| |
Прокурор бултаж, “Алтан дорнод Монгол”-ын хуучин захирал зангилааг тайлсан дөрвөн сая ам.долларын учир
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттер хуудастаа дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримт дэлгэсэн нь олны анхаарлыг татаад буй билээ. Засгийн газрын гишүүд солигдож, түүний ажлыг өөр хүн авах болсон цаг үед дэлгэсэн "хөзөр” хууль, хүчний байгууллагаар далайлгаж, эрх мэдэлд хүрэх гэсэн хэн нэгэнд чиглэсэн гэдгийг нийгмийн сүлжээнийхэн түвэггүй ойлгосон.
Ажлыг нь авах гэсэн хүн рүү уг баримт чиглэсэн бол дөрвөн сая ам.долларын гүйлгээ хийсэн нөгөө тал нь олны анхаарал татсан хэрэгт шалгуулж байгаад чимээгүй болсон Т.Ганболдын мэдлийн компани байв. Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав руу чиглэсэн уг баримтыг АТГ-ынхан шалгаж тогтоох эсэх асуудал ч олны анхааралд одоо ч гэсэн хэвээр. Харамсалтай нь АТГ-ынхан үүнд ямар нэгэн хариулт өгсөнгүй. Үүнийг дэлгэсэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар хэлэхээс татгалзан зугтаж буй.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин улс төрийн зорилгоор үе үе ноцтой баримт дэлгэдэг. 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэргийн үеэр цагдаа нар хүн буудсан тухай баримт, тэмдэглэл үйлдсэн хар дэвтэр надад байгаа гэснээс биш одоо болтол дэлгээгүй л байна. Үүнийхээ адилаар дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримтыг дараад өнгөрөхийг үгүйсгэхгүй.
АН-ЫН ДАРГА НАДАД САНАЛ ТАВЬСАН
Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ хэмээн тус прокурорын газраас зар тараасан юм. Үүний дагуу хэвлэлийнхэн очиход тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа прокурорууддаа тайлагнав.
Тэрбээр "Улсын ерөнхий прокуророор ажилласан дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажилдаа сэтгэл хангалуун байна. Сүүлийн жилүүдэд баталсан шинэчлэлийн гэх тодотголтой хуулиудыг хэрэгжүүлэхэд зовлон бэрхшээл их. Түүнийг нь амьдралд зохицуулж ажиллах гэж үйлээ үзэж байгаа шүү дээ, бид. Нэг хэсгийг нь журмаар, заримыг нь амаар зохицуулах гэж оролдоод явж байна. Энэ бүх зөрчлийг хараад цаашаа хэзээ, хэрхэн засаж залруулах нь мэдэгдэхгүй байгаа үед Хууль зүйн сайдаар ажиллаач гэж УИХ, АН-ын дарга З.Энхболд хэлэхэд нь би татгалзаж чадалгүй зөвшөөрсөн. Улсын ерөнхий прокурорын албан тушаалд хэнийг томилох вэ гэдгийг би мэдэхгүй байна. Прокурорын байгуулагад өөрчлөлт шинэчлэлт хийх зорилгоор зургаан жилийн хугацаатай есөн бүлэг 49 зүйлтэй хөтөлбөр дэвшүүлж, хэрэгжүүлж байна. Одоогоор энэхүү хөтөлбөрийн биелэлт 67 хувьтай яваа” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчид Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гаргаж тавьсан баримтын талаар асуусан боловч тэрбээр хариулт өгөхөөс эрс татгалзаж, хэвлэлийнхнийг хөөх шахам гаргалаа.
Н.ЦОГТГЭРЭЛ: Т.ГАНБОЛД ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХАРИУЛНА
"Алтан дорнод Монгол” компаниас өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийхээр зарласан юм. Сэтгүүлчид мөн л Х.Тэмүүжингийн цацсан баримтад тодорхой тайлбар өгөх байх хэмээн хэвлэлийн хуралд ирсэн ч мөн л хүссэн хариултаа сонсож чадсангүй. Тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл "Т.Ганболд захирал найз нар болох Н.Цогтгэрэл, Болд, зэрэг дөрвөн хүнтэй нийлж "Алтан дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокоос 2009 оны есдүгээр сард худалдаж авсан.
Ингэхдээ хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэй хүнээр дамжуулж аваагүй. Тухайн үед 300 сая ам.доллараар авч байсан. Тэгэхдээ нийгмийн даатгал, татвар, зээл, ажилчдын цалин, Японы "Иточү” групп, ОХУ-ын "Газпромбанк”-инд төлөх зээл гээд бүх өр төлбөрийн хамтаар авсан юм. Мөн тухайн үед хэрэгжиж байсан "68 хувийн” татвар өр, зээлийнх нь 80 хувийг эзэлж байсан. Түүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлтийг ч худалдаж авсан бид хариуцахаар болсны дагуу сүүлийн хоёр жилд 550 га газрыг нөхөн сэргээж, 6.6 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна.
Бидний хөрөнгөө нийлүүлж авсан 300 сая ам.долларыг тухайн үед тагнуул, Сангийн болон Хууль зүйн яам гээд бүхий л газраас шалгаад хуулийн дагуу олсон мөнгө гэж дүгнэсэн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн дэлгэсэн дөрвөн сая ам.долларын баримт гүйлгээг NRI гэдэг компаниас хийсэн. NRI компани нь "Алтан дорнод Монгол”-той холбоогүй, хувьцаа эзэмшдэггүй. Тус компани нь Т.Ганболд гэдэг хүнтэй хамааралтай. Тэгэхээр уг мөнгийг хэзээ, хэнд, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуултад Т.Ганболд захирал өөрөө тайлбар хийх байх” гэлээ.
Ч.БЯМБАА: Т.ГАНБОЛДЫН КОМПАНИАС МАНАЙХ РУУ ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛСЭН
Дөрвөн сая ам.долларын гүйлгээний тайлал болох мэдээллийг өчигдөр 17.30 цагийн үед "Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Чангаагийн Бямбаа болон "Голомт” банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Баясгалан нар өглөө. Ч.Бямбаа нь Т.Ганболдыг "Алтан дорнод Монгол” компанийг худалдан авахаас өмнө гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн юм.
"Би С.В.Паушокоос "Алтан дорнод Монгол” компанийг 23 сая ам.доллараар худалдан авахаар болж, урьдчилгаа хоёр сая ам.доллар төлөхөөр гэрээ байгуулсан юм. Үүнийгээ "Голомт” банкнаас зээлж өгсөн. Гэвч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, өрийн дарамт зэргээс болж компани үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Тэр үед "Алтан дорнод Монгол” компанийг одоогийн захирал Т.Ганболд худалдан авахаар болж миний С.В.Паушокт шилжүүлсэн хоёр сая ам.доллар дээр үйл ажиллагааны бусад зардал хоёр сая ам.долларыг нэмж, дөрвөн саяыг хувийнхаа NRI компаниас миний удирддаг "Рекат” компанийн данс руу шилжүүлсэн юм.
Энд улс төрийн ямар ч үйл ажиллагаа, оролцоо байхгүй. Гэтэл олон нийтийн цахим сүлжээгээр энэ баримтыг дэлгэж байгаа учраас няцаалт хийх гэсэн юм. Түүнээс гадна Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг надтай ах дүү, хамаатан садан мэтээр ярьж бичдэг. Бидэнд ах дүүгийн ямар ч холбоо байхгүй. Түүний өвөө нь миний аавтай амьдаа учраас холбоод байгаа бололтой. Д.Дорлигжавын өвөө миний аав байх ямар ч боломжгүй шүү дээ. Олон нийтэд дэлгээд буй энэ баримттай холбоотой асуудлаар Д.Баясгалан захиралтай ярилцаж байгаад хууль, шүүхийн байгууллагад хандах эсэхээ шийднэ” гэв.
"Голомт” банкны тухайн үеийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Баясгалан "Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирлээ. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. "Алтан дорнод Монгол” компани Олон улсын арбитрын шүүх дээр Монгол Улсад ялагдсаны дараа манай томоохон 5-6 компани "Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манай банк үүнд чухал оролцоотой байсан бэ гэхээр тухайн үед "Алтан дорнод Монгол” компанийн бүх лиценз, өмч хөрөнгө "Голомт” банкны барьцаанд, өөрсдөө тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан.
Тус компанийг шинээр худалдан авч байгаа эзэн "Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой юм. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулах болсон. Сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан шүү дээ. Өнөөдөр ийм асуудал яригдах болсонд ихэд гайхаж байна.
Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгавар ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн” гэсэн юм.
Г.Цолмон