| |
Видео
Шинэ мэдээ
Бөхчүүд нутаг нутгийн галдаа төвлөрчээ
Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойлгон эхлэх мөч ойртсоор. Хэн гээч хүчтэн түрүүлж, хэний хүү цолоо ахиулж, хэн нь шинээр цол авах бол хэмээн хүн бүр л өөр өөрсдийн таамгаа дэвшүүлэн суугаа нь лавтай. Үүний сацуу алдар, цолтой бөхчүүд маань ч нутаг ус, аймаг сумынхаа хүчтэнүүдтэй хамт галд гарч, бэлтгэлээ улам чамбайруулаад эхэлжээ. Уншигч та бүхэнд бөхчүүд хаана, хаана, хэрхэн бэлтгэлээ базааж байгаа талаар сонирхуулъя. Энэ жилийн хувьд тэгш ой тохиож буй учир баяр наадмаар 1024 бөх зодоглохоор болсон билээ.
Баянхонгор аймгийн "Их богд” дэвжээ
Хонгор нутгийн бөхчүүд наадмын өнгийг нэн түрүүнд тодорхойлоод амжсан. Угтаа 2016 оны "Бүх цэрэг”-ын баяр наадамд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны тамирчин их аварга Дашдоржийн Цэрэнтогтохтой овог нэр ижил цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтох 256 бөхийн манлай нь болж, цэргийн арслан цол хүртсэн билээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн өргөөнөө болсон "Чингэлтэй хайрханы хишиг” улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн арслан Б.Золбоо үзүүрлэсэн. Үндэсний их баяр наадмаар шинэ цолтон төрөх бололцоотой гэдгийг Их богд дэвжээнийхэн ийнхүү батлан харуулаад буй юм. Тус нутгийн бөхчүүд энэ сарын 13-нд Төв аймгийн Цонжинболдогийн ойролцоохь Боорчийн өртөө амралтын газарт галдаа төвлөрчээ. Галыг Монгол Улсын харцага Б.Батболд удирдаж гарсан бол бөхчүүдээс улсын цолонд ойрхон яваа аймгийн хурц арслан Э.Эрдэнэхүү, аймгийн арслан Б.Золбоо, Б.Бат-Амгалан, цэргийн шинэхэн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан Г.Батцэнгэл, аймгийн начин Г.Жамбалдорж нарын бөх нэгджээ. Мэдээж Хонгор нутгийн бөхчүүдийн манлай Монгол Улсын начин Ж.Чулуунбат "Рио 2016” олимпын наадамд өрсөлдөх учир чөлөөтийн бэлтгэлээ чамбайруулсаар байгаа. Түүнийг Бразилийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулна гэдэгт бөх сонирхогчид найдвар тавьж буй билээ.
Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээ
Дархан аваргуудын өлгий нутгийн бөхчүүд уламжлал ёсоор Төв аймагтаа өөрсдийн Бэлтгэлийн төвд бөхийн галдаа нэгджээ. Монгол Улсын начин Б.Бадам-Очироор удирдуулж, Улсын заан Б.Батмөнх, улсын начин Ж.Отгонбаяр, улсын начин Б.Батчулуун нарын бөх нэгэн гал болон төвлөрсөн байна. Зааварлагч багшаар Монгол Улсын гавьяат тамирчин Ардын багш, Монгол Улсын харцага Д.Сэрээтэр ажиллаж байгаа. Шинэ залуу үеийн төлөөлөлд итгэл хүлээлгэж өөрсдийн нарийн арга туршлагаасаа хуваалцахаар Монгол Улсын арслан Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир нарын азай буурлууд хамтдаа нэгдэнэ гэдгийг тэд хэлж байлаа. Тус нутгийн бөхчүүдийн төлөөлөл болох Монгол Улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Ө.Даваабаатар нар мэдээж Бугын сангийн аж ахуйд байрлах Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат багшийнхаа галд хурд хүчээ тааруулан бэлтгэл базаах юм.
Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн” дэвжээ
Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээнээс улсын цолонд ойр яваа бөхчүүд цөөнгүй. Жил жилийн бөхийн галд хамгийн олон буюу 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гардаг өвөрхангайчууд энэ жил уламжлал болсон Бугын сангийн аж ахуйд нэгджээ. Монгол Улсын арслан Б.Ганбаатар, Д.Ганхуягаар удирдуулсан галд улсын заан Т.Санчир, Б.Сайнбаяр, улсын начин Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нарын бөх багтаж байна. Тус нутгийн төлөөлөл улсын цолонд ойр бөхөөр цэргийн арслан Л.Батзориг, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан Ц.Чимэддорж нарын хүчтэн нэрлэгдэж байна. Жил бүрийн наадамд зааварлагч багшаар 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон олимпын их наадамд Монгол түмний олимпын анхны медалийг эх нутагтаа дансласан гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав ажиллах юм.
Баян-Өлгийн бөхчүүд анхны жилдээ бөхийн галд нэгдлээ
Аймгийн арслан К.Канатаар удирдуулсан Баян-Өлгий аймгийн бөхчүүд анхны жилдээ бөхийн галд нэгдлээ. Цонжинболдогт байрлах төвд тус нутгийн 30 гаруй залуус нэгдсэн байна. Өнөө жилийн 1024 бөхийн барилдаанд аймгийн арслан М.Эркебулан, аймгийн арслан Б.Серик, аймгийн харцага У.Береке, аймгийн начин Н.Мустафа, аймгийн начин Д.Бейбит нарын бөхөө цолонд ойрхон хэмээн итгэл хүлээлгэж буй.
Дорнод аймгийн бөхчүүд
Галын голын Дугар аварга, 1936, 1937 оны улсын их баяр наадмын түрүү бөхчүүд Баргын хэмээх Шагдарын Гилэг, хумбан хар хэмээх Тамжавын Галсан, Гулзгай Дамчаа нарын цуут арслангууд, Д.Түвшин, Ч.Дугарсүрэн Д.Дамбадондог, А.Тажив, М.Чимэддорж нарын тэргүүтэй улсын заан, улсын начин цолтой үе үеийн хүчтэнүүдийн өлгий нутаг болсон Дорнод нутгийн хүчтэнүүд энэ жил нутагтаа бөхийн галаа байгуулав. 30 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй галд Монгол Улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж улсын цолонд хамгийн ойр гэх тааварт багтсан яваа аймгийн арслан Д.Анар нар гарсан байна.
"Увс нуур” бөхийн дэвжээ
Баяр наадмын манлай нь болсон "Увс нуур” бөхийн гал энэ жил уламжлал болон Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтайд бөхийн галдаа нэгдсэн байна. Бөхийн галыг Монгол Улсын гарьд Б.Гантогтох удирдаж Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Г.Одгэрэл, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Т.Баасанхүү нарын үе үеийн манлай цолтон нэгджээ. Тэд өнөө жилийн баяр наадмаар төрийн наадмын түрүү хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Мэдээж улсын цолонд ойр хэд хэдэн залуу бөх бий. Тэднээс зүй ёсоор аймгийн хурц арслан О.Гантулгад бөх сонирхогчид итгэл хүлээлгэж байна. Ийнхүү бөхчүүд нутаг нутгийн галдаа баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бол энэ долоо хоногт Завхан, Ховд, Хөвсгөл, Хүч спорт хороо, Хэнтий нутгийн бөхчүүд галдаа гарч, бэлтгэл базаахаар болсон байна.
Эх сурвалж: www.assa.mn