| |
Сүхбаатарын талбайн авто зогсоол нийслэлийн өмчид ирж, орлогоо хотод төвлөрүүлнэ
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу "UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит "Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан билээ.
Улаанбаатар хотын төв талбайн урд талын 2.5 газар нийслэлчүүдийн мэдэлд нэгэнт ирсэн учраас одоо тус газрыг хэрхэн яаж тохижуулж, иргэдийнхээ амарч тухлах ая тухтай орчин нөхцөлийг цогцоор нь бүрдүүлэхийн тулд ямар бүтээн байгуулалт хийвэл зохимжтой вэ гэдэг талаар төслийн уралдаан зарлах гэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар мэргэжлийн байгууллагуудын дунд энэхүү төслийн уралдааныг 14 хоногийн хугацаанд зарлаж, шалгарсан төслийн дагуу бүтээн байгуулалтын ажил даруй эхэлнэ.
Сүхбаатарын талбайн урд хэсэгт бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулж, ажил эхлэх хүртэл "Улаанбаатар АЗЗА” ХХК-ийнхан хуучин авто зогсоолыг иргэд олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн түр ашиглуулж байхаар болсон. Тиймээс өнөөдөр өглөөнөөс эхлэн тус талбайд НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөг гэсэн тарифаар тээврийн хэрэгслүүдийг төлбөртэй зогсоож эхэллээ. "Улаанбаатар АЗЗА” ХХК-иас авсан мэдээллээр өглөө 07.30-10.30 цагийн хооронд тус талбайд 150 автомашин бүртгүүлж ороод байгаа аж.
Өмнөхөөс ялгаатай нь эл төлбөртэй зогсоолоос олсон орлого нийслэлийн төсөвт бүхлээрээ орох юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "UB constraction” компанийн мэдэлд байсан төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувь нь нийслэлд төвлөрөх ёстой байсан боловч нэг ч төгрөг Улаанбаатар хотод орж ирээгүй тул гэрээг нь цуцлах үндэслэл болсон билээ. Дашрамд дуулгахад, нийслэлийн өмчит "Улаанбаатар АЗЗА” компанийн хариуцаж буй тус зогсоол нь ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдээс зогсоолын төлбөр авах боловч амралтын өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.