| |
Дональд Трамп Сенатын өмнө шүүгдэхээр боллоо
АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхим өнөөдөр/2019.12.19/ Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг шүүх ажиллагаа /импичмэнт/ явуулахыг дэмжсэн шийдвэр гаргалаа. АНУ-ын парламентын доод танхимын энэхүү санал хураалтыг YouTube болон FOX телевизээр шууд дамжуулжээ. Төлөөлөгчдийн танхимын 230 гишүүн Дональд Трампын эсрэг шүүх ажиллагаа явуулахыг дэмжсэн бол 197 гишүүн эсрэг санал өгчээ. Ерөнхийлөгчийн эсрэг шийдвэр гаргахыг дэмжсэн гишүүдийн дийлэнх нь Ардчилсан намынхан байв.
АНУ-ын парламентын доод танхим Ерөнхийлөгчийг эрх мэдлээ урвуулан ашигласан болон Конгрессийн танхимын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж буруутгаж байгаа юм.
Нэгэнт парламентын доод танхим ийм шийдвэр гаргасан учраас цааш Дээд танхим буюу Сенатын гишүүд хэлэлцэж Д.Трампын Ерөнхийлөгч байх эсэхийг шийдэхээр болж байна. Хэрэв Сенатын гишүүдийн гуравны хоёр түүнд итгэл үзүүлэх боломжгүй гэж үзвэл Дональд Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах боломжтой болно.
Энэ сарын 5-нд Хууль зүйн хорооны мөрдөн шалгах ажиллагааг тэргүүлж буй Жеральд Надлер "Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан байгаа” хэмээн мэдэгдэж байв.
Эргэн сануулахад АНУ-ын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Д.Трампыг мөрдөн шалгах ажиллагааг өнгөрөгч есдүгээр сарын 25-нд эхлүүлж байв.
Д.Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа дотоодын улс төрийн тэмцэлдээ тус улсын Засгийн газрыг ашиглахыг завдсан гэж үзэж байгаа юм. Тэрбээр энэ ярианыхаа үеэр Жой Байдений хүүгийн эсрэг авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхийг Ардчилсан намын гишүүд дэмжиж байгаа гэдгийг нотлохыг оролдсон аж. Сануулахад Байденыг 2020 оны сонгуульд Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үздэг.
Дашрамд дурдахад АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчөө ийнхүү сенатаар шүүж байсан хоёр ч тохиолдол байдаг бөгөөд тэдгээр нь Эндрью Жэксон, Билл Клинтон нар юм. Гэхдээ тэдний аль аль нь ерөнхийлөгчийн суудалдаа үлдэж байжээ.
Дональд Трамд ч гэсэн энэ удаад Ерөнхийлөгчийн суудалдаа үлдэх магадлал бас өндөр. Учир нь Америкийн конгрессийн Сенатын танхимд Бүгд Найрамдахчууд олонх болдог юм.
http://www.zaluu.com/read/411785g8a
Эх сур.алж: Lenta.ru