|
Видео

Шинэ мэдээ

Бурхан ба үрэл

Аль ч газрын сүм хийд, лам хуврагууд хүн төрөлхтөнд тохиолдсон гай зовлонг арилгахын төлөөнөө залбирдаг. Жишээлэхэд, Америкийн ерөнхийлөгч гамшигт автсан хэн нэгний төлөө залбирч байгааг дэлхий даяараа харж санаа нэгдэн, хүндэтгэнэ. Тэд Загалмайд цовдлуулсан Иусусын баримлын өмнө андгай өргөж, Христийн судраар гэрч болгон тангараг тавьдаг. Хэн ч үл гайхна.

Ийм л жишгээр, эртүүдхэн Австралид дэгдсэн их түймэр намжин, олон амьтан аврагдахын төлөө Монголын лам нар залбиран уншлага үйлдэв. Гэтэл бүгдээрээ, шоолов. Тэнд нь Гадаад харилцааны Яамны ч билүү ажилтан очиж, найрсаг харилцаат Австралийн төлөөнөө хамт залбирсан биш бараг л жигшигдэв. Яагаад?

Загалмайн ёсоор залбирах нь соёл, харин Буддын ёсоор мөргөх нь хоцрогдол гэж үзэж байна уу? Эсвэл манай лам нар хуурдаг, тэдний хуврагууд бол үнэний ортой юм ярьдаг хэрэг үү?

Тохиолдлоор л тэгж таарсан байх л даа, лам нарын уншлага залбирлын дараахнаар Австралийн түймэр намжиж, бороо хуртай үе эхлэв. Гэвч Буддын шашныхан үүнийг ямар нэг сурталчилгаа болгож ашигласангүй. Сайрхал омтгойрол нь буяныг түймэрддэг гэж үздэг тэр л суртлаараа хандав.

Төвдийн төвд, Энэтхэгийн төвд, Хятадын төвд голдуу хуврагууд, рэнбүүчи нар сүсэгтнүүддээ аравнайлсан үрэл тараадгийг манайхан мэднэ. Дарамсала явж Далай багшид мөргөсөн улсын авчирдаг юм нь ч тэрхүү ариун үрэл. Болж өгвөл, бүүр Далай ламын өөрийнх нь өгсөн үрлээс нэгийг хүртчих санаатан олон байдаг нь нууц биш. Муухай ч юм биш. Тийм санаагүй нэг нь ч гэсэн үрлийг адлаж, эргэлзэж ер сүржигнэхгүй.

Ийм л учир номоор манай Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд аравнайлсан үрэл тарааж, ханиад томууны цочролд орсон сүсэгтнүүдийнхээ сэтгэлийг засах юм ярив. Бас л бүгдээрээ шоолов.Яагаад?

Гадаадын Буддистуудын үрэлд бурханы хүч шингээд, манай ламын нарын бүтээл шүншиг оршиж өгөхгүй байгаа хэрэг үү? Яагаад, Загалмай мөргөлтний зан үйлийг хүний ёс мэтээр хараад, Буддын ёслолыг хоцрогдол мэтээр үзээд байна вэ? 

ххх

Эргэлзээнийхээ араас хамтдаа эргэцүүлцгээе. Юуны өмнө, ХХ зууны коммунист суртал нэвтрүүлгийн ул мөр хэвээрээ байгаад их учир байна. Хүний амьдралын үе солигдчихоод байхад үзэл санаа удамшаад байдаг сонин шүү. 

Зөвлөлтийн суртал нэвтрүүлгийн гол зорилго нь СССР-ийн дагуул болохоос өмнө Монголд байсан бүхнийг "нохойн баас” болгох явдал. Энэхүү "нохойн баас”-ны ангилалд Чингис хаанаас эхлээд Монгол төрийн уламжлал, алтан ургийнхан, шарын шашин, үндэсний ёс заншил, ерөөсөө биднийг Монгол болгож байсан бүхэн багтсан юм. Цаад зорилго нь хувьсгалт хүчирхийлэл, аллага хядлагыг зөвтгөх: Большевикүүдийн гарт хэлмэгдэн буудуулж байгаа нь, өмч хөрөнгөө дээрэмдүүлж байгаа нь, сүм хийдээ түймэрдүүлж байгаа нь лам нарт шулуулж, Манжид талхиулж байснаас хамаагүй дээр юм гэж зөвшөөрөх. 

Улмаар нүүдэлчин амьдралаас хамааралтай бохир заваан байдал, бүдүүлэгдүү аж төрлийг нь Буддизм нэвтэрснээс үүдсэн болгон сурталчилж эхлэв. Бараг л дундад зууны малчин монголчууд өглөө бүр шүдээ цэвэрлэж, орой болгон усанд орж, цаг тутамд нүүр гараа угаадаг байсныг нь шарын шашны лам нар хориглоод болиулчихсан бололтой юм аа.

Харин ХХ зууны социалист хотшил, соёлын довтолгооны үрээр бий болсон ариун цэврийн хувьсгалыг Бурханы шашнаа устгасны буян байдлаар ойлгуулжээ. Малчин ардууд "За хө, нэгэнт Бурхан шүтэхээ больсноос хойш одоо гараа угаана аа” гээд л савандаад эхэлсэн юм даг уу?

Гэтэл, амьдралын үнэн бол арай өөр. Шарын шашинд орохоос бүүр өмнө ч усанд орох, угааль үйлдэх нь амь насанд халгаатай юмны нэг байжээ. Чингис хаан маань хүртэл голын усанд орвол лус савдаг бузарласан зүйл ангиар толгойг нь авчихдаг байсан гэдэг байх аа. 

Ер нь бол, Бурханы шашин нь эмнэлэг ариун цэврийн дэг ёсон гэхээсээ хүний сэтгэлийг ариусгах номлол учраас гол зорилгодоо л анхаарлаа хандуулж ирсэн шиг байгаа юм. Гэхдээ л, номлолын орчин болон номлогч лам нарыг орчин цэвэр цэмцгэр, ариун тунгалаг байх учиртайг Буддын ном сударт олонтаа сануулсан байдаг юм билээ. 

Нүүрээ угаадаггүй, бөөстэй, халуун усанд ордоггүй өвөг дээдэс маань

-Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн хоймор хоёрын ялгал бий л бил үү?

Үйл нь ирээд үхэхийн цагт

Хөгшин болоод залуугийн ялгал бий л билүү? Хэмээн хэлэлцдэг байж.

Найрлан суухдаа хүртэл,

-Уяхан замбуутивийн наран хорвоогийн хамаг амьтны сайн муугийн ялгал үгүй гийгүүлдэг тухай дуулан суудаг байсан ажгуу. Ариун цэврийн хувьд ахиагүй ч амьдралын утга учрыг гэгээрэн таньж явжээ.

ххх

Дэлхийг эзэлж явсан Монголчуудыг номхон хүлцэнгүй болгож хаясан гэдэг зэмлэлийг Марксистууд анх сэдэж Буддизм дээр тохсон юм. Зөвлөлтүүдийн номлосноор бол дайчин зоригт монголчууд шашин шүтдэг болоод Манжид дагаар орсэн гэнэ. Манж цэргийг алах гэхээр хайрлаад, зүрх нь хүрэхгүй байсаар эзлэгдсэн гэж л ойлгуулсан байдаг. Үнэн хэрэгтээ түүх хэрхэн өрнөснийг энд нуршаад яах вэ. 

Харин, яагаад ч юм бэ, большевикүүд "бурхан муухай” гэж хэлэхээр нь манайхан гэнэт ухаараад, ардын хувьсгал хийгээд, гаминг ч нэг хөөгөөд, цагаантныг ч бас дараад, улмаар Богдыгоо "цааш харуулж”, сүм хийдээ нураагаад, сая нэг улс шиг улс болсон болтой юм даг уу? (Өмнөхөн нь шашны тэргүүнээрээ удирдуулан хувьсгал хийж, тусгаар тогтнолоо сэргээсэн энэ тэр энд огт хамаагүй) Монголчуудыг "марксизм аварсан” гэдэг суртал нэвтрүүлгийн төлөөсөнд Буддизм ийнхүү өртсөн хэрэг. Марксизмаар авруулсан болохын тулд хэн нэгэнд өмнө нь сүйдлүүлсэн байх хэрэгтэйеэ дээ. Тэр сүйдлэгчээр нь Бурханы шашныг сонгож.

Түүхчид галт зэвсэг гарч, далайг эзэмшснээр морьтон баатруудын эрин үе дууссан гэж хэлдэг. Эрин үеэ дуусч байгааг харсан Монголчууд үндэстнийхээ цөмийг авран үлдээх арга чарга, аврал хайж шашин дэлгэрүүлсэн байдаг. Нэгэнт үе нь өнгөрсөн талын баатруудад номхон бус байх, хүсснээрээ догшрох ямар ч боломж дахин гараагүй юм. Орос, хятадын дунд хавчуулагдсан, хагас сая хүрэхгүй тооны нүүдэлчид догшроод ч яалаа, байгаад ч яалаа, тийм ээ? 

Дашрамд тэмдэглэхэд, аливаа шашин аллагыг буруушаадаг. Хүлцэн ойлгож, эвсэн найрсахыг, тулалдахаасаа өмнө учир явдлыг тунгаахыг уриалдаг. Энэнээс болоод сөнөж сүйрсэн, эх орноо хамгаалахаа больчихсан үндэстэн үгүй. Жишээлэхэд Иусус Христос "Баруун хацрыг чинь алгадвал зүүн хацраа тавьж өг” хэмээн сургасан гэдэг. Өнөөдөр барууны загалмайтнууд баруун, зүүнгүй алгадуулаад сууж байна уу, яаж байна, харчих хэрэгтэй. Тэр мэтчлэн Бурханы шашинт монголчууд, ахуй орчноосоо болоод ч бөөсөө алж амжаагүй ч хонио алж идсээр л ирсэн байгаа юм.

ххх

Судлаачдын үзэж байгаагаар Бурханы шашин нь эв нэгдэл, харилцан хүлцлийг номлодог учраас дэлгэрсэн газрынхаа унаган ёс, зан заншлыг үгүйсгэхийн оронд эвлэлдэн зохирох нь олонтаа гэнэ. 

Жишээлэхэд, нүүдэлчдийг тариачин болгох,эсвэл тариачдыг нүүлгэж сургах, бүүр байчихаад төвд хүнийг энэтхэг маягаар амьдруулах нь Буддын шашны зорилго биш. Харин амьдарч байгаа орчин, амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр оршихуйн мөн чанарыг таних, сэтгэл санаа, оюун бодлоор төгөлдөршин гэгээрэх нь чухал. Сарлаг хариулж, тэмээн жин хөтөлсөн хэвээрээ хүсэл шуналаас ангижрах.

Тэр ч байтугаа төрийг эрхийг ард түмэнд өгөх,  эсвэл баян чинээлэг хэсгийн хөрөнгийг хурааж буяны үйлсэд ашиглахыг уриалдаггүй. Төр ёсоо хадгалж, хууль цаазаа дээдлэн, хаан нь ордондоо, харц нь урцандаа гэгээрэн боловсорч, "чинадад” хүрч болохыг номлодог учраас Бурханы шашин олон газрын төрийн тогтолцоо амьдралын хэвшлийг хөндөхгүйгээр дэлгэрч чадсан гэдэг.

Манай уул овоо тахих бөөгийн ёс нь шарын шашны нэг хэсэг болоод газар лусын эздийг хүндлэн хүлцэж, зэрэгцэн орших үзэл санаа болон хөгжиж. Бурханы шашин "эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” учраас лус савдаг, уул усны эздийн тусын тулд байж болохгүй нь юусан. Хүн хүнээ хайрлана, хүн бас амьд бүгдийг энэрнэ, амьд бүгдээс гадна нүдэнд үл харагдан орших тийм оршихуйг ч зөвшөөрөн хүндлэнэ гэсэн үзэл. 

Харин энэхүү үзэл баримтлалыг өөрт ашигтайгаар хувирган "далд ертөнцийн тусгай төлөөлөгч”, "лус савдгийн хэлмэрч орчуулагч” гэдэгтээ итгүүлэн, төлбөртэй үйлчилгээ үзүүлэгчийн асуудал бол жичдээ зүйл анги.

Шарын шашны энэхүү хүлцэл нь нутаг нутгийн онцлогоос болоод заримдаа уламжлалынх хэсэг болно. Заримдаа уламжлал нь шашныхаа нэг хэсэг төдийгээр үлддэг ч юм уу. Энэ харьцаанаас хамаараад зарим газар уул усыг Буддист маягаар шүтэж байхад, нөгөө газарт Буддизмыг уул усыг шүтэх аргаар дагаж байх жишээтэй. 

Харин Монгол, Төвдийн буддизмд аль тал нь давамгайлсныг та бүхэн өөрийнхөөрөө болгоох биз ээ?

ххх

Харин Загалмайн шашин Монголд дэлгэрээгүй учраас Зөвлөлтийн суртал нэвтрүүлгээс аврагдаж үлдсэн юм. Өөрөөр хэлбэл, Монголчуудын нүүрээ угаадаггүй, усанд ордоггүй, нүүдэлчний бүдүүлэг хэвшилтэй байсанд Ертөнцийн эзнийг буруутгах бололцоо большевикүүдэд гарсангүй. Учир нь Загалмайн мөргөл тал нутагт нэвтэрч байсан ч гэсэн Шарын шашин шигээр нэвчин үлдээгүй. Ийм учраас коммунист мөрдлөгөд өртсөнгүй. 

Улмаар, манай түүхнээ загалмайтныг буруутгасан уламжлал угаасаа байсангүй. Ван хааныг нестор мөргөлтөн байснаасаа болоод ялагдсан мэтээр гөрдөхгүй л бол. Чингис хаан нь шашин бүхнийг хүлцэн хүндэлдэг байсан учраас тэр.

Чухам эндээс л өнөөгийн зарим монгол хүний санаанд байгаа Христийн зан үйл нь хүн төрөлхний соёл, харин Буддизм бол хоцрогдлын илэрхийлэл гэсэн далд ухамсрын зөн үлдсэн байх. Уг нь Буддизм, Загалмай аль алин нь хүн төрөлхтний соёл л юм. Лам нарын тараадаг үрэл, Загалмайн санваартнуудын хүртээдэг адис алин ч ялгаагүй сэтгэл засал, итгэл эмчилгээ, шашных нь соёлын нэг хэсэг.

Харин дээр өгүүлсэн учир шалтгааны улмаас л Америкчууд Ертөнцийн эзэндээ залбирч байвал соёл, харин Гандан хийдийн лам нар залбирвал соёлгүй байдлын илрэл мэтээр харагдаад байгаа болов уу?

Нийтлэлч Цэнддоо



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.