| |
Видео
Шинэ мэдээ
Африкийн холбоо Николас Мадурог дэмжиж байна
Африкийн холбоо /АХ/ Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай тус байгууллагын дэд ерөнхийлөгч Томас Квези Квартей мэдэгдсэнийг Венесуэлийн Гадаад хэргийн яам "Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, АХ-ны дэд ерөнхийлөгч Этиоп улсад суугаа Венесуэл улсын Элчин сайдтай уулзах үеэрээ "тус улсын ард түмэнтэй сэтгэл санаагаар хамт байгаа гэдгээ илэрхийлээд Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буйгаа" мэдэгджээ.
Африк тивийн 55 орныг нэгтгэдэг энэ байгууллагын төв байр Этиопын нийслэл Аддис-Абеба хотод байрладаг.
Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. Мөн энэ өдөр АНУ, Лимагийн бүлгийн улсууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон бусад хэд хэдэн улс түүнийг түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн юм.
Хэрэв Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро найм хоногийн дотор сонгууль явуулахаа мэдэгдэхгүй бол Гуайдог түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрнө гэж Их Британи, Герман, Испани, Нидерланд, Франц зэрэг Европын орнууд нэгдүгээр сарын 26-нд мэдэгджээ. Харин ОХУ, Беларусь, Болив, Иран, Хятад, Куба, Никарагуа, Сальвадор болон Турк улс Николас Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Хямралыг зохицуулах яриа хэлэлцээ хийхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна.
montsame.mn