| |
Даншгийн арслан цолыг нь 5 сая төгрөгөөр мялаалаа
Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва өнгөрсөн жилээс эхлэн Их засаг их сургуульд суралцахын зэрэгцээ тус сургуулийн нэр дээр барилдах болсон билээ. Уржигдар болсон Монголын малчдын холбооны 10, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдааны үеэр ММХ-ны тэргүүн, Их засаг их сургуулийн захирал С.Ням-Осор начин Р.Пүрэвдагвыг таван сая төгрөгөөр урамшуулсан юм.
Энэ нь зун 8-р сард болсон энэ зууны анхны даншиг наадамд түрүүлж, даншгийн арслан цол хүртсэнд нь баяр хүргэхийн зэрэгцээ хойшид улам сайн барилдахын ерөөл өргөж хамтатган урамшуулж байгаа хэрэг ажээ. Бөхийн өргөөнд болсон энэ намрын барилдаануудад зодоглож амжаагүй байсан Пүрэвдагва начин энэ өдөр цолныхоо хүндэтгэлийн барилдаанд эхлэн зодоглож, их шөвөгт шалгарч энэ жилийн гараагаа амжилттай эхлүүллээ.