| |
Бөхийн барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүллээ
Нутгийн зөвлөлийн золгуутыг Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Ш.Алтанбагана, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар нээж үг хэлсэн байна. Тэд, Нохой жилд хонгор нутгийн ард иргэд олон сайхан тод мөртэй амжилтууд гаргасныг, аймаг орон нутгийн хөгжил дэвшилтэй холбоотой олон арван бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн, хүн ам өссөн, улсын хэмжээнд ямаан сүргээрээ тэргүүлж, тэмээн сүргээрээ хоёрт орсон зэрэг амжилтуудаасаа тодосгон, уугуул суугуул иргэддээ мэдээлэл өгсөн юм.
Нэгдсэн золгуутын уламжлал болсон улс, аймгийн алдар цолтой 48 бөхийн барилдаанд Баянбулаг сумын уугуул улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, аймгийн арслан Б.Бат-Амгалан үзүүрлэжээ. Мөн уламжлал ёсоороо нохой жилийн есөн алдартнуудаа тодруулсан байна.
Монголын бурхан шашны гурван зулын нэг хамба номун хан ханчин чойжил Эрдэнэ бандит хутагт Лувсанданзанжанцаны 380 жилийн тэгш дүүрэн ой, төвийн бүсийн их хурд наадам, Лувсанданзанжанцаны наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэнд бат оршил өргөх ёслол энэ зун Баянхонгор аймагт болно. Хонгор нутгийнхаа уугуул, суугуул иргэдийг тус наадмууддаа өргөн дэлгэр оролцохыг мөн үеэр урьжээ.