| |
Венесуэлийн ерөнхийлөгч онц байдал зарлав
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн баасан гаригт улс орондоо хоёр сарын хугацаатай онц байдал зарласан байна. Тэрээр "Гадаад болон дотоодын дайснууд Венесуэлд төрийн эрхийг булааж авах гэж байна” мэдэгджээ.
Мадуро мэдэгдэл хийхээс хэдэн цагийн өмнө АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтнууд хэвлэлийн бага хурал хийж Венесуэл улс сүйрлийн ирмэгт ирсэн талаар сануулсан аж. Америкийн тагнуулчдын мэдээлснээр Мадурогийн Засгийн газар маш хүнд байдалд орсон гэнэ. Тус улсын сөрөг хүчин Ерөнхийлөгчийн Николас Мадурог огцрохыг шаардаж байгаа бөгөөд улс даяар эмх замбараагүй байдал, хүчирхийлэл ихэсч, эсэргүүцлийн жагсаал цуглаан олшроод буй.
Сүүлийн жилүүдэд Венесуэлд дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсч, цахилгаан, эрчим хүч тасарч, инфляцийн хэмжээ дэлхийд хамгийн өндөрт хүрсэн нь байдлыг улам эвгүй болгосон. Тиймээс ойрын хугацаанд Венесуэлийн хямрал дээд цэгтээ хүрч магадгүй хэмээн АНУ-ын шинжээчид сануулж байна.
Эрх баригчид өнгөрсөн жилийн намар гадаад өрийг төлөхийн тулд мөнгө хэмнэж, санхүүгийн дампуурлаас сэргийлэхийн тулд импортыг эрс багасгасан билээ. Гэвч үүний улмаас тус улсад хүнс болон өргөн хэрэглээний барааны хомсдол үүссэн юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ маш ихээр буурсан нь Венесуэл улсад муугаар нөлөөлсөн. Венесуэл газрын тос экпорлогч томоохон улсуудын нэг аж.
Америкийн Тагнуулын төв газрын төлөөлөгчдийн мэдээлснээр Вашингтон Венесуэлд бий болоод буй асуудалд нөлөөлөх гэж оролдохгүй гэнэ. Харин хямралаас гаргахад туслах зорилгоор төлөвлөгөө боловсруулж, бүс нутаг дахь улс орнуудын Засгийн газартай хамтран ажиллах юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
М.ХҮСЛЭН