![]() |
“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл “British School of Ulaanbaatar”-д "халдсан уу"
"British School of Ulaanbaatar” сургуулийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Ариунаа сошиалаар лайв хийжээ. Тэрбээр "Хүндэт эцэг, эхчүүд ээ, сурагчид аа, гадаад сургуулийн багш нар чинь айгаад чемоданаа бариад онгоцны буудал явж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн чинь ангид танихгүй хүмүүс архи ууж, тамхи татаж байна. Уучлаарай, би юу ч хийж чадахгүй байна, уучлаарай”.
"Би сургуулийнхаа урд барьцаалагдаж, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Монголынхоо боловсролын салбарт монголын ирээдүй, хүүхэдч, багачуудын төлөө энэ сургуулийг би үүсгэн байгуулсан. Яагаад өнөөдөр баян чинээлэг хүмүүс бидний хийсэн баялгийг, үр хүүхдийнхээ төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан дээрэмдэж байгаа юм. Энэ бол төрөөс дээрэмдэж авсан "НИК” компани биш. Энэ бол "Эрдэнэт”-д бензин шахаж байгуулсан "Петровис” компани биш.
"Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл манай сургуульд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5 сая ам.доллар 30 хувь нь хүрэхгүй байсан. Тиймээс бид 7.5 сая ам.долларыг "Хас” банкнаас зээлж, энэ сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөхдөө би тэр хүнд итгэсэн. Ж.Оюунгэрэл намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж би бодоогүй. Өчигдөр 15.00 цагийн орчимд хорь, гучин хүн манай сургуульд орж ирээд багш ажилчдыг хөөсөн. Ямар ч шүүхийн шийдвэр гаргаагүй байхад хүч түрэмгийллээ. Иймээс төрийн гурван өндөрлөгт хандан тусламж хүсч байна” гэжээ.
Тус сургуульд өнгөрсөн баасан гаригт оройн хичээл тарах үед хэсэг залуус ирж, сургуулийн ажилчдыг хүчээр хөөн гаргаж, сургуулийг цоожилсоноор асуудал үргэлжилжээ. Дээрх залуусыг "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл явуулсан гэж тус сургуулийн удирдлагууд үзэж байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
