| |
Нурангид дарагдсан дөрвөн хүнийг одоо болтол олоогүй байна
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нурангид дарагдсан дөрвөн иргэн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргах ажиллагааг явуулж байна.
Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж.
Одоогоор нурангид дарагдсан дөрвөн ажилтан олдоогүй байна. Дөрвөн ажилтан амьд байх боломж тун бага гэдгийг ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр хэлж байна. Тэдний ар гэрийнхэн уурхайн кэмпэд ирсэн бөгөөд өчигдөр 19.00 цагийн үед ар гэрийн төлөөлөл 9 хүн осол болсон нурангийг прокурорын зөвшөөрлөөр орж үзжээ.
Аврах ажиллагаа явуулахад хүн хүч, техник хэрэгсэл зэрэг дутагдсан зүйлгүй ч үүсэн нөхцөл байдал хүнд болохыг аврагчид хэлж байна. Азаар тухайн компани техник хэрэгслийн хүчин чадал сайтай байгааг ОБЕГ-ын дэд дарга хэлжээ. Өнөөдөр орой хүртэл аврах ажиллагааг явуулаад үр дүнд хүрэхгүй бол Засгийн газарт мэдэгдэх асуудал ч яригджээ.
Б.Аз