![]() |
Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгон шинэчлэнэ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр суманд ажиллажээ.
Б.Энх-Амгалан сайд дээрх чиглэлийн авто замын засвар арчлалтын байдалтай танилцаад, авто замын шинэчлэл хийх үеэр түр зам гаргах, түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, иргэдтэй хууль, журмын дагуу хамтран ажиллахыг холбогдох албаны хүмүүс, орон нутгийн удирдлагуудад чиглэл болгов.
Мөн түр зам гаргаснаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Тээврийн цагдаагийн албатай нягт хамтарч ажиллах, төмөр зам, авто замтай огтлолцох цэгүүдийг нарийн тооцоолж, ажлаа яаралтай эхлэхийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч, Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод үүрэг болголоо.
Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Харин шинээр хоёр эгнээ зам нэмж, дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын санхүүжилтийг эхний ээлжинд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас гаргаж, Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас нөхөн төлөх нөхцөлөөр шийдвэрлэх саналыг боловсруулан, холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Б.Аз
