| |
FATF: "Саарал"-д ороход "тусалсан" прокурорын авлига ба цагаатгасан шүүх
Францын нийслэл Парис хотноо хуралдсан ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гаргалаа. Уг нь манайх энэ жагсаалтад багтахгүй байх чиглэлээр өгсөн зөвлөмжүүдийг нь дагаж, мөрдсөн. Мөнгөх угаах, терроризмын эсрэг хуулийн хэрэгжилтүүдийг ч сайн хангаж байгаа. Төрийн түвшинд ч Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Гэвч ФАТФ манайхыг санхүүгийн бус бизнесийн үйлчилгээ эрхлэгчдийнхээ эрсдэлийг хангалттай үнэлээгүй, хяналт сул тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тооцох хариуцлага сул, дахиж давтагдахаас сэргийлэх чиглэлд муу ажиллаж байгаа. Мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлээгүй. Мэдүүлэлгүйгээр их хэмжээний мөнгө хилээр авч гарах гэж оролдсон хүмүүст хариуцлага тооцож байгаа байдал тодорхойгүй гэх мэт хэдхэн шалтгаанаар хяналтаас гаргахгүй байхаар шийдэж, "Саарал жагсаалт”-д үлдээлээ.
За тэр санхүүгийн бус бизнесийн үйлчилгээ эрхлэгчдийг хянах ч яахав, хийж болох байх. Их хэмжээний бэлэн мөнгө мэдүүлэлгүйгээр хилээр авч гарахыг оролдсон дотоод болон гадаадын хүмүүсийн хэргийг ч шүүх шийдчих нь гэж итгэж байна. Харин ганцхан асуудал байгаа нь авлигын хэрэг. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэчнээн авлига, хээл хахуулын хэрэг гарч ирлээ. Оффшор бүсэд мөнгөө нуусан, гадаадад олон хаус авсан. Бүхэл бүтэн улсын үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан. ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгийг хасан гээд дурьдаад байвал барагдахгүй. 2019 оны эхний хагас жилд авлигын улмаас учирсан хохирол 11.9 наяд хүрчихээд байна. Харамсалтай нь том хэргүүдээс шийдэгдсэн нь алга. Жижиг нь ч ялгаагүй дээ.
АТГ ажлаа бүх боломжоороо л хийж байгаа. Цөөнгүй авлигачдыг үйлдэл дээр нь баривчилсан. Бүр нэг хурган даргын оймсноос нь боодол ам.доллар гарч ирж байхад "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болж ч байх шиг. Хэл ам хийж байж хэргийг сэргээсэн. Түүнээс хойш юу болсон, тэд хэчнээн төгрөгийн авлига авсан. Тэдний цаана байгаа хүн хэн бэ гэдгийг тогтоосон юм алга. Ерөнхийдөө бүрхэг. Гаалийн байцаагчид авлигад авсан мөнгө халаагуурын цаагуур хаячихсан байсан нь баригдсан. Өнөөдрийг болтол тэр хүмүүсийг хэрхэн шийтгэсэн талаар мэдээлэл бас л алга. Тэрбум тэрбумаар тоологдох мөнгөн дүнтэй авлига, албан тушаалын хэргүүд "хөөн хээллцэх хугацаа дууссан” гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болсоор л.
АТГ-ынхан, Эрүүгийн цагдаагийнхан авлига авсан албан тушаалтнуудыг үйлдэл дээр нь баривчилдаг ч шүүх шийтгэдэггүй. Хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өнгөрдөг. Тухайлбал, 2016 онд Нийслэл болон Сүхбаатар дүүргийн ахлах прокуророор ажиллаж байсан О гэгчийг авлига авч байхад нь Эрүүгийн цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилсан. Тэрбээр П.А гэгч бүсгүйд "хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоол”-ыг гаргаж өгөхийн тулд гурван сая төгрөг нэхсэн.
Бүр тодорхой хэлбэл, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан П.А-гаас авлига авсан. 2016 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн орчим түүний эзэмшлийн "Соната” маркийн 58-00 УНЕ улсын дугаартай автомашинд 1.000.000 төгрөг. 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр 800 мянга, нийт 1.8 сая төгрөгийн хахууль авсан байна. Ийн авлига авч байхад нь түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Тэр үед цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг байсан юм.
Анхны шатны шүүхийн шийдвэр 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гарсан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны долдугаар сарын 05-ны өдөр хэргийг хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээсэн. Гэвч Улсын дээд шүүх2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон. Улмаар анхан шатны шүүх рүү буцаасан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаадсан гэсэн мэдээлэл байна. Авлига өгөхөөс өөр аргагүй болсон П.А гэгч бүсгүй түүнд 1.8 сая төгрөг өгөхийн тулд ээжээрээ тэтгэврийн зээл хүртэл авахуулсан байгаа юм. Энэ мэт хэргийг шүүх үнэн, зөвөөр нь шийдэж чадахгүй байна. Бүр үйлдэл дээрээ баригдчихаад байхад. Шүүх нэгэнт шийдвэр гаргасны дараа бусдыг гэмт буруутай гэж хэлэх эрх хэнд ч байхгүй.
Гэхдээ л прокурор байсан хүн албан тушаал, танил талаа ашиглаж, шүүхийн шийдвэр нөлөөлсөн байх магадлал ч бас бий. Тиймээс хууль, хяналтынхан дахин шалгаж, дээд шүүх яагаад ийм шийдвэр гаргасныг ч хянахад гэмгүй л юм. Монголд авлигын нөхцөл байдал яг ийм л байгаа. Хэд хэдэн том жишээ бэлээхэн бий. Авлига бол мөнгө угаах гэмт хэргийн нэг хэсэг яах аргагүй мөн. Хүнээс хууль бусаар, хэргийг нь шийдэж өгнө, ажлыг нь бүтээнэ гэж мөнгө авна. Дараа нь түүнийгээ хууль ёсоор олсон мөнгө мэтээр харагдуулж, ашиглаж байгаа учраас мөнгө угаалт мөн шүү дээ. Манай эрх мэдэлтнүүд ч авлигын хэргээс ангид байх оролдлого хийхгүй байна. Шүүх нь хүртэл авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хүний хэргийг цагаатгаж байхад манайх "Саарал жагсаалт”-д багтахгүй яах юм.
Энэ хэвээрээ авлигачид нь улсынхаа төсвөөс ч их мөнгөөр эх орон, ард түмнээ хохироогоод байвал ФАТФ хяналтаа улам л эрчимжүүлэх байлгүй. Манай улс хамгийн эрсдэлтэй орнуудын нэг байсаар байна. Цаашлаад дэлхий бидэнтэй харилцахыг хүсэхгүй бол яах билээ. Одоохондоо манайд ямар нэг санхүүгийн хориг тавихгүй л гэж байна. Дахиад 2, 3 жил өнгөрөхөд авлигачид нь авлигаа аваад, оффшор дансанд мөнгөө нуугаад, гадаадад байшин худалдаж аваад байвал санхүүгийн хориг тавьж ч магадгүй. Та нар ялж байна аа, авлигачид аа. Шударга бус шүүгчид ээ, баяр хүргэе. Улс чинь улам доройтож, ард иргэд чинь ядарч, та нар сансар руу дүрвэхэд бэлдэж байгаа байх. Яг үнэндээ та нар эх оронтойгоо л байлдаад байна даа.