|
Видео

Шинэ мэдээ

С.В.Паушокийн луйврыг үргэлжлүүлсэн хүн

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байж байгаад хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд гэгч "Алтандорнод Монгол” компанийн захирал болоод хэдэн жилийн нүүрийг үзэж буй. ОХУ-ын иргэн С.В.Паушокийнх байсан гэдгээр нь манай уншигчид олонтаа сонсож байсан эл компани өнгөрсөн жилүүдэд монголын хуулийг гишгэлж ирсэн байдаг.

Харин  захирал Т.Ганболдыг нь  Дарханы цагдаагийн хэлтсийнхэн шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлан шалгаж байгаад сулласан гэх мэдээлэл бий. Т.Ганболдыг шалгах болсон үндэслэлүүд хэд хэд бий гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Түүнийг 2006-2009 он хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь ерөнхий нябо-гоор нь н.Наранцэцэг гэдэг хүн ажиллаж байсан байдаг. Н.Наранцэцэг нь үйлдвэрийнхээ тамга, тэмдгийг хуурамчаар ашиглаж мөнгө завшсан хэргээр шалгагдаж буй тул энэ хэрэгтэй холбоотойгоор Т.Ганболд хуулийнханд хэрэгтэй болсон ч, тэр байцаалтаас оргон зайлсан тул түүнийг баривчилсан гээд байдаг.

Мөн тэрбээр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад дараа нь Толдстрим инк” компанийн нэр дээр "Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авсан нь, түүнийг бас шалгагдахад хүргэсэн гэдэг. "Алтан дорнод Монгол”  гэж улсад их хэмжээний татварын өртэй энэ компани өдийг хүртэл толгойгоо илүүлж зоргоороо загнаж ирсэн талаарх мэдээлэл харин дарагдах хандлага давамгайлж ирсэн юм. Эх сурвалжуудаас гадагшилдаг мэдээллээр бол 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой энэ компани засаг засгийн үед том артай явж ирсэн.

Тус компанийн  татварын нийт өрийн 7 хувийг төлүүлэхээр дөрвөн удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг аж. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  4,6 тэрбум төгрөг гаргуулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар олгох, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор "Алтандорнод Монгол” ХХК-наас  5 тэрбум төгрөг гаргуулж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр  "Алтандорнод Монгол” ХХК-наас  807 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  563,3 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгохоор  тус тус шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус компани өчнөөн асуудал чирэгдэл болж байж бага сагахан хэсгийг л барагдуулсан байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газар хуралдаад "Алтандорнод Монгол” ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан нь угтаа бол Алтандорнод Монголын талд үйлчилсэн агуулгатай гэж харахад хүргэж байна. Учир  нь Алтандорнод Монголын өрөндөө шахаад байгаа эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлаад, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлыг хариуцах үндсэн зорилготой Ажлын хэсгийг байгуулж байх юм. Энэ нь өр ширийн хэмжээгээрээ толгой цохидог Алтандорнодыг асуудлаас гаргаж авах гэсэн хэлбэртэй үйлдэл болж харагдаж байгаа юм.

Уг нь "Алтандорнод Монгол” ХХК-ийг 300 сая ам.долларын гэрээ хийн худалдан авсан Т.Ганболд болоод түүний компанийг асар сайн менежмэнтээр өндийлгөх үүргийг хүлээгээд байсан  "Нью Ком” группын Б.Болд гэдгээрээ танигдсан эрхмүүд  гар нийлээд компанийг босгоод ирнэ л гээд байсан. Гэтэл нөгөөх Б.Болд нь өдгөө  Рио Тинто группын зэсийн салбарыг хариуцаад явчихаад байж байх юм..

Тэгтэл "Алтандорнод монгол” ХХК өнгөрсөн оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улсад 67,178,028.3 тэрбум төгрөгийн татварын өртэй  байсан. Алтандорнод монгол ХХК-ийг өртэй нь худалдан авсан Т.Ганболд тус компанийн Монголын Засгийн газарт төлөх ёстой өр ширийг бүгдийг хариуцна гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэтэл "Алтандорнод монгол” ХХК өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дархан эрхийг эдэлж, улсад төлөх ёстой өрийнхөө 7 тэрбумыг л барагдуулжээ.

Энд нэг зүйлийг тодотгоход балаг дагуулсан С.В.Паушок Т.Ганболдод компаниа худалдахдаа хүлээлгэн өгсөн өр, ширийн хэмжээтэй холбоотой хэд хэдэн янзын мэдээлэл байна. Тухайлбал, С.В.Паушок Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор татвараас бултан зайлчихаад, эргээд түүгээр асуудал үүсгэж Арбитрын шүүхэд зарга үүсгэн манай улсаас 1.5 сая ам.доллар нэхэмжилэхэд түүний заргын эсрэг Монголын талаас ажилласан эрхмүүдийн нэг ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл өр ширийнх нь талаар мэдээлэл өгөхдөө  "Зөвхөн татварын өр нь 120 тэрбум шүү дээ. Түүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, гадаадаас ажиллах хүч оруулж ирсний төлбөр, аж ахуйн нэгж, банк, иргэдийн хохирлыг барагдуулах гээд бүх асуудал одоо манай хуулийн дагуу шийдэгдэнэ.” гэж байсан юм.

Тэгвэл мөн онд ТЕГ-аас Алтандорнод Монгол ХХК-иас нэхэмжилсэн  татварын өрийн тооцоог харахад:

АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК-НААС НЭХЭМЖИЛЖ БУЙ ТАТВАРЫН ӨРИЙН ТООЦОО

Д/д    Татварын өр  мян/төг    Дүн мян/төг    Үндэслэл, нэхэмжлэгч    Тайлбар

1.    Шүүхийн шийдвэртэй өр , төлбөр

10 693 639,8    4 300 519,8    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 245 тоот шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  4 685 300 000 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ажиллагаа хийгдэж байгаа.

5 022 484,0    Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 86 дугаар тогтоолоор "Алтандорнод Монгол” ХХК-наас  5 022 484 200 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

807 288,8    Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 1562 тоот шийдвэрээр  "Алтандорнод Монгол” ХХК-наас  807 288 800 төгрөг гаргуулж НТГ-т

Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

563 348,0    Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 112 тоот  шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  563 348 000 төгрөг гаргуулж НТГ-т    Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

2. Тайлангаар үүссэн өр, төлбөр

65 071 499,3    64 555 957,9    ТЕГ-ын УТОХГ-т ирүүлсэн тайлангаар     ААНОАТ, НӨАТ,ЗБҮӨАТ

157475,8    Нийслэлийн татварын газарт ирүүлсэн тайлангаар     ХХОАТ

27 081,8    Хан-уул дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

 156 055,0    Төв аймгийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар     Газар, усны төлбөр

174 908,8    Архангай аймгийн татварын хэлтэст татварын тайлангаар     Газар, усны төлбөр

3.    Хяналт шалгалтаар ногдуулсан өр, төлбөр

75 325 324,1     75 325 324,1    Татварын улсын байцаагчийн 2009 оны 0300916 дугаар актаар 75 325 324,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

Дүн     151 090 463,2    151 090 463,2  

Нийт 151 тэрбум төгрөгийн өр авлагын асуудал байдаг.

Харин мөн онд "Алтандорнод Монгол”-ыг худалдаж авсан Т.Ганболдын хамтрагч Б.Болд 2013 оны 3 дугаар сард ярихдаа   "Бид "Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж аваад гурван том бэрхшээлтэй тулгарсан. Нэгдүгээрт, татварын өр. Хоёрдугаарт, олборлолт явуулчихаад нөхөн сэргээгээгүй үлдээсэн талбай, гуравдугаарт, арилжааны банкны маргаантай, маргаангүй янз бүрийн өглөгүүд биднийг угтсан. Татварын тухайд нийтдээ 74 тэрбум төгрөгийн өр байгаа юм. Үүний 50 гаруй тэрбум нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварын өр, үлдсэн нь түүний хүү, алданги. Бид энэ оны гуравдугаар сард Татварын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Үйл ажиллагааныхаа орлогын дийлэнхи хэсгийг татварын энэхүү өрийг барагдуулахад зориулна,"Алтан Дорнод Монгол” компанийн өмнө нь төлөөгүй татварыг бүрэн төлж дуусгана гэсэн үүрэг хүлээсэн. Гэрээг хэрэгжүүлэхийн баталгаа болгож таван тэрбум төгрөг урьдчилан төлсөн. Тэгж байж үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Татварын 74 тэрбум төгрөгийн өрөөс долоон тэрбум гаруйг нь барагдуулаад байна. Цаашид, тодорхой хугацааны дотор энэ өрийг цэглэх болно.” ” хэмээн ярьсан байгаа.

Тэгэхээр эндээс үзэхэд "Алтан Дорнод Монгол” компанийн өр ширийн хэмжээг зориуд багасгах тал дээр төр засгийн зүгээс тодорхой алхмуудыг хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байна. 2011 оны байдлаарх татварын өр 74 тэрбум байсан юм уу, 120 тэрбум юм уу, 151 тэрбум юм уу гэдгийг нягтлах шаардлага байгаа гэдгийг зориуд тэмдэглэе.

Ямартай ч бизнес улстөрийн салбарт нэр төртэй С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд, тэр хэрээрээ ахынхаа далбаан дор намирдаг гэгддэг Т.Ганболд эрхэм С.В.Паушокийн заргатай зэрэгцэн компанийг нь худалдаж авахаар гэрээлсэн байдаг. Түүнээс  өр ширтэй асуудалтай байгаа компанийг худалдан авахдаа Монгол Улсынхаа Засгийн газарт мэдэгдсэн үү гэдгийг нь  тодруулахад "…Компани худалдах, худалдан авах процесс нь хувийн аж ахуйн нэгжүүдийн дунд өрнөсөн асуудал. Түүнээс биш төрийн өмчийг худалдаж авч байгаа хэрэг биш шүү дээ. Тиймээс Засгийн газарт энэ талаар мэдэгдэх шаардлага байгаагүй. Харин цаашдаа энэ компаниас Монгол Улсын Засгийн газрын нэхэмжилж буй бүх өр төлбөрийн асуудлыг бид хариуцаж ажиллах нь тодорхой юм. …Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа энэ компанийн хувьд  эрсдэл бүр их өндөр байгаа. Би үүнийг тооцож үзсэн. Миний тооцоолсноор энэ компанийн ирээдүйн сайн сайхан нь муугаасаа илүү гэж үзсэн учраас өөртөө том эрсдэл хүлээсэн хэрэг. Яахав монголчууд сүүлийн хэдэн жил энэ компанийг дандаа муу муухайгаар цоллуулж ирснийг нь мэдэх байх. Цаашдаа энэ компанийг хөл дээр нь босгох, өр төлбөрийг нь барагдуулах, 2000 гаруй ажлын байрыг сэргээхийг зорих болно.” хэмээн ярьж байсан удаатай. Гэсэн ч одоо байгаа байр байдлыг нь харахад Алтандорнод Монгол” ХХК гэж Монголын хууль журмыг гишгэлсэн зоргоороо нэг компани байна. Өрөө төлж гавиагүй байтал нь өрийн хэмжээ нь багасаад байна гэхээр эрхгүй хар дагуулахаар. Т.Ганболд улстөрийн нөлөө бүхий эрхмүүдээр ар хийчихээд ингэж яваа юм биш үү?

М.Мөнхжин

Grandnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler