| |
Видео
Шинэ мэдээ
Венесуэлд төрийн эргэлт гарчээ
Венесуэлийн зэвсэгт хүчин сөрөг хүчин давамгайлсан Үндэсний ассамблэйн дарга Хуан Гуайдог тус улсын түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Харин Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск Европын улс, орнууд Венесуэл дэх ардчилсан хүчнүүдийг дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд өөрийн твиттер дэх хуудсанд "Эх орны дайчид бусдын нөлөөллөөр бидэнд илгээгдсэн Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн хууль зөрчиж өөрийгөө төрийн тэргүүнээр өргөмжлөв. Зэвсэгт хүчний дайчид Үндсэн хуулиа хамгаалах бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баталгаа хэвээр байна" хэмээн бичжээ.
Өчигдөр Гуайдо өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэгч хэмээн зарласан билээ. Хэд хоногийн өмнө түүнийг Дээд зөвлөлийн шийдвэрээр Үндэсний ассамблэйн гишүүний суудлаас нь буулгасан юм. Гуайдог Аргентин, Бразил, Гватемал, Канад, Колумби, Коста-Рика, Парагуай, Перу, АНУ, Чили, Экуадор улсууд болон Америкийн улс, орнуудын байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Николас Мадуро энэ үйлдлийг Вашингтоноос зохион байгуулсан төрийн эргэлт гэж нэрлээд АНУ-тай дипломат харилцаагаа таслаж байгаагаа мэдэгдэв. Мексикийн төр, засаг урьдын адил Мадурог Венесуэлийн Ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Болив, Уругвай улсууд ч Мадурог дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Мадуро Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы зүгээс дэмжлэг байгаа гэдгийг онцолсон гэнэ. Венесуэлийн томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаалууд өрнөж байгаа бөгөөд зарим нь мөргөлдөөн болж, одоогоор арав гаруй хүн амиа алдаад байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn