|
Видео

Шинэ мэдээ

ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХГҮЙ

Өнгөрсөн амралтын өдрийн дуулиант мэдээ нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдсон Б өөрийнхөө амийг егүүтгэсэн гэх хэрэг байлаа. Түүнийг өөрийнхөө хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн хэмээн мэдээлж байна. Тэрбээр авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж буй шүүгч нарын нэг байж болзошгүй аж. Түүнийг хуулийн байгууллагаас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгаж байсан гэх мэдээлэл бий.

 

Үүнээс өмнө Салхитын мөнгөний ордыг тойрсон бас нэгэн дуулиан дэгдсэн. Тэр нь Тагнуулын байгууллага гүйцэтгэх  ажиллагаа явуулж, "энгийн иргэний гэрээс 1.3 сая ам.доллар хураан авлаа” гэх мэдээлэл байв. Монголын эрх мэдэлтнүүд, Хятадын баячуудын холбогдсон энэ хэргийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцохдоо ноцтой мэдээллийг өгсөн. Тэрбээр Салхитын мөнгөний ордыг булаацалдаж байгаа хятадууд Монголын хуулийн байгууллагыг хоёр талцуулсан. Цагдаа, шүүгч, прокуророос эхлээд мөнгөтэй хятадуудын талд ажиллагсад цөөнгүй гэх мэдээллийг өгч байв. 150 сая ам.доллароор үнэлэгдэх алтны нөөцтэй Салхитын мөнгөний ордын асуудал асар их авлига, албан тушаалын хэргийн дуулиан дагуулсан. Харин одоо хүний аминд хүрэх хэмжээний ноцтой болон даамжирч хүндрэв үү?

Мэдээж, үхсэн хүн үг хэлэхгүй. Түүнийг нас барсан талаарх анхны мэдээлэл нь амиа хорлосон. Хуулийн байгууллагад олон жил ажилласан эмэгтэй үнэхээр амиа хорлосон бол түүнд ноцтой шалтгаан хэрэгтэй. Авлига, албан тушаалын  ноцтой хэрэгт холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар тэр үнэхээр амиа хорлосон уу, эсвэл хорлогдов уу. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бол түүнд дайсан олон байгаа нь мэдээж. Монгол, Хятад хоёр улсын эрх мэдэл, албан тушаалтай, мөнгөтэй хүмүүс энэ хэргийн тойронд яригдаж, шалгагдаж байгаа. Тэгэхээр түүнийг хорлосон гэж хардаж ч болохоор. Амиа хорлосон гэх мэдээллийг аль хэдийнэ тараасан. Араас нь "түүнийг алсан” гэх мэдээллийг хэн ч өгөхгүй. Тэр дундаа хорих ангид хоригдож байсан хүн бусдын гарт амиа алдсан гэвэл хуулийн байгууллагын нэр хүнд шалдаа бууна. Товчхондоо төрийн хамгаалалтад байсан хүн алагдсан гэх мэдээллийг хуулийн байгууллагынхан өгөхгүй. Үнэн байсан ч дараад өнгөрнө. Үхсэн хүн үг хэлэхгүй.

Баялгын хараал гэх ойлголт бий. Энэ нь өргөн утгаараа байгалийн асар их баялагтай ч хөгждөггүй улсын хувь заяаг тодорхойлно. Энд Монгол Улсыг нэрлэхэд буруудахгүй. Нөгөө талаар байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж, улсад, өөр бусдад хохирол учруулсан гэмт үйлдэл. Үүнийг нүгэл нүдээрээ гарна гэж ч хэлдэг. Ямартай ч Монголын байгалийн асар их баялгийг ил далд аргаар хууль бусаар "идсэн” хүмүүсийн баг эхнээсээ тайлагдаж байна. Тэд амиа егүүтгэж эсвэл нэгнээ хорлож хуулиас зугтахыг хичээх бололтой. Үнэн ялдаг хорвоогийн хууль бий.




shuud.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.