![]() |
"British School Of Ulaanbaatar" сургууль үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг "British School of Ulaanbaatar” сургуулийн албан ёсны цахим хуудсанд 2019 оны хоёрдугаар сарын 23-ны оройн 23.05 минутын үед "Сургуулийн багш ажилчдыг зодож байна” гэх гарчигтай бичлэг цацагдсан. Уг бичлэгт тус сургуульд эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс үймэн, сандарч буй дүрс бичигдсэн байдаг. Тухайн өдөр иргэдээс ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг хуулийн хүрээнд таслан зогсоожээ.
Уг үйл явдлын дараа тус сургуулийн захиргаанаас мэдэгдэл гаргаж "Сургуулийг эзэлсэн асуудал огт байхгүй. Сургууль хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сургууль нэг дэх өдрөөс хэвийн ажиллана” гэсэн. Бид эл сургуулийн Дэд захирал н.Индратай утсаар холбогдож лавлахад "2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр "British school of Ulaanbaatar” сургуулийн бүх багш, ажилчид ажлын байран дээрээ цугласан боловч хэвийн үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй байна” гэх тайлбарыг өглөө.
