| |
ШХАБ гэж юу вэ?
ШХАБ бол товчхондоо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. 1996 онд Орос, Хятад, Казахстан, Кыргызстан, Тажикистан зэрэг улсууд Шанхайд уулзаж, хилийн район, цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Энэ явдлын дараа дээрх улсуудыг нэгтгэн "Шанхайн тав” гэж нэрлэдэг болсон байв. Үүний дараа буюу 2001 онд Узбекстан улс нэгдэж, байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж, 2017 онд Энэтхэг, Пакистан улс нэгдэж, найман гишүүн улстай албан ёсны байгууллага болсон.
Зураглалаар харахад хил залгаа улсуудын нэгдэл гэж ойлгож болохоор. Тэгвэл энэ байгууллагад Монгол Улс нэгдэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг ажиглагчид цочирдон хүлээн авсан юм. Улмаа цахим хуудсаар эерэг, сөрөг олон сэтгэгдэлүүд хөвөрч эхэллээ. Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн болох уу гэсэн асуултанд "Бид төвийг сахисан байр суурьтай байна” гэж хариулж байлаа. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгч төвийг сахихгүй гэдгээ мэдэгдчихлээ.
ШХАБ-д элссэнээр Монголд ийм тийм ашигтай гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ олон улсын байгууллагын гишүүн орон бүр татвар төлдөг. Энэ зарчмаар бид ШХАБ-д жил бүр олон зуун мянган ам.долларын татвар төлнө гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Өнөөдрийн цонхоор харахад энэ боломжгүй тансаглал. Бид хүүхдүүдээ алагчлахгүйгээр мөнгө олгож чадахгүй сульдсан эдийн засагтай байгаа шүү дээ.
Мөн Монгол Улс ШХАБ-ын гишүүн орон болсноор "гуравдагч хөршийн бодлого” бүрэн алдагдана. Ингэснээр хоёр хөршөөс бүхий л талаараа бүрэн хамааралтай болно. Улмаар олон улсад Оросын, эсвэл Хятадын байр суурийг хамгаалсан үзэл баримтлалтайгаа илэрхийлэх болно. Жишээ нь манай улс ШХАБ-д жинхэлбэл, НҮБ-д ОХУ-аас оруулах АНУ-ын эсрэг тогтоолд дэмжлэг хүсдэг, дэмжээгүй тохиолдолд Монгол-Оросын харилцаа, худалдаанд оросууд эл гишүүнчлэлийг нь зэвсэг болгон ашиглавал яах вэ гэдгийг бид тооцоолохгүй байна. АНУ-ын эсрэг Оросын талд зогсоогүйнх нь төлөө бензин шатахууны худалдааг хэдэн өдрөөр саатуулахад Монголын дотоод байдал орвонгоороо эргэнэ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч төсөөлөлгүйгээр ахархан харж, мэдэгдэл хийсэн гэж шүүмжлэх хүмүүс олон байна.
Гэхдээ яг элсэж, гишүүн болоогүй байна. Тиймээс ШХАБ-ын гишүүн болчихвол ямар давуу талтай, ямар сул талтай талаар олон удаагийн хэлэлцүүлэг явуулж, нэгдсэн байр суурьт хүрч шийдвэр гаргах нь зөв болов уу.