![]() |
Хуулинд захирагддаггүй "ЭКО АЛТАН ЗААМАР" компанийн балаг дөрвөн хүний амийг авч одлоо, цаашид хуулиа биелүүлэх үү
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуранги болж, дөрвөн хүн дарагдсан харамсалтай осол өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны 16.00-17.00 цаг орчимд болсон. Одоогоор нурангинд дарагдаж сураггүй алга болсон дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргасан, үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
-ДӨРВӨН ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ОСЛЫН ШАЛТГААНЫГ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ-
Одоогоор тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоосон ч эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй гэсэн юм. Тодруулбал, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, "Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор та ийм хэмжээнд ярьж болно гэвэл ярина” гэх тайлбарыг өгсөн.
-"ЭКО АЛТАН ЗААМАР” ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛАХ САНАЛЫГ БОАЖЯ-НААС ГАРГАЖ БАЙЖЭЭ-
Осолтой холбогдуулан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм.
Өмнө нь 2017 онд Заамар сумын ИТХ-ын тогтоолоор тус компанийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа, хяналт шалгалтын дүгнэлтийн хамт БОАЖЯ-нд хүргүүлж байсан байна. Үүний дагуу Ажлын хэсэг ч томилогдож, шалгалт дахин оржээ. Хяналт, шалгалтын дүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас "Эко Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээ 2018 оны долдугаар сарын 20-нд олон нийтэд албан ёсоор зарлаж байжээ.
Хэрэв тухайн үед үйл ажиллагаагаа зогсоосон бол өдгөө дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэхгүй байх боломж байлаа.
Гэтэл өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж, нэг биш нэлээд хэдэн хүн амь насыг хохироогоод байна.
-ДАХИАД Ч НУРАНГИ ҮҮСЧ, ОЛОН ХҮН ЭРСДЭХ АЮУЛ БАЙГАА ГЭВ-
Мөн дахиад ч нуранги үүсч, олон хүн эрсдэх аюул байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцолсон. Тодруулбал, Онцгой байдлын аврагчдын эрэн хайх ажиллагаа явуулж байгаа талын ханан дээр зузаан тогтсон мөс өдрийн цагаар хайлж, дусаад байгаа аж. Хэрвээ мөс ихээр нурвал олон хүн эрсдэх аюултай байдалд байгаа юм байна.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан "Эко алтан заамар” компанийн балгаар амьдралаа залгуулж явсан жолооч нар амь үрэгдэж, эрэн хайх ажиллагааг явуулж буй олон хүн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.
Энэ олон хүний амь насыг эрсдэлд оруулж байгаа тус компанийн үйл ажиллагааг одоогоор бүр биш түр хугацаагаар зогсоогоод байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэг явдал намжсаны дараа дахиад үйл ажиллагаагаа явуулахыг үгүйсгэхгүй. Тиймээс төр болоод хууль хүчний байгууллага дорвитой арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шаардлагатай гэдгийг олон нийт шаардсаар байна.
Т.Гэрэл
