| |
Сар шинийн баяраар нийтийн тээврийн тоог нэмнэ
Шарагчин Гахай жилийн сар шинийн баярыг угтан Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээнүүдийг аваад байна. Үүнд: Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу хоёрдугаар сарын 02,03-ны Бямба Ням гаргуудад Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00,12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.
Сар шинийн баярын өдрүүд буюу 2019 оны хоёрдугаар сарын 05-07-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлж төлөвлөн бэлтгэл ажлыг хангалаа. Засгийн газрын хуралдаанаар 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийг ажлын өдөр болгосон тул тухайн өдөр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн хуваариар, харин шинийн 4 буюу хоёрдугаар сарын 08-ны өдөр ажиллах үйлчилгээг энгийн амралтын өдрийн хуваариар хүргэхээр төлөвлөв гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.