| |
Эдийн засгийг эрчимжүүлэхэд хориг тавьсныг Сангийн сайд мэдээгүй гэж үү
Татварын ерөнхий газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources, Rio Tintoкомпаниуд Монгол Улсад хуулийн дагуу төлөх ёстой татвараа гүйцэд төлж барагдуулаагүй, санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр акт тавьсан тухай өнгөсөн зургадугаар сараас эхлэн мэдээлэх болсон. Нийт 130 сая ам.долларын асуудал үүсгэсэн татварын маргаан дагуулсан мэдээллийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дэх Turquoise Hill Resources компанийн хувьцаа 4.2 хувиар буурсан. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид манай улсад 1.2 тэрбум ам.доллараар хэмжигдэх татвар, хураамжуудыг төлсөн, мөн татварын акт тавьсан зөрчлөө арилгахгүй бол гүний уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулах хугацааг хойшлуулна гэдгээ анхааруулсан юм.
Түүнчлэн энэ сарын эхнээс Оюутолгойн хөрөнгө оруулагчид татварын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дуулган хатуу үгс чулуудах болсон. Тэр ч байтугай дээрх акстыг Монгол Улсын татварын тухай хууль, тогтоомжууд, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаан таслах журмаар шийдвэрлэж олон улсын Арбитрын шүүхээр хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Асуудал хаанаас эхэлсэн бэ гэвэл Засгийн газраас Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг төсөв бүрдүүлэгч байгууллагыг уг хяналт шалтгалтыг хийхийг үүрэгдсэн. Тиймээс Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид татварын шалгалт хийхэд 130-аад сая ам.долларын татвараас зайлсхийсэн болохыг тогтоожээ. Уг мэдэгдэл Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайд ирсэн нь ийм хэмжээний татварыг төлөөгүй байж болзошгүй хэмээн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдын өмнө нь хэвлэлээр ярьж байсантай таарч байгаа юм. Ямартай ч Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид тавьсан татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу мэдэгдэж Арбитрын шүүхэд хандахаа илэрхийлсэн.
Татварын ерөнхий газар Сангийн яаманд харьяалагддаг. Тэгэхээр Сангийн сайд яагаад энэ талаар өнөөдрийг хүртэл ам нээхгүй байна вэ. Уг нь хяналт шалгалтын аливаа байгууллага тавьж буй актынхаа талаар холбогдох салбарынхаа удирдлагад танилцуулдаг. Энэ уялдаа холбоо Сангийн яам, Татварын ерөнхий газарт хамаарахгүй гэвэл итгэх аргагүй юм. Тэгвэл Сангийн сайд ийм асуудал үүсчихээд байхад хав дарж төсвийн орлогод Оюутолгой компаниас нөөц ашигласны төлбөрт400 сая ам.долларыг авахаар тусгасныг мэдсээр байж акт тавихад нь "Хүлээж бай” гэх команд өгч чадсангүй юу. Эсвэл төлбөрийн тэнцэл -646 сая ам.долларын алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 64 хувиар буурчихаад байхад ямар тактик хэрэглэх, аль "маневр”-ыг сонгохоо мэдэхгүй царайлсаар эдийн засгийг эрчимжүүлэхэд саад хийв үү. Энэ нь цаагуураа Засгийн газрын нэр хүндийг унагаахад их хувь нэмэр болов уу гэдгийг таахад бэрх. Учир нь Ч.Улаан одоогийн байдлаар бараг хамгийн "архаг” гэж хэлж болмоор туршлагажсан Сангийн сайд билээ.
Ч.Улаан сайд бол гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татан оруулах вэ, дэлхийд нэр хүндтэй гигантуудын зүгээс биднийг тольдох хамгийн зөв тусгал, жишиг болсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцох явдал шүү гэдгийг дэндүү сайн мэднэ. Гэтэл ийм эгзэгтэй үед Татварын байцаагчийнхаа үгэнд ороод дуугүй сууж байна гэдэг итгэмээргүй байгаа биз. Тэр тусмаа дотоодын томоохон компани дээр акт тавихдаа ч сайддаа танилцуулдаг байцаагч нь сайдыгаа алгасч гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том компани дээр дур мэдэн, сайдаасаа давсан шийдвэр гаргаж акт тавьсан гэхэд хэн итгэх вэ.
Шинэчлэлийн Засгийн газарт "ЭЗЭН-100” буюу эдийн засгийн идэвхжүүлэх 100 хоногоос 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Гэтэл хөтөлбөр эхлээд 50 орчим хоног өнгөрч байхад Оюутолгойд акт тавьсан тухай мэдээлэл гарч эхэлсэн. Харин сүүлийн өдрүүдэд Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөх гэж байгаа тухайгаа зарлах боллоо. Энэ бүхэн Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж гадаадын хөрөнгө оруулагчдыг "даллаж” байсан Монголын төрд ямар үр дүн авчрах бол. Аль эсвэл өнөөх "их улс төр”-ийнх нь эхний хор гүйж эвслийн зүгээс Засгийн газарт хориг тавьж хор найруулж "Бидэнд бас өөрсдийн эрх мэдэл бий” гэдгээ харуулах гэсэндээ МАН-ынхантай хардаж буйн илрэл үү гэдэг сонирхол татаж байна.
Ямартай ч Засгийн газар өнөөдрийг хүртэл эвслийнхэнтэй хэл амаа ололцож тэдэнд "гол дүр өгөхгүй байгаа”-гийн горыг "найруулагчдаа” буюу Ерөнхий сайддаа мэдрүүлэх гэсэн нь улс орны эдийн засагт дэндүү өргөн цар хүрээгээр хорлонтой тусчихав уу. Хэрэв нэгдсэн бодлого, уялдаа холбоотой ажиллаж чадсан бол татварын актаа цуцалж Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай үтэр түргэн хэл амаа ололцож энэ тухайгаа дэлхий дахинаа "тунхаглаж” олон улсын нөлөө бүхий хэвлэлүүдэд мэдээлэх арга хэмжээ авч болох байв. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төрийг хууль нь тогтвортой, улстөрчид нь шуналгүй, уян хатан бодлоготой улс орон гэж үзээд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж мэдэхээр байлаа.
Мөн Оюутолгой төслийн үйл ажиллагаа ч хэвийн үргэлжилж амласан ёсоор гүний уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил түргэсэн, Төсвийн тухай хуульд тусгасан нөөц ашигласны төлбөр 400 сая ам.доллар орж ирснээр ам.долларын ханш тогтворжих, "ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтэд нааштай үнэлгээ авч болох байв. Тэгэхээр Сангийн сайд мэддэг кэйс дээрээ мэдэн будилснаар Засгийн газартай түнжин хагарахад хүргэсэн будилааны эзнээр тодорч магадгүй юм.
С.Чулуун