, хяналт тавин ажиллаж байгааг анхаарах хэрэгтэй.
-Эмнэлгүүдэд онц байдалд ашиглах 315 ор бэлдэв-
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн 132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилсэн. Үүний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэнээс шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь Улаанбаатар-Токио чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг иргэнийг орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байгаа аж. Түүнчлэн болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, УНТЭ-т 65 ор бэлдэж, шаардлагатай тохиолдолд Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийх бэлтгэлийг хэдийнээ хангажээ.
-Цахимаар золголтоо хийнэ-
Монголчууд хошин шогийн мэдрэмжтэй улс сошиалд сар шинийг тэмдэглэхгүй гэх яриа гарсан даруйд цахимаар золгоно, бэлгээ мобайлдаарай хэмээсэн. Тэгвэл манай улсын Ерөнхийлөгч цагаан сарыг цахимаар шинэлэхийг уриалав. Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргасан. Тэгвэл төрийн тэргүүн Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалгыг дахин гаргалаа. Уриалгадаа "Коронавирусын халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Тиймээс настан буурлуудаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалав.
-Айл, өрхүүдэд дроноор хяналт тавихгүй-
Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас "Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллага дроноор хянахаар болжээ. Мөн ахмад настнууд сар шинийн өдрүүдэд гэр хорооллын гудамж, хотын төвийн хэсгүүдэд явган эргүүл хийх бөгөөд иргэдийг айл хэсч золголт хийхгүй байхыг уриалах, амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөх ажлыг хийх юм байна" гэсэн мэдээлэл худал болохыг мэдэгдлээ.
-Гэр бүлийнхээ хүрээнд ч цагаан сараа тэмдэглэх нь эрүүл мэндэд халтай-
Цагаан сарын баяраар аав, ээж, ахмад настангуудаараа золгоод ах, эгч, дүүсийнхээрээ орж золгодог уламжлалттай. Тэгвэл коронавирусийн халдварын дэгдэлт их байгааг энэ цаг үед ийн золгох нь таны эрүүл мэндийг эрсдэлт оруулна гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Коронавирусийн халдварын тархалт ингэж эрчимтэй нэмэгдэж байхад бид олноороо цуглаж, өөрсдийгөө эрсдэлд оруулж болохгүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх хэрэггүй юм. Эрүүл саруул байвал бид олон цагаан сар тэмдэглэнэ. Хэрэв энэ халдвар Монгол Улсад гарвал манай эрүүл мэндийн салбар дийлэх үү? Манай улсын эрүүл мэндийн системийн хэмжээнд хэчнээн сэхээн амьдруулах ор, амьсгалуулах аппаратын хангамжтай билээ.БНХАУ бол маш хурдацтай арга хэмжээнүүдийг авч байгаа ч тархах чадвар нь өндөр байна. Хүнээс хүнд халдварладаг болохоор коронавирусийн тархалт буурах болоогүй. Өвчтэй хүний ард халдвар авсан байх магадлалтай хүний тоо маш олон хүн байгаа. Коронавирусийн хувьд хамгийн харамсалтай нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхээсээ өмнө бусдад халдвараа тарааж байна. Дэлхийн эрдэмтдийн хийж байгаа дүгнэлт бол тархалтыг зогсоох явдлыг БНХАУ алдчихлаа. Хятадын Засгийн газрын хамгийн том алдаа нь цагаан сараа тэмдэглэсэн нь хурдацтай тархахад хүргэлээ хэмээн олон улсын эрдэмтэд дүгнэж байна. Одоо харин тархалтыг бууруулахын төлөө нэгдэх хэрэгтэй гэжээ. "Оном” сангийн эрдэмтдийн багийнхан гэр бүлийн түвшинд цагаан сарыг тэмдэглэж болохгүй. Энэ нь цаашаа даамжирах магадлал өндөр хэмээсэн.