| |
Шри Ланкийн баяны хөвгүүд амиа золиослогчид байжээ
Шри Ланк улсад христийн шашинтнуудын томоохон баярт тооцогдох "Улаан өндөгний баяр"-ын үеэр цуврал халдлага болж, 359 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархдаад байна.
Халдлагын ард алан хядах "Исламын улс" бүлэглэлтэй нягт холбоотой ажилладаг "National Thowheed Jamath" гэх жихади бүлэглэл үйлдсэн хэмээн эрх баригчид үзэж, хариуг нь барихаа сануулжээ.
Христийн шашинтнууд болон гадаадын иргэдийг гол байгаа болгосон нийт найман удаагийн халдлага болсон ба уг халдлагад есөн амиа золиослогч оролцсон гэнэ. Амиа золиослосон эмэгтэй жирэмсэн байсныг тогтоожээ.
Тэгвэл тус улсын хэвлэлүүд дээрх амиа золиослогчийн хоёр нь Шри Ланкийн тэргүүн баячуудын Мохамед Ибрахимын хөвгүүд байсан хэмээн мэдээлэх болсон талаар "theworldnews.net" сайт мэдээллээ.
Ибрахимын хөвгүүд болох Амсет Ахмад Ибрахим, Илхам Ахмед Ибрахим нар нь 30 орчим настай, дотоодын нэр хүндтэй их сургуульд өндөр боловсрол эзэмшсэн, эцгийнхээ тэргүүлдэг "Ishana Exports” халуун ногоо экспортлогч компанид ажилладаг байжээ.
Цагдаагийнхан цуст халдлагатай холбогдуулан 50 гаруй этгээдийг баривчилж, хэрэгт хамааралгүй гэдгээ баталсан 10 гаруй этгээдийг сулласан тухайгаа хэвлэлийн мэдээндээ дурьджээ. Сонирхолтой нь баривчлагдаад буй этгээдүүдийн нэг нь Ибрахим гэнэ. Ибрахим болон түний гэр бүл исламын шашин шүтдэг аж.
Халдлагад Ибрахимын гэр бүл ямар байр суурьтай оролцсон, гол зохион байгуулагч уу гэдгийг цагдаагийнхан тогтоохоор ажиллаж байна.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn