| |
Монголын хөлбөмбөгчдийн “Үндэсний шигшээ багийн өдөр” өнөөдөр тохиож байна
Монголын үндэсний шигшээ баг 2001 оны хоёрдугаар сарын 19-нд Бангладешийн шигшээ багтай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан энэ түүхэн өдөр "Шигшээ багийн өдөр”-өө болгон тэмдэглэхээр болсон түүхтэй аж.
Хоёр дахь удаагаа тэмдэглэж байгаа "Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг өнөөдөр 18 цагт UB Event hall-д болно. Энэ үдэш бараг 60 жилийн тэртээх 1960 оноос өнөөг хүртэлх үндэсний шигшээ багийн төлөөллүүд нэг дор цуглаж, дурсамж дүүрэн мөч бүрээ эргэн дурсаж, өнөөдөр болон өнө ирээдүйн амжилт, ялалтын талаар халуун яриа өрнүүлэн тэмдэглэх юм.
Мөн энэ үеэр 1960 оноос хойшхи үндэсний шигшээ багийн хийсэн бүх тоглолтын статистикийг танилцуулж, сонирхолтой мэдээллүүдийг сонихуулахаар зэхсэн байна.
МХБХ-ны 60 жилийн ойн хүрээнд хийх ажлуудаа "Үндэсний шигшээ багийн өдөр”-өөр эхэлж байгаа аж. 2019 онд "Цоо шинэ түүх” эмэгтэйчүүдийн шигшээ багт зориулсан ёслол, хөлбөмбөгийн спортын мастер цолтнуудаа алдаршуулах, Грассрүүтс болон MFF FAN DAY, Хөлбөмбөгийн эрдэм шинжилгээний хурал, 60 жилийн түүхийг өгүүлсэн ном, баримтад кино бүтээх зэрэг олон талт гэгээлэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
montsame.mn