|
Видео

Шинэ мэдээ

“Гранд Мед” эмнэлэг улсад бүртгэгдээгүй эм тариа хэрэглэж “хүний аминд хүрсэн” нь үнэн үү?

“Гранд Мед” эмнэлэг улсад бүртгэгдээгүй эм тариа хэрэглэж “хүний аминд хүрсэн” нь үнэн үү?

 


Эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд ажил мэргэжилдээ хайхрамжгүй, хайнга хандсаны улмаас иргэдийн эрүүл мэнд болоод амь нас хохирч байсан тохиолдлыг бид цөөнгүй мэднэ.  Тиймдээ ч эмч мэргэжилтнүүдийг өргөсөн тангарагтаа үнэнч, хариуцлагатай ажиллаасай хэмээн хүсдэгийн нуух юун.

Монголын хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд хамгийн томд тооцогдох "Гранд Мед” эмнэлгийн эмч хариуцлага алдсаны улмаас хүний амь эрсдэж байсан тохиолдол 2016 онд гарч байсан билээ. Тус хэргийн талаар тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд Мед” эмнэлэгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Б.Э нь хохирогч өвчтөнд мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүйн улмаас 27 настай эмэгтэй Х.О 2016 оны тавдугаар сарын 17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэлт ажиллагааны үед зүрх нь зогсон эмчлэгдэж байгаад, тухайн өдрийн маргааш нь буюу 2016 оны тавдугаар сарын 18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас барсан.


Хохирогч, талийгаач бүсгүйн ээж Ц.Д: "2016 оны тавдугаар 17-ны өдөр охинтойгоо хамт Гранд мед эмнэлэгт очин хагалгаа хийлгүүлэхээр хэвтүүлсэн. Биднийг Т эмч хүлээн авч нурууны судас дарагдсан байна. Тийм учраас мэс ажилбар хийгдэнэ, 97 хувийн баталгаатай гэсэн болохоор би зөвшөөрч охиноо хэвтүүлчхээд гадуур гаран явсан. Тэгэхэд үдээс хойш 16 цагийн орчим ирж уулзаарай, маргааш өглөө 09 цагийн үед хагалгаанд орно гэсэн. Тэгээд намайг ямар нэгэн хүндрэл байгаа юу гэхэд хүндрэл байхгүй, бичил мэс ажилбар байгаа. Хоёр цагийн турш үргэлжилнэ. Эмнэлэгт 2-3 хоноод гарч болно гэсэн. Өвчтөн цус багадалттай учир цус сэлбэх ажиллагаа хийгдэх хэрэгтэй байна гэсэн. Маргааш өглөө нь 07 цагт эмнэлэгт очиход манай охин унтаа байдалтай байсан. Эмчээс охиныгоо асуухад нойрсуулах эм өгсөн учраас ийм байгаа гэхээр нь охиноосоо зүгээр үү гэхэд нүдээ нээж чадахгүй, толгой дохин хагалгаанд орсон. Тэгээд удалгүй эмч гарч ирэн охины минь зүрх зогссон гэж хэлэхэд  би юу ч ойлгоогүй. Надаас урьд нь ийм төрлийн ямар нэгэн зүйл болсон уу гэхэд манай охин төрөхдөө бүтэн наркозонд ороод гарч байсан гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш тухайн эмчтэй уулзаагүй байна” хэмээн тайлбарласан.


Хохирогч бүсгүйн үхлийн талаар Гранд мед эмнэлгийн наркозны эмч хэлэхдээ "Наркозны харшил өгсөн байна” гэсэн онош гарсан гэхээр нь "өмнө нь наркозны харшилтай гэдгийг нь тогтоож болоогүй юм уу” гэхэд "тухайн наркоз 5-6 төрлийн найрлагатай байдаг учир яг алинаас нь харшил өгснийг тогтоох боломжгүй” гэсэн учир битүүлэг тайлбарыг өгсөн гэв.

Хамгийн хачирхалтай нь 27 настай эмэгтэй Х.О-г нурууны судас дарагдсан хагалгаанд оруулахдаа "Гранд Мед” эмнэлгийнхэн Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй, мэдээгүйжүүлэгч ашигласан гэв. Мөн түүнчлэн өвчтөнд сорил тавилгүйгээр мэдээгүйжүүлсэн нь хохирогч эмэгтэйн үхлийн гол шалтгаан болсон нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тодорхой болсон аж.

Тэр ч  бүү хэл мэдээгүйжүүлэлтийн үед хэрэглэсэн Бекарон гэх тарилгын эмийн бүртгэлийн хугацаа бичигдээгүй, эмзүйн судалгаа хийгдсэн гэх материал байхгүй. Алрокси гэх эмийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй зэрэг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эм био-бэлдмэлийн хяналтын улсын байцаагч, шинжээчийн дүгнэлтээр 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр тогтоогдсон аж.


Шинжилгээнд хамруулсан дээрх эм, тариануудаас Солонгос бичигтэй, цэнхэр тагтай, ногоон эрээн шошготой хуурай тариа, улбар өнгийн тагтай Солонгос бичигтэй шингэн тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын баталгаажуулалтгүй, харин бусад тариа нь бүртгэлтэй байсан аж.

Энэ мэт иргэдийн амь настай шууд холбоотой эмнэлгийн байгууллагын эмч, ажилчдын хариуцлага алдсан үйлдлээс болж аминаас холуур хийгдэх мэс ажилбар хүртэл хүний аминд хүрч болдог болохыг дээрх жишээ тод харууллаа. Энэ бүхэн зөвхөн "Гранд Мед” эмнэлгийн зүгээс хариуцлага алдсан баримт бөгөөд ийм тохиолдол өөр гарч байсан болохыг үгүйсгэхгүй. "Гранд Мед” эмнэлэг нь Монголдоо томоохонд тооцогддог, өртөг үнийн хувьд ч бусдаас хамаагүй өндөр үнэ ханштай байдаг хэдий ч иргэд чанар дагаад үнэ хэмээн тэднийг зорьдог нь үнэн.

Гэвч иргэдийн энэ сонголт зарим талаар буруу сонголт ч болж мэдэх юм. Ямартай ч тухайн эмнэлгийн эмч Ш овогт Б.Э-г өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Б.Э-г мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн боловч уг ялыг тэнсэн харгалзсан хэмээж байсан юм.


Эх Сурвалж: Mongolcomment.mn

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler