|
Видео

Шинэ мэдээ

Мадуро парламентын сонгууль явуулах санал тавьжээ

 

Мадуро парламентын сонгууль явуулах санал тавьжээ

 

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан бямба гарагт тус улсын хэд хэдэн бүс нутагт боллоо. Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдо нийслэл Каракас хотод болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцогчдод хандаж үг хэлжээ.

"Хүмүүс эрх чөлөөгөө олж авах хүртэл” эсэргүүцлийн ажиллагаа үргэлжлэх болно гэж тэрбээр мэдэгджээ. Мөн энэ үед Венесуэлийн нийслэл хотын өөр нэг дүүрэгт Мадуро мөн дэмжигчдэдээ хандаж үг хэлэх үеэрээ хугацаанаас өмнө парламентын сонгууль явуулахыг санал болгосон байна.

Ээлжит эсэргүүцлийн ажиллагаа Венесуэлийн хүчнийхэн дотор хагарал гарч эхэлсэн үед боллоо. Тус улсын Агаарын цэргийн хүчний генерал Франсиско Эстебан Янес Родригес сөрөг хүчний удирдагч Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн хүлээн зөвшөөрсөн бол зарим бүс нутагт цагдаа нар Мадурог эсэргүүцэн жагсагчдыг эргэлт буцалтгүйгээр дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ нөхцөлд Венесуэлийн Ерөнхийлөгч улс төрийн өрсөлдөгч нартайгаа яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа дахин мэдэгдэв.

"Тэд сонгууль явуулахыг хүсч байна?"

Сүүлийн өдрүүдэд хугацаанаас өмнө сонгууль явуулах шаардлагыг зөвхөн сөрөг хүчний төлөөлөгчид төдийгүй Европ болон Латин Америкийн хэд хэдэн орон Венесуэлийн Засгийн газарт тавьж байгаа юм. Гэхдээ энд зөвхөн Венесуэлийн шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахыг шаардаж байгаа билээ. Харин саяхан буюу нэгдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгчийн албанд дахин орсон Мадуро энэ шаардлагыг зөвшөөрөөгүй юм. "Хариу арга хэмжээний” хувиар тэрбээр сөрөг хүчний хяналтад байдаг бөгөөд Гуайдог Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрсөн Үндэсний ассамблей буюу нэг танхимтай парламентын сонгуулийг явуулах санал тавьсан байна.

"Тэд сонгууль явуулахыг хүсч байна? Бид парламентын сонгууль явуулна” гэж Мадуро Каракас хотод дэмжигчдэдээ хандаж үг хэлэхдээ мэдэгджээ. Холбогдох саналыг Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблей хэлэлцэж байгаа бөгөөд дараа нь энэ асуудлыг хэлэлцэхэд ард иргэдийг урих болно гэж тэрбээр хэлсэн байна.

Үүний зэрэгцээгээр, улс төрийн өрсөлдөгч нартайгаа ямар ч үед хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байгаагаа Мадуро мэдэгдэв. "Венесуэлчүүдийн хооронд үүссэн асуудлыг шийдэх үндэсний яриа хэлцээ хийх хөдөлгөөнийг Карибын тэнгисийн орнуудын нийгэмлэг буюу КАРИКОМ болон Венесуэл улс эхлүүлэх тухай Мексик болон Уругвай улсын саналыг дэмжиж буйгаа нотолж байна” гэж тэрбээр хэлжээ.

"Дайнд уриалахаа больцгоо, хэдийнэ бүтэлгүйтсэн төрийн эргэлт хийхэд туслахаа зогсооцгоо” гэж Мадуро сөрөг хүчнийхэнд хандан нэмж хэлжээ.

"Хоёрдугаар сар шийдвэрлэх сар болох ёстой"

Харин Гуайдо мэдэгдэхдээ, венесуэлчүүдийн 90 хувь нь өөрчлөлтийг хүсч байгаа учир Засгийн газрыг эсэргүүцсэн ажиллагаа үргэлжлэх болно гэсэн байна. "Улс оронд өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх үрийг тарьсан нэгдүгээр сарыг бид хэзээ ч мартахгүй. Ардчиллын төлөөх бидний тэмцлийг дэлхийн 60 улс хүлээн зөвшөөрсөн. Засгийн эрхийг хууль бусаар булаагч Мадурогийн засаглалыг төгсгөл болгох бидний тэмцлийн хувьд хоёрдугаар сар шийдвэрлэх сар болох ёстой” гэж улстөрч Каракас хотод болсон сөрөг хүчний жагсаал цуглааны үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, жагсагчид "эрх чөлөөгөө олж авах хүртэл эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ". "Бид хэн нэгний боол байхаа больж, эрх чөлөөт орон болно гэдэгт бид итгэдэг” гэж Гуайдо хэлээд дараагийн эсэргүүцлийн ажиллагаа Залуучуудын өдөр буюу хоёрдугаар сарын 12-нд болно гэдгийг нэмж хэлжээ.

Сөрөг хүчний удирдагч мөн хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авах гэж байгаагаа танилцуулсан байна. Тухайлбал, тэрбээр төрийн мэдлийн нефть олборлогч "PDVSA” корпорацын Америк дахь салбар компани болох "Citgo”-гийн захирлуудын зөвлөлийг шинээр томилох гэж буйг мэдэгджээ. Үүнээс гадна, Венесуэл улсад үзүүлэх гадаадын хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авах гурван цэг нээх аж. Түүний хэлснээр, энэ цэгүүдийг Колумбын хил орчмын Кукута хот, Бразилтай залгаа хил орчимд болон Карибын тэнгисийн нэгэн арал дээр нээнэ. "Венесуэлийн 250-300 мянган иргэн хоол тэжээлийн дутагадал болон эм хэрэгсэл хангалтгүй байгаагийн улмаас амь насаа алдах эрсдэл дор байна” гэж сөрөг хүчний удирдагч онцлон тэмдэглэсэн байна. "Эн түрүүнд бид энэ хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. "Хүмүүнлэгийн тусламжийг хэзээ хүлээж авч эхлэхийг бид маргааш /ням гарагт/ мэдэгдэнэ” гэж Гуайдо нэмж хэлсэн байна.

Генералын сонголт

Эсэргүүцлийн ажиллагаа эхлэхээс ердөө хэдхэн цагийн өмнө Венесуэлийн Агаарын цэргийн хүчний Ерөнхий командлалын стратегийн төлөвлөлтийн газрын дарга, генерал Франсиско Эстебан Янес Родригесын дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэл нийгмийн сүлжээнүүдэд гарсан байна. Тэрбээр уг мэдэгдэлдээ Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Генерал мөн улсынхаа одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог "дарангуйлагч” гэж нэрлээд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 90 хувь нь түүнийг дэмжихгүй байгаа гэдгийг батлан хэлсэн байна.

Янес Родригес командлалын бүрэлдэхүүнээс сөрөг хүчний талд орсон анхны хүн болсон юм. Венесуэлийн генералууд саяхныг хүртэл Мадурод үнэнч байсан билээ. Гуайдог дэмжиж байсан цорын ганц офицер нь АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Хосе Луис Сильва байсан юм. Одоо өндөр цолтой дор хаяж цэргийн хоёр албан хаагч одоогийн Ерөнхийлөгчийн тушаалыг биелүүлэхээс татгалзсан нь "гинжин урвал” бий болох магадлалыг нэмэгдүүлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler