| |
Монгол Улс ШХАБ-ын тойрог дотор орох уу, гадна үлдэх үү
ШХАБ-ын үндэс нь 1996 онд Хятад, Орос, Казахстан, Киргизстан болон Тажикстан гэх улсууд "Шанхайн тав” бүлгэмийг анх байгуулснаар тавигдсан юм. Эдгээр улсууд нь 1980-аад оноос эхлэн бүгд газар нутгийн маргаантай байсаар ирсэн юм. ЗХУ нь 1990 онд задран унаснаар газар нутгийн маргааны асуудал улам даамжрах хандлагатай байсан тул эдгээр орнууд тус маргааныг хамтран шийдэх зарчмаар "Шанхайн тав” бүлэг бий болжээ. Хожим 2001 онд Узбекистан улс нэмэгдсэнээр ШХАБ-ыг үүсгэн байгуулсныг албан ёсоор тунхагласан юм. ШХАБ үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиглэлтэй. Гишүүн орнууд нь бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, соёлын чиглэлээр хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурсан байдаг юм. ШХАБ-ын төв байр БНХАУ-ын нийслэл Бээжинд байрладаг ба албан ёсны баримт бичгийн үндсэн хэл нь Хятад болон Орос хэл аж. Харин 2017 онд Энэтхэг, Пакистан улсууд ШХАБ-д элссэнээр байнгын 8 гишүүн оронтой болсон. Өнөөдрийн байдлаар ШХАБ-ын бүрэн эрхт байнгын гишүүн найман орон нь дэлхийн нийт хүн амын тал, дэлхийн нийт ДНБ-ий дөрөвний нэг хувь болон Евразийн газар нутгийн 80 хувийг эзэлж байна.
ШХАБ-ыг албан ёсоор ингэж танилцуулсан байх юм. Гэхдээ бодит байдал болон олон улсын нэр хүнд бүхий шинжээчдийн дүгнэлт өөр зүйлс өгүүлдэг байна. Энэ бүхнийг Монголтой харьцуулав ийм болох аж.
1. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орнууд бүгд газар нутгийн маргаантай
ШХАБ-ын нөлөө бүхий том гүрнүүдийг нь дурдъя. ОХУ нь Японтой Курилийн арлуудыг булаацалддаг. Мөн Украинтай хилийн шугам болон Крымийн хойгийн газар нутгийн маргаантай явдаг. БНХАУ нь Энэтхэг, Япон, Бутан, Малайз, Индонез, Вьетнам, Филиппин, Хойд Солонгос, Тажикстан зэрэг улсуудтай газар нутгийн маргаантай. Энэтхэг, Пакистан хоёр удаан хугацааны туршид хоорондоо газар нутгийн маргаантай явсаар байгаа юм. Тус хоёр улсын асуудал ШХАБ төдийгүй дэлхий нийтийн хувьд хурцадмал асуудал билээ. Харин Монгол Улсад газар нутгийн маргаан байхгүй. Цаашид үүсэх нөхцөл байдал ч үгүй билээ.
2. ШХАБ-ын гишүүн орнууд нэг хүнийг тахин шүтдэг
Засаглалын хувьд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орнуудад бүгд найрамдах засаглал давамгайлдаг юм. Хятад, Орос, Казахстан, Тажикстан, Узбекистан, Киргизстан улсууд нь Ерөнхийлөгчийн засаглалтай. Харин ШХАБ-ын отгон гишүүд болох Энэтхэг, Пакистан улсууд нь Ерөнхийлөгчийн засаглалгүй ч нэг нам ноёрхсон тогтолцоотой юм.
ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн Афганистан болон Иран улсууд нь мөн л Ерөнхийлөгчийн засаглалтай. Турк улс парлиаментын засаглалтай ч нэг хүний буюу ерөнхийлөгчийн тогтолцоо удаан оршин тогтнож байгаа юм.
Харин ажиглагчийн статустай Монгол Улсын хувьд 1990 оноос хойш таван Ерөнхийлөгч, 14 Ерөнхий сайдын нүүр үзжээ.
3. Цэргийн хүч ба зэвсэгт хүчний бодлого
Тус олон улсын байгууллагын бүрэн эрхт гишүүн орнууд нь дэлхийн хамгийн олон байнгын цэрэгтэй, хүчирхэг армиудаас бүрдсэн цэргийн эвслийг бүрдүүлж байна.
ШХАБ үүсэх болсон бас нэгэн шалтгаан нь тухайн үеийн Төв Азид үзүүлэх Афганын Талибуудын заналхийлэл байжээ. ЗХУ задран унаснаар Төв Азид олон жижиг улс шинээр бий болсон юм. Гэтэл тэд Афганистан улсын хувьд хүчин мөхөс байсан юм. Тиймээс нэгдмэл хүчээр Афганистаны эсрэг хөдлөх нь чухал болсон аж. Нөгөөтэйгүүр АНУ, Европ болон НАТО-гийн авч хэрэгжүүлсэн тархай бутархай, хүч султай Төв Ази ба Ойрх Дорнодод нөлөөгөө тогтоох үйл ажиллагааны эсрэг нэгдмэл эрх ашгаа хамгаалах зорилготой байгууллага гэж олон улсын шинжээчид дүгнэдэг байна. ШХАБ ч жил бүр том хэмжээний цэргийн сургуулилтыг тогтмол хийж, өөрсдийн батлан хамгаалах салбарын нэгдмэл байдлаа гадаад ертөнцөд харуулах болсон.
ШХАБ нь бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангахын тулд алан хядлага буюу терроризм, салан тусгаарлах хөдөлгөөн буюу сепаратизм, хэт даврах үзэл буюу экстремизмийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Сайн ажиглавал бүрэн эрхт гишүүн орнууд нь бүгд олон үндэстэн ястнаас бүрдсэн Бүгд найрамдах улсууд аж. Мөн дотроо алан хядлага, хэт даврагчдын үймээнтэй үргэлж тулгарч байдаг. Мэдээж дээр дурдсэн нэг хүчинд төвлөрсөн засаг захиргааны тогтолцоонд эдгээр нь аюултай үзэгдлүүд юм.
Монголын ард түмэн ч гэсэн мөн л олон үндэстэн ястнаас бүрдсэн билээ. Гэхдээ бид бол дэлхий дээрх хамгийн амар тайван нэгдмэл үндэстнүүдийн нэг юм. Мөн батлан хамгаалахын гадаад бодлогод аливаа сөргөлдөгч талуудын аль нэгийг дэмжихгүй төвийг сахисан байр суурийг барих болно гэж тунхагласан.
Тайлбар
4. Эдийн засгийн үр өгөөж
Дээд хэмжээний уулзалт бүрдээ ШХАБ нь бүс нутгийн хэмжээн дэх эдийн засгийг өргөжүүлэх талаар олон том төслүүд хэрэгжүүлнэ гэж онцгойлон дурддаг. Үнэн хэрэгтээ энэ олон жилийн турш дорвитой хийгдсэн нэг ч том төсөл байхгүй. Харин тэргүүлэгч орнууд болох ОХУ болон БНХАУ-ын хувьд анх 1990 онд худалдааны нийт эргэлт нь хоёр тэрбум ам.доллар байжээ. Харин 2018 онд 80 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Үүнийг мөн онд Оросын Владивостокт болсон тус улсуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүн нар нь найрсаг харилцаа хэзээ хэзээнээс илүүтэй бэхжиж буйг тэмдэглэн хундага тулгасан явдлаас харж болохоор байна.
ШХАБ-д элссэнээр эдийн засаг ийм өндөр хөгждөг гэвэл бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Учир нь Энэтхэгээс бусад бүрэн эрхт гишүүн орнууд нь Орос, Хятад хоёроос эдийн засгийн хувьд хэт хамааралтай. Өөрөөр хэлбэл том төсөл хэрэгжүүлэхэд ШХАБ-ын байр суурь хамгийн эхэнд тавигдах ёстой юм. Нэг жишээ нь, Тажикстан улс Хятадад хоёр тэрбум ам.долларын өртэй бөгөөд өрөө дарахын тулд газар нутгаа түрээсэлж эхэлсэн гэдэг. Үндсэндээ энэ улсын эдийн засаг Хятадын хөрөнгө оруулалтгүйгээр зогсонги байдалд орох юм.
Одоогийн байдлаар ШХАБ-ын тэргүүлэгчид болох Орос, Хятад нь эдийн засгийн хувьд барууны ертөнцтэй хүйтэн харицаатай байгаа. Тухайлбал Орос улс нь АНУ болон Европын эдийн засгийн хоригт байгаа. Харин Хятад улсын хувьд АНУ-тай эдийн засгийн дайн хийж буй. Дээрээс нь аль хэдийн олон улсын эдийн засгийн хоригт байгаа Иран улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болбол бусад гишүүд нь бүгд эдийн засгийн хоригт давхар орох юм.
Энэ нөхцөл байдалд Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор гуравдагч хөршийн нээлттэй эдийн засгийн бодлогоо алдана гэсэн үг. Үүнийг үл тоомсорлон хоёр хөрштэй байгуулах эдийн засгийн коридор байгуулах ажил ШХАБ-аар дамжин сайжирна гэж тооцоолж болох талтай. Тэгвэл хоёр хөршөөс хэт хамааралтай байгаа эдийн засгийн хамаарал улам өсөж бүрэн утгаараа Хятад, Оросын хавханд орох бодит аюул байгааг зарим судалгаанд хэлдэг.
5. Газарзүйн шаардлага
Хоёр хөрш маань Монгол Улсыг ШХАБ-д элсэхийг уриалж, юу юунаас илүүтэй ятгах болсны нэг нь газрын зурагтай холбоотой. Магадгүй Монгол Улс ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хамгийн хоржоонтой сэдэв нь энэ байх. Мэдээж ШХАБ бол Евразийн бүс нутгийн хэмжээний хамгийн том байгууллага. ШХАБ-ыг хэн нэгэнд сурталчлан таниулж ямар ач холбогдолтой том байгууллага вэ гэдгийг тайлбарлахын тулд газрын зургийг өнгөөр ялган будах хэрэгтэй. Гэтэл Евразийн яг голд нь байрлах Монгол Улс ганцаар өөр өнгөтэй харагдаж байгаа юм. Иймээс Монгол Улс зайлшгүй ШХАБ-д байх хэрэгтэй болсон юм.
Энэ бүхнээс дүгнэхэд, хэрэв Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болбол эдийн засгийн таатай нөхцөл бий болж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ талаар тоймтой тооцоолол байхгүй. Мөн ШХАБ-ын гишүүн болохын тулд дүрэм журамд заагдсаных нь дагуу төрийн бодлого, гадаад бодлогоо тэдэнтэй нэгдмэл ашиг сонирхолтой болгох шаардлагатай юм.
Ногоон нь: ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орнууд /Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан/
Хэрвээ ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсвэл дагуулд нь буюу бонуст нь бидэнд юу ирэх вэ. Хамгийн эхэнд нэг хүний магадгүй Ерөнхийлөгчийн тогтолцоо бий болж болох юм. Түүний дараа магадгүй барууны хөрөнгө оруулагчдыг алдах эрсдэл хүлээх магадлалтай юм. ШХАБ-ын дүрэм журмын дагуу эдийн засгийн том төслүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын эрх ашиг нэгд тавигдах шаардлагатай. Тиймээс манай том төслүүд буюу уул уурхайн салбар хэрхэх бол гэдэг асуулт болон үлдэх юм.
Эх сурвалж: setsgo.org, Global Times, Modern Diplomac