| |
Олон хүний аминд хүрсэн ”Эко Алтан Заамар” хэнийх вэ?
"Эко Алтан Заамар" компанийн уурхайд өнгөрсөн долоо хоногт ноцтой осол гарч, дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдсан нь тодорхой болоод байна. Одоогийн байдлаар хоёр иргэний цогцсыг нурангин доороос гаргаж авсан байгаа бөгөөд үлдсэн иргэдийн цогцсыг гаргахаар онцгойгийнхон өдөр шөнөгүй ажиллаж байна. Нуранги үүссэн хэсэг, хөрсний нөхцөл байдал дахиад ч осол болж, олон хүний аминд хүрэхгүй гэх баталгаа алга байгаа талаар албаны хүмүүс анхааруулсаар байгаа.
Ослын шалтгааныг эхний байдлаар хөрсний нуралт гэж үзэж байгаа бөгөөд рашааны эх дээр хэсэгт газар ухаж, хөндсөнтэй холбоотой гэх яриа нутгийнхны дунд гарчээ.
Аврах ажиллагаатай хамт, хууль хяналтын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа ба осол гарсантай холбоотойгоор уурхайн ажиллагааг зогсоожээ. Мөн уурхайн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Мэдээж уурхай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг мөрдөж ажилласан уу, хөрс нурах эрсдэлт нөхцөл яагаад бий болсон гээд олон асуудал яригдах байх. Ингээд хөөхөөр "Эко Алтан Заамар" хэнийх вэ гэсэн асуулт эрхгүй анхаарал татна.
Албан бус эх сурвалжийн мэдээлэл, олны яриагаар бол энэ компанийг "Алтайн хүдэр" компанийн охин компани гэх бөгөөд хэрэв тийм бол уурхайн цаад эзэн нь Монголын толгой баячуудын нэг болох "Баян" Базараа болж таарна. Түүнийх мөн байна уу, биш байна уу хамаа алга. Гол нь уул уурхайн том, жижиг компаниуд хэрхэн ажилчдын аюулгүй байдал хангаж ажилладгийг, нөхөн сэргээлтэд хэрхэн анхаардаг, хүний амь нас, аюулгүй орчныг яаж бүрдүүлдэг гээд их мөнгө эргэлдүүлдэг алтны уурхайн ар дахь амьдрал энэ хэргийг хэрхэн шалгахаас ихээхэн харагдах учиртай. Иргэд энэ ослоос дөрвөн халуун амины үнэтэй ХАРИУЦЛАГА хүлээж байна!!!
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn