| |
Хуурамч тариа тарьснаас болж хөхөө авахуулсан эмэгтэйн гомдлыг шийдээгүй байна
Орчин үед гоё сайхан бие, хөөрхөн царайтай болохын тулд эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд хүртэл багагүй золиос гаргах болсон. Гоё сайхан бүхний араас нийгмээрээ ийнхүү давалгаалах болсон нь ашиг хонжоо олох гэсэн зарим нэг этгээдэд өгөөш болж, тэр хэрээрээ иргэд эрүүл мэндээрээ хохирох нь олширчээ. Хамгийн сүүлд гэхэд л хөх томруулж, хэлбэр засах ид шидтэй филтер тариа хийлгэсэн эмэгтэйчүүдийн нэг нь хөхний хорт хавдартай болж хөхөө тайруулжээ. Хохирогч эмэгтэй өнгөрөгч 2017 оны дунд үеэр уг тариаг хийлгэсэн бөгөөд үүнээс төд удалгүй халуурч, биеийн байдал эрс муудсан учир эмчилгээ хийлгэсэн боловч бүх зүйл нэгэнт оройтсон байжээ.
Учир нь эмэгтэйг хөхний хорт хавдартай болсон. Үүний шалтгаан нь хөх томруулах зориулалттай гэх тарианаас болсон гэдгийг эмч дуулгасан байна. Хөхний хорт хавдар химийн эмчилгээгээр эмчлэгдэх эс бөгөөс хөхөө авахуулах, бүр үгүй бол амиа алдах гэсэн гуравхан сонголттой нүүр тулгардаг аюултай өвчин. Хохирогч эмэгтэй эл гурван сонголтоос хөхөө тайруулахыг сонгосноор хүүхэдтэй болсон ч ангир шар уургаа хөхүүлж чадахгүйд хүрчээ. Ийнхүү эрүүл биеэ буруу сонголтын улмаас сэглүүлсэн бүсгүй өөртөө гомдох уу, эс бөгөөс өөрийнх нь гоё сайхан болох гэсэн хүслийг нь ашиглаж, эрүүл мэндийг нь золигт гаргасан "эмч” нэртэй ашиг хонжоо хайгчтай тэмцэх үү гэдгийн аль нэгийг нь сонгох болж.
Бүсгүй энэ удаа ашиг хонжоо хайгчийн эсрэг тэмцэж, бүсгүйчүүд өөр шиг нь хохирч үлдэхээс сэргийлэн цагдаад хандсан байна. Гэтэл буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулаад л өнгөрчээ. Үүнээс хойш төд удалгүй эмэгтэйн бие дахин муудсан байна. Тиймээс 2017 оны зургадугаар сар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин гомдол гаргаснаар эл хэрэг олны анхааралд өртсөн юм. Тухайн үедээ олны анхаарлын гол цэгт өртсөн эл хэрэг өнөөдөр таг мартагдаж, даагад хэрэг шийдэгдэлгүй өнөөг хүртэл гацжээ.
Эмнэлгийн байгууллагаас хийсэн шинжилгээгээр хохирогч эмэгтэйн хөхөнд тарьсан тариа нь хөхний уутанцарыг дүүргэх зориулалттай бус харин ч Монгол Улсын эмийн бүртгэлд огт бүртгэгдээгүй, юу гэх нь тодорхойгүй бүтээгдэхүүн байсан аж. Хохирогч эмэгтэйн тухайн үед хэлж, ярьсан мэдүүлгээр тариа тариулахаар очих үед салон нь засвартай байсан тул тариаг гэрийн нөхцөлд хийхээр болжээ. Үүнийх нь хариуд тарианы үнийг 50 хувь хямдруулна гэж хэлсэнд хохирогч эмэгтэй хууртсан нь хамгийн том алдаа болсон байгаа юм. Ингээд гэрт нь очиж, тариагаа хийлгэж. Гал тогооны өрөөндөө тариагаа соруулан ирэх үед анх харуулсан шилтэй тарианаас их хэмжээтэй харагдсан ч хохирогч эмэгтэй өвчиндөө зовуурласнаасаа болж нэг их тоогоогүй байдаг. Ингээд тариа хийлгэснээс хойш халуурч, хөх нь хавдаж эмнэлэгт хэвтснээр уг хэрэг мандсан түүхтэй. Бүхэл бүтэн 18 сар өнгөрчихөөд байхад хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.
Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Улсын Ерөнхий прокурорын газраас энэ хэргийг анхааралдаа авч, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа” гэдгээс өөр мэдээлэл олдсонгүй. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад "Хохирогч эмэгтэй манай байгууллагад хандаагүй. Хэрвээ манайд хандсан бол бид хяналт шалгалт хийх боломжтой. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа” гэв.
Энэ мэт ганцхан удаа тариа хийгээд л гоё сайхан болгоно, нэгхэн сар уугаад л гоолиг биетэй болно гэсэн сурталчилгаагаар иргэдийг хуурч, эрүүл мэндээр нь хохироож байхад хууль хяналтынхан болоод мэргэжлийн хяналтын газраас дорвитой арга хэмжээ авахгүй байна. Түүнчлэн ашиг хонжоо хайсан гэмт хэрэгтний буруугаас болж бүхэл бүтэн нэгэн эмэгтэй хөхөө тайруулчихаад байхад Эрүүгийн хуулийн 11.6 буюу бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэх нь зөв гэж үү. Уг хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа ч прокурорын байгууллагын тэргүүн нь ажлаа өгсөн. Ийн дотооддоо хөл хөдөлгөөн ихтэй байгаа ч гэлээ хууль журмынхаа дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, бусдын эрүүл мэндээр тоглосон дээрх хэрэгтэнтэй хариуцлага тооцох ажлыг яаравчлуулахад цагдаагийн алба хаагчдад анхаарал хандуулаач гэж хүсэе.
Учир нь дээр хэлсэн шиг эмэгтэйчүүдийн гоё сайхан болох гэсэн хүслийг мөнгө болгон харах этгээдүүдийн огтлолцох цэгт гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 123 эмэгтэйчүүдийн эмнэлэгт хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 22 эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авч, нийт хоёр нэрийн 370 ширхэг тун шил эм хурааж, устгуулахаар комисст шилжүүлсэн байдаг. Мөн ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй "Содмед", "Гурван гэгээ мед", "Эрхэм үйлстэн", "АСЯ", "Амьдрал бэлэглэгч" эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.
Түүнчлэн арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, эм биобэлдмэлийн хяналт, эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд цөөнгүй зөрчил илэрсэн байдаг. Үүнээс гадна Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, үйлдвэрлэсэн хугацаа дууссан гоо сайхны гэх зориулалттай тарилга улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлого сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна.
Эндээс үзвэл, иргэдийн гоё сайхан болох гэсэн хүсэл. Нөгөө талаас нь ашиг хонжоо олох гэсэн иргэдийн хүсэл хоёр хоёрын огтлолцолд гэмт хэрэгт үйлдэгдэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагын алба хаагчид энэ мэт үйлдлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх, иргэдийн зүгээс найдвартай, баталгаатай эмнэлэг, гоо сайханы газраар үйлчлүүлэх нь зүйн хэрэг биз ээ.
Гоо заслын эмнэлгүүдийн орчин стандарт хангахгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй эм, тариа хэрэглэж байхад гоо сайханы хагалгаагаар гоо сайхан болох хүсэлтэй охид бүсгүйчүүдийн тоо олширсоор байна. Гоо сайхан болох нь хүслийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ ямар хүний гарт эрүүл мэндээ, өөрийн төрөлх гоо сайханаа даатгаж байгааг эргээд нэг харахад буруудахгүй биз ээ.
Бидний сайн мэдэхээр БНСУ, Тайван, Тайлан зэрэг улсад гоо заслын мэс ажилбарыг дээд зэргээр хийдэг гэх. Өөрөөр хэлбэл, амжилттай болсон мэс ажилбар буюу 1-2 жилийн хугацааанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй мэс ажилбарын тоог харвал эдгээр улс гоо заслыг чадамгай хийдэгт тооцогддог. Гэвч албан бус судалгаагаар мэс ажилбарт орсон эмэгтэйчүүдийн 10 хүртлэх хувьд нь ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг учир уг гажгийг засуулахын тулд дахин хагалгааны ширээн дээр хэвтдэг байна.
Бид нийтлэлийнхээ эхэнд баталгаагүй тариа хийлгэсэн эмэгтэй эрүүл мэндээрээ хохирч хөхөө тайруулсан гэдгийг хэлсэн. Хохирогч эмэгтэйтэй холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч "тодорхой хариу өгөх боломжгүй” гэсэн юм.
Г.Эрдэнэ