|
Видео

Шинэ мэдээ

Олборлох салбарын компаниуд: Хэн нь хэн бэ?

 

Олборлох салбарын компаниуд: Хэн нь хэн бэ?

Газар тариалангийн салбарт өмнөх нийгмийн үед тариаланч гэж трактор, комбайн дээр өөрийн биеэр ажилладаг хүмүүсийг хэлдэг байсан бол өнөөдөр зөвхөн компанийн захирлуудыг нь тэгэж нэрлэдэг болжээ. Уг салбараас гавьяат төрж, одон медаль зүүж байгаа болон хэвлэл мэдээллээр магтуулж байгаа хүмүүсийг харахад дандаа захирлууд байна. Тэд бараг бүх тохиолдолд компанийхаа эзэд буюу өмчлөгчид байдаг. Харин ашигт малтмалын салбарт эсрэгээрээ, эзэд байтугай захирлууд нь болж л өгвөл нуугдчих гээд байдаг. Эсвэл нэр нь тодорхой ч олдож өгдөггүй.

 

Олон нийт яагаад уул уурхайн компанийн эздийг мэдэхийг хүсдэг вэ? Уул уурхайн бизнесийг хэрхэн явуулж ямар ашиг олж байгаа нь компаниудын дотоод хэрэг мэт боловч ухаж байгаа баялаг нь "төрийн нийтийн өмч”, тэр нь нөхөн сэргээгдэхгүй учраас татвараа зөв төлж байна гэдэгт итгэхийн тулд. Бас уул уурхай бол газар орныг эзэлж эвддэг, усыг соруулж аваад бохирдуулдаг учраас нөхөн сэргээлгэх, хэрвээ тэгээгүй байвал хариуцлага нэхэхийн тулд. Нөгөө талаа нь харвал уул уурхайн компанийн эзэд тусгай зөвшөөрлөө авлигалгүйгээр авсан, ашгаа зувчуулаагүй, эвдсэн газраа хайрлаж сэргээдэг бол үл үзэгдэгч байх үндэсгүй билээ.

 

Бид нэлээд хэдэн жил хэлэлцэж мэтгэлцсэний үр дүнд тийм хүмүүсийг нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, бенефициар өмчлөгч хэмээн томъёолж хэд хэдэн хууль журманд оруулсан. Оруулаад зогсохгүй төрийн зарим байгууллага хоёр жилийн өмнөөс бүртгэж эхэлсэн юм. Гэвч үр дүн тааруу байна. 2019 оны 12-р сарын байдлаар ашиг малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хоёр мянгаад компанийн дөнгөж 20 хувь буюу 436 нь эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд мэдүүлжээ. Харин Татварын ерөнхий газарт бүртгүүлсэн компанийн тоо арай илүү –  547. Бас эцсийн өмчлөгчийн өөрчлөлтийг мэдүүлэх үүргээ компаниуд бараг биелүүлдэггүй. Мөн тусгай зөвшөөрлийн асуудлаар "эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд”-ийг Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлдэг журамтай ч хэрэгжилт нь тодорхой биш. Дээрх тоонууд ба дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бэлтгэсэн танилцуулгаас  авлаа.

 

Манайд зөв бурууг нь хэлэхэд хэцүү нэг зуршил байна. Хуулийг хэрэгжүүлж чадахгүй болохоороо өөрчилдөг, ингэхдээ хамгийн түрүүнд хугацааг сунгачихдаг. 2019 онд 3-р сард батлагдсан Татварын ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлтөөр 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн шинээр бүртгүүлж байгаа компаниуд эцсийн өмчлөгчөө заавал мэдээлэх, харин өмнө нь компаниа бүртгүүлсэн бол өмчлөгчээ энэ ондоо багтаан нөхөж мэдүүлэх үүргийг дахин хүлээлгэв. Мэдээж, өөрчлөлт гарвал тухай бүр мэдүүлж байх ёстой.

 

Нэг талаас асуудал тодорхой болжээ. Нөгөө талаас энэ бол ухралт. Өмнөх хууль журмыг биелүүлээгүйн төлөө хэнд ямар торгууль, шийтгэл хүлээлгэхийг Зөрчлийн болон бусад хуулинд заасаар атал зүгээр өнгөрөв. Өнөөдөр бүгд гэнэт сахилгажиж ном журмаараа бүртгүүлдэг болно гэсэн баталгаа алга. Одоо зөвхөн уул уурхай гэлтгүй бүх хуулийн этгээдэд эцсийн өмчлөгчөө мэдүүлэх үүргийг хүлээлгэжээ. Ингээд тоо нь хоёр мянга биш, хоёр зуун мянгад дөхөж байгаа Монгол Улсын бүх компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын эцсийн өмчлөгчийн мэдээллийг хавтгайруулж, тэгэхдээ цаасаар авах болж байна. Үүнээс хойш маягтыг бөглүүлэх, хүлээн авч нягтлах, хадгалах, дараа нь мэдээж цахим болгохын тулд гараар шивж оруулах, энэ хооронд гарч байгаа өөрчлөлтийг тусгах гээд эцэс төгсгөлгүй ажил ундарч сунжирна. Эцэстээ эцсийн өмчлөгч яагаад ид тод, нээлттэй болохгүй байгааг цайруулах ээлжит шалтгаан буюу шалтаг болж хувирна.

 

Гэхдээ хамгийн гол асуудал энэ биш юм. Улсын бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлтийг үзэхэд ил тод, нээлттэй байх мэдээллийн жагсаалтад эцсийн өмчлөгчийг дахиад л багтаасангүй. Хаалттай, нууц байх бөгөөд зөвхөн тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлөөр ил тод болгох нь хэвээр үлджээ. Ердийн компанийн эзэд хэн байх нь олон нийтэд тийм ч чухал биш байж магадгүй ч "төрийн нийтийн өмчийг” ашигладаг уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод болгохыг төрөөс энэ удаад шийдвэрлэж өгсөнгүй.

 

Ийм нөхцөлд олон нийт олборлох салбарын жинхэнэ эздийг нийт мэдэж авах хэд хэдэн арга замыг ашиглах л үлдэж байна. Яагаад гэвэл өнөөдөр цагийн аясаар цөөнгүй компани өөрсдөө нээлттэй болж, Монгол Улсад хэрэгждэг Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын хүрээнд тэд бенефициар өмчлөгчөө сүүлийн хэдэн жил дараалан тайлагнаж ирсний ачаар багагүй мэдээлэл хуримтлагдаад байна. Одоогоор хамгийн сүүлчийн буюу 2018 оны ОҮИТБС-ы тайланд

 

Олны анхаарал татсан, буруу зөвөөр шуугиулсан компани эздийг хэвлэл мэдээлэл эрэн сурвалжлаад гаргаад ирж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан хувьцаа эзэмшигчдийг хамгийн сүүлд бүртгүүлснээр нэрлэж байгаа нь олон юмны сэжүүр болж өгдөг.

 

Эдгээр эх сурвалжийн аль нь ч төгс биш учраас бүгдийг зэрэгцүүлэн судалж эрж хайж байж эцсийн өмчлөгч рүү алхам алхмаар дөхөхөөс өөр арга байхгүй. Манай "Ил тод байдал сан” ТББ энэ маягаар цуглуулж нэгтгэсэн мэдээллийг http://www.iltod.mn цахим сайтад байршуулан ажилладаг. Бидэнд олддог мэдээлэл дандаа хагас дутуу байдаг, баримт нотолгоо нь дараа гарч ирдэг учраас эцсийн буюу бенефицар өмчлөгч тэр болгон шууд гараад ирдэггүй, тэгээд ч аливаа компаний хувь, хувьцаа нь нэгээс нөгөөд шилжих, тоо хэмжээ нь өөрчлөгдөх магадлал үргэлж байдаг учраас үйл явдлыг тасралтгүй ажиглаж баримт мэдээллийг цуглуулан шинэчилж байх ёстой.

 

Одоогоор юу ажиглагдаж байна вэ?

 

Манайд жижиг дунд хэмжээтэй компанийн захирлын албан тушаалтай гэж танилцуулсан хүн өөрөө эцсийн өмчлөгч байх магадлал маш өндөр. Ай Би Би Ай ХХК компанийн эзэмшигч, гүйцэтгэх захирал бенефициар өмчлөгч бол Чойжамцын Оюунгэрэл бөгөөд 100 % эзэмшдэг байх жишэээй. Дацан трэйд ХХК-ийн бенефициар өмчлөгчид нь Дэжидийн Баянбат (80 %), Баянбатын Цэнгүүн (20 %) буюу аав хүү хоёр. Дун-Эрдэнэ ХХК-ийн эцсийн өмчлөгч Л.Лхагвасүрэн – 34 %-тай ба хоёр хүүхэддээ тус бүр 33 хувийг хуваарилжээ.

 

Гэр бүлийн биш хэд хэдэн өмчлөгчтэй компаниуд байх. Өсөх зоос ХХК-ийн бенефициар өмчлөгчөөр Чойжамцын Чинбат,– 68 %, Паламын Баярцог,– 24 %, Сүхдоржийн Батхүлэг – 8 % гэж гурван хүн бичигджээ. Нийлээд 100 %. Зардал их шаарддаг энэ бизнест шинээр хөрөнгө оруулагч гарч ирэх, үүний тулд эзэн, эзэд нь цаашаа бусадтай гэрээ хэлэлцээрт орж нэг мэдэхэд хувь эзэмшил өөрчлөгдсөн байх нь энгийн үзэгдэл.

 

Эцсийн өмчлөгчийн эрэл компанийн нэрнээс эхэлнэ. Харин уулын цаана уул гэдэг шиг цаанаас нь компани гарч ирвэл асуудал нарийсдаг. Компаний цаана компани гэх мэтээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэт санагдавч хэзээ нэгэн цагт хувь хүн дээр тулж очоод зогсох ёстойг бид мэднэ. Эсвэл хэсэг бүлэг хүмүүс дээр очсон ч тэдний эзэмших хувь хэмжээ харилцан адилгүй, нэг нь голлож тэдний дээр, тэднийг зохион байгуулж илүү хүртдэг нэгэн байж таарна.

 

Компани ямар учиртай болох, хэн, хэдэн хувьтай, ард нь өөр бий юу, хоорондоо ямар холбоотой, тэдний гадаад дотоод нэр, энд тэндхийн бүртгэл гээд олон үл мэдэгдэгчтэй томъёо шиг эзэмшлийн бүтцийг бизнес эрхэлдэг хүмүүс өөрсдөө мэддэг чаддаг нь илт, харин олон нийт саяхнаас асууж шаарддаг болсон байна. Захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг судалж мэдэх нь бенефициар ба эцсийн өмчлөгч хэмээх тэр этгээд рүү дөхөж очих эхний шат дамжлага, зайлшгүй алхам юм. Эзэмшдэг гэж бодсон компанийг эзэмшдэг компани, эсвэл хувь хүн гарч ирээд л байдаг. Харамсалтай нь, манай албан ёсны бүртгэлийн мэдээлэл замбараагүй талдаа, өөр хоорондоо зөрдөг, компанийн болоод хүний нэр овог, аж ахуйн нэгжийн хэлбэр, тоо, тэмдэглэгээ, гадаад дотоод нэрийг  бичих хэм хэмжээг эцэслэн цэгцлээгүй учраас дур зоргоороо бичиж байна. Сүүлийн үед их яригдсан монгол хэлний зөв бичих дүрмийг чухам энд нэвтрүүлэх хэрэгтэй. Уул уурхайн олноороо нэвтэрч байгаа хятад хүний овог нэр тэр чигээрээ холион бантан хэвээрээ байна.

 

Төрийн нийтийн өмч гэж Үндсэн хуулинд тодорхойлсон газрын доорх ашигт малтмалыг тусгай зөвшөөрлөөр ашиглуулах нь бага хэсэг, түүнийг эзэмшиж байгаа компанийг нэг хүн, нэг гэр бүл бус, олон нийт хувьцаагаар эзэмших ёстой гэж үздэг хүмүүс бий. Нотолгоо болгож Монголд хөрөнгө оруулсан гадаадын том компаниуд гадаадын хөрөнгийн биржэд бүртгэлтэй байгааг заадаг. Гэхдээ нөгөө талаас нь харвал монголчууд бидний өмчийг гадныхан эзэмшээд ч байх шиг.

 

Компани томрох тусам эзэмшлийн бүтэц нарийсдаг нь ойлгомтой. Утасны үзүүрийг хөөхөд шууд, эсвэл хэд хэдэн компаниар дамжаад хилийн дээс давж гадаад нэр зүүгээд алга болчихож байна. Тэр нь Виржини, Кайман, Мэн, Нидерланд, Люксембург, Бельги-д бүртгэлтэй гээд эрэл үндсэндээ мухардана. Ийм компанийг "барьж авах” ганц сэжүүр бол Монголд төлөөлж байгаа гүйцэтгэх захирлыг олох, гэхдээ тэр нь монгол хүн байвал шүү. Эцсийн өмчлөгч болох нь олон нийтэд тов тодорхой, өөрөө ч тэгэж мэдэгддэг эрхмүүд хүртэл компаниа улс тив дамнасан бүтцээр дамжуулан эзэмшиж байгаа нь элдэв эргэлзээ таамаглалыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Заримдаа тэгэж орооцолдсон эзэмшлийнхээ учрыг нь эзэн өөрөө олдог болов уу гэж бодогдмоор.

 

Хэрвээ компани хөрөнгийн биржэд бүртгэлтэй бол учиртай. Хувьцаа эзэмшигчиддээ зориулсан янз бүрийн тайлан, танилцуулгыг нээлттэй байршуулдаг учраас. Хувьцаа эзэмшигчдээ бүгдийг нэрээр нь жагсаахгүй байсан ч хамгийн том эзэмшигчдийг заавал нэрлэдэг нь эцсийн буюу бенефициар өмчлөгчийг бараг нэрлэсэн гэсэн үг юм.

 

Анхаарал татсан бусад ажиглалтуудаас хуваалцья.

 

Аль ч орон нутгийн иргэд уул уурхайн компанитай холбоотой зарга мэдүүлэхдээ нийслэл рүү төлөөллөө илгээдэг нь учиртай. Тусгай зөвшөөрлөөс эхлээд бүх асуудал Улаанбаатарт шийдэгддэг төдийгүй нутгийн уул уурхайн компанийн жинхэнэ эзэд нь бараг бүгд Улаанбаатарынх. Зарим сумын иргэд нэр бүхий компанийн жинхэнэ эзнийг олж өгөөч, эсвэл эзнийг нь мэднэ, харин хаана суудгийг нь мэдэж өгөөч, очиж уулзая, жагсаж цуглая гэсэн утгатай хүсэлт үе үе ирдэг. Орон нутгийн шинжтэй ба оролцоотой нүүрсний уурхайнуудын удирдлагууд нутагтаа оршин суудаг, гэхдээ Өмнөговь аймгийн Тавантолгой ХК-ийн 49 хувийн том өмчлөгчид бүгд Улаанбаатарт амьдарч байна.

 

Ийм учраас бусадтай хуваалцахгүйгээр, гэр бүлээрээ хамтран эзэмшдэг компани олон байна.

 

Нүүдэлчин группийн уул уурхайн чиглэлийн компаниудын эзэмшигчдийн жагсаалт гавьяат эдийн засагч Б.Шүхэртээр эхэлж түүний хүүхдүүд болох Ш.Бүтэд, Ш.Жаргал, Ш. Батнасан, Ш.Лхамсүрэн гэхчлэн үргэлжилдэг. "Монголбазальт” ХК-ийн эзэмшигчид нь Лхагважавын Ариунболд ба Ариунболдын Энхмаа, ба Ариунболдын Энхгэрэл, ба Ариунболдын Энхжин нар юм.

 

Бэрэн группийн эзэмшигчид нь Бэрэнбалын Ганбат, Бэрэнбалын Мөнхдалай, Бэрэнбалын Мөнхтөр, Бэрэнбалын Сарангэрэл, Бэрэнбалын Сономсүрэн, Бэрэнбалын Чимгээ болон Ганзоригийн Баттулга, Ганзоригийн Энхболд, тэгээд Цэдэнсодномын Батбаяр, Цэдэнсодномын Батболд, Цэдэнсодномын Бат-Эрдэнэ гээд дуусч байгааг үзэхэд гурван том гэр бүлийн оролцоотой байх. Лхагвын Ундрах, Лхагвын Сэргэлэн, Лхагвын Зоригт, Лхагвын Байгалмаа, эсвэл Одонгийн Наранбат, Одонгийн Дамжин, Одонгийн Сайнжаргал, Одонгийн Цогтгэрэл, Одонгийн Өлзийтөгс гэх мэт гэр бүлийн эзэмшилтэй компани зөндөө тааралдана.

 

УИХ-ын гишүүн Цэдэнгийн Гарамжавын брэнд болсон Монполимет ХХК-ийн бенефициар өмчлөгчид нь өөрөө – – 25 %, түүний хоёр охин Нармандахын Уртнасан – 24 %, Нармандахын Мөнхнасан – 51 % нар юм. Сонирхолтой нь тус группын Монцемент билдинг материалс ХХК-ийн 20 хувийг их хэмжээний хөрөнгө оруулсан ЕСБХБ эзэмшжээ.

 

Уул уурхайн CC Монголиа ХХК-ийн эзэмшлийг мөшгөхөд Оюуны ундраа групп рүү очиж байна. Тэгэхээр эцсийн өмчлөгчид нь УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр, одоогийн Улаанбаатар хотын засаг дарга С.Амарсайхан нар. Кёкүшюзан Батбаярт японы хөрөнгө оруулалттай уул уурхайн Харанга сүмбэр ХХК, Сатономатериал ХХК зэрэг компаниуд хамаардгийн дотор Чингис ворлд майнинг ХХК-ийг хамтран эзэмшигч нь Хаан банкны Хидео Савада ажээ.

 

Ноён уул-тай холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлийн бай болсон Бороо гоулд ба Сентерра гоулд-ыг төлөөлөх нь хүн монголын хуулийг өөрчлүүлэхээр лобби хийж байгаа, удахгүй бүтнэ хэмээн ярьж буруутсан Казакофф биш Блюмберг телевизийн захирал Э.Дөлгөөн, тэгэхээр өмчлөгч нь Худалдаа хөгжлийн банк болсон байна. Монголын нөгөө нэг том банк – Голомт банкны захирал Данзандоржийн Баясгалан Цэцэнс майнинг энд энержи ХХК-ийн эцсийн өмчлөгч юм.

 

Монгол газар компани гарцаагүй Ц.Мянганбаярынх, гэхдээ бүртгэл нь Goblstar Hold /BVI/ Ings (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс) гэж байна.

 

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг "Алтайн хүдэр” гэж дуулиантай компани бий. Эзэн нь дуучин Оюунтүлхүүрээр овоглох шахсан Р.Базар гэж хэвлэл мэдээллийнхэн байнга бичдэг ч үүнийг нотлох баталгаатай эх сурвалж хараахан олдоогүй бөгөөд үүний оронд Mongolian Resources Corporation S A R L (Люксембург) гэсэн нэр л байна. Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг, ноднин том осол гаргасан "Эко Алтан заамар” ХХК-ийн далд эзнээр Базарыг тодруулдаг ч бас л нотолгоо байхгүй, гүйцэтгэх захирал П.Төмөрцэцэгээс цааш задрахгүй байгаа. Дашрамд дурдахад энэ компани саяхан нүүрээ бууруулж байгаа мэт Бүрдэл майнинг ХХК нэртэй болсон байх юм. .

 

Гадаадын уул уурхайн компаниудын дотор олон улсын хөрөнгийн биржэд, үгүй бол элдэв оффшорт бүртгэлтэй, БНХАУ, тэр тусмаа Хонконгийн компани зонхилж харагдана. Хятадын хөрөнгө оруулалтын тодорхой жишээ болж явдаг Шинь Шинь ХХК хүртэл шууд урдаас бус, Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй Грийт Промайс энтерпрайс ЭлТиДи нэрээр орж ирсэн байна.

 

Хойт хөршийн хөрөнгө оруулалттай компани гарын таван хуруунаас цөөн. Бусад улсуудаас германы хөрөнгө оруулалттай компани байгаа нь – Ай Эн Ди ХХК ба түүний цаадах Интермартех ба Уулко компаниуд. Биднээс хаа хол тивийг нэрэндээ оруулсан Афро Азия Минералз ХХК-ийн өмчлөгчид БНХАУ-ын иргэд ба компани. Тайландын лав хоёр компани манай уул уурхайд хөрөнгө оруулсан нь содон харагдана. Казакстаны иргэн өмчлөгчтэй компани ч үзэгдэв. Монгол болгаргео ХХК-ийн нэрийг сонссон хүн эзэмшигч нь Жинлиань ХХК нэртэй компани байна гэж төсөөлөхгүй. Гэхдээ Жинлиань-ийн эзнээр монгол хүний нэр бичигджээ. Төстэй жишээ гэвэл Ренова илч хэмээх "орос” талын нэртэй компанийн хөрөнгө оруулагчид нь Хонконгийнх.

 

Алтан Дорнод Монгол ХХК-ийн эцсийн өмчлөгч нь арваад жилийн өмнө ОХУ-ын иргэн С.В.Паушокоос дуулиан шуугиантайгаар шилжүүлж авсан Тордайн Ганболд гэдэгт хэн ч эргэлдэггүй. Харин эзэмшигч нь Goldstream Mongolia Inc (Британийн виржини арлууд). Оффшор, татвар гээд далд асуудлууд байдаг биз. Очир-Ундраа ХХК-ийг өмчлөгч Тардайн Гантөмөрийг түүний ах дүү гэж зарим нь боддог байж магадгүй ч биш ажээ.

 

Монголын алт (МАК) ХХК-ийн эцсийн өмчлөгчид Б.Нямтайшир, түүний гэр бүл Д.Хулан, гүйцэтгэх захирал нь охин Н.Цэлмүүн. Харин дуулианы эзэн Н.Номтойбаяр хүү буюу ахын хувь оролцоо энд алга. Нарантуул компанийн эзэн нь Ш.Сайхансамбуу биш Ш.Оюунсогоо буюу түүний гэр бүл ажээ. Эн Пи петролиум ХХК-ийн эзэмшлийг хөөж үзэхэд Бямбацогтын Билгүүн, Сандагийн Баянчулуун, Сандагийн Баянмөнх, Сандагийн Балжинням, Маамуугийн Нямдаваа гээд УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт руу шууд заав.

 

Монголын уул уурхайн компаниудын эзэмшил, өмчлөлийн онцлог гэж байдаг уу? Албан ёсны эцсийн өмчлөгчийн өмнөөс гүйцэтгэх удирдлага үр ашгийг илүү хүртдэг явдал байж магадгүй. Гэхдээ ийм жишиг хаа сайгүй бололтой. Оюутолгой гэрээнд менежментийн зардал гэж маргаан дэгдээсэн асар их үнийн дүн байдаг билээ. Манай компаниуд төлөөлөн удирдах зөвлөлөө мэдүүлсэн байдлыг харахад хэзээ ч бүрэн нэрлэхгүй байна. Гэхдээ ихэнх тохиолдолд хамгийн том хувь эзэмшигч нь ТУЗ-ийн дарга.

 

Аймгууд өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор голдуу нүүрсний уурхай ажиллуулж хувь эзэмшлэг. Тэгвэл Төв аймгийн удирдлага гурван жилийн өмнө гэнэт алтны бизнест хөл тавихаар шийдэж "Эрдэнэсийн эрэг” нэртэй компанийг 34 хувийг эзэмшин байгуулж үлдэх 64 хувийг өгсөн Голд харбор ХХК-ийн эцсийн өмчлөгчийг иргэний нийгмийн байгууллагууд удтал эрэн сурвалжилж бараг олж тогтоогоод байна.

 

Билэгт баялаг ХХК-ийн ард Эф Эм Ай ХХК, түүний ард Азийн эртний зулай ХХК, хамгийн төгсгөлд сүүлийн жилүүдэд сураг гарахгүй байсан "Цагаан шонхор” гэгдэх Ч.Энхтайваны нэр гарч ирлээ.

 

Гацуурт ХХК ба түүнд хамаарах компанийн эцсийн өмчлөгч нь мэдээж Лхагвын Чинбат, гүйцэтгэх захирал түүний эхнэр Намсрайн Наранчимэг. Гоби коул энд Энержи ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд Мархаажийн Чойдоржийн нэр бичигджээ. Тэрбээр нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр гэдгээрээ олон нийтэд танил.

 

Олон улсын буухиа шуудангийн DHL компани хайгуул ба ашиглалтын хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэйг эндээс мэдэж авч болно. Хувь эзэмшигчээр Одгэрэлийн Маралгоо гэж нэг хүнийг нэрлэсэн байна. Хэдэн жилийн өмнө Шивээ-Овоогийн уурхайтай холбоотой асуудлаар шуугиулж байсан Амалхааны Эрдэнэбат Хонконгийн хөрөнгө оруулалттай Нуклер Энержи Монголиа ХХК-ийг эзэмшиж байна. Мөн дутуугүй шуугилсан Тэнгри группийн эзэн Хүрлээгийн Анхбаярын мэдлийн компаниуд нэлээд тооны тусгай зөвшөөрөл эзэмшсэн хэвээрээ. Харин Сингапур хөрөнгө оруулагчийн нэр нь зориудаар будлиулсан мэт – Rengri Resources.

 

Өмчлөлийн нэлээд нарийн түвэгтэй бүтэц бүхий компани бол Цайрт минерал ХХК. Хувьцааны 50 хувийг БНХАУ-ын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төсөл (БНХАУ) компани эзэмшдэг нь ойлгомжтой. Харин нөгөө хагас нь ногдож байгаа Металл-Импэкс ХХК-ийг өмчлөгчдийн дотроо бага сага зөрүүтэй хоёр өөр жагсаалт байна. Хамгийн том хоёр өмчлөгчийн нэг нь Дониддагвын Ганбат (барагцаалбал, 44.0 % орчим), нөгөө нь нь Майн Инфо-гийн гэгдэх, одоо Тус солюшн ХХК ба Үндэсний амьдралын даатгал ХХК-ийн захирал Дугарын Жаргалсайхан (24.0 – 30.0 %).

 

Өнөөдөр компанийн эзэмшил өмчлөлийн дүр зургийг бүрэн харуулахын тулд улсын хил хязгаар ба цаг хугацаагаар хязгаарлагдах ёсгүй. Гэтэл манай албан ёсны эх сурвалжуудын хамгийн том дутагдал бол нэг удаагийнх байдаг буюу шинэ мэдээлэл байршуулахдаа өмнөхийг алга болгочихдог явдал юм.

 

Бид http://www.iltod.mn сайтаараа үүнийг нөхөж иргэний нийгмийн ой санамж бүхий мэдээллийн орон зай байхыг зорьж байна. Одоохондоо компани тус бүрийн мэдээлэлд эзэмшигч, эцсийн өмчлөгч, бенефициар өмчлөгч гэх мэтээр давтан орсон байгааг уншигч та анзаарах байх. Бид эхний удаад өөр хоорондоо зөрүүтэй янз бүрийн эх сурвалжийг нэгтгэж байгаа бөгөөд цаашдаа мэдээллийг нягтлан тодруулж баталгаажуулахын хэрээр энэ зөрүү багасч нэр томъёо жигдрэх юм. 

Эх сурвалж: https://iltodezed.wordpress.com/blog/

 
[media=http://https://www.facebook.com/133494854141827/videos/185419585616020/]

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.