|
Видео

Шинэ мэдээ

Николас Мадуро: Доналд Трамп намайг устга гэсэн тушаал өгсөн

Николас Мадуро: Доналд Трамп намайг устга гэсэн тушаал өгсөн

 


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой хийсэн "РИА Новости” агентлагийн сэтгүүлч Дмитрий Заленскийн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Венесуэлд үүссэн өнөөгийн түгшүүртэй нөхцөлд та Оросоос ямар нэгэн тусламж хүссэн үү? Ямар нэгэн цэргийн юм уу, санхүүгийн дэмжлэг? Дээр нь хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр таны аюулгүй байдлыг хангахын тулд Оросоос бие хамгаалагчид ирсэн гэх юм. Энэ үнэн үү?

-Ерөнхийлөгч Владимир Путин Оросын нэрийн өмнөөс бүх талаар дэмжлэг үзүүлдэгт бид чин сэтгэлээсээ талархдаг. Би Ерөнхийлөгч Путинээс байнгын харилцаатай байж НҮБ-д дипломат ба улс төрийн түвшинд дэмжин Венесуэлийн бодит үнэний тухай олон улсад мэдээлэн хамгаалахыг л хүссэн.

Хэд хоногийн өмнө Путин утсаар ярихдаа эдийн засаг, худалдаа, нефть, байгалийн хий, цэрэг зэвсэг гээд бүхий л чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэсэн. Цэрэг зэвсгийн хувьд манайд Оросын хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл бий. Тэдгээрийг Орост суралцсан боловсон хүчин маш сайн эзэмшсэн.

-Өнөөгийн нөхцөлд та Оросоос ямар нэг шинэ зэвсэг нийлүүлэхийг хүсэх бодолтой юу?

-Манай улс агаарын хамгаалалт, их буу, пуужингийн зэвсэглэлээ сайжруулах тал дээр Оростой хамтран ажиллах төлөвлөгөө бий. Энэ тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Иймд Венесуэлд дэлхийн хамгийн орчин үеийн зэвсэг ирсээр байх болно.

-Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог баривчлах тушаал гарсан уу? Прокурорын ерөнхий газар түүний эсрэг тодорхой арга хэмжээ авна гэсэн шүү дээ?

-Энэ бол Венесуэлийн Үндсэн хуулийн дагуу шийдэх асуудал. Төрийн тэргүүний хувьд миний бие төрийн эргэлт хийх, үндсэн хуулийг зөрчих оролдлого хийгдэж буй гэж үзсэн. Гэвч энэ бол төрийн тэргүүний л үзэл бодол. Харин Ерөнхий прокурор өөрийн шийдвэрээ гаргасан. Одоо Дээд шүүх шийдвэрээ гаргах үлдсэн.

-АНУ Венесуэлийн эзэмшдэг зарим активийг Хуан Гуаидогийн хяналтад шилжүүлэхээр шийдвэрлэснийг та юу гэж үзэж байна вэ?

-АНУ-ын энэхүү шийдвэр олон улсын хууль эрх зүйг ноцтой зөрчиж буй нь тодорхой. Жишээ нь нефть олборлогч "Citgo” компани бол Венесуэлийн ард түмний өмч. Тус компанийг Хуан Гуаидогийн мэдэлд шилжүүлэхээр мэдэгдсэн нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хамгийн болчимгүй шийдвэрүүдийн нэг гэж үзэж байна.

-Венесуэлийн өнөөгийн эдийн засгийн байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Бид хямралаас гарах үе шаттай хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгийг тогтворжуулах тал дээр бүх хүчээ дайчлан үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Таны амь насанд халдах оролдлого дахиад гарах болов уу?

-Амаргүй асуулт байна. Нэгдүгээрт, би Христийн шашинтан, иймд миний хувь заяа Бурхны гарт буй. Нөгөөтэйгүүр Венесуэлийн ард түмэн намайг байнга хамгаалдаг. Дээр нь манай тагнуулын алба сайн ажилладаг юм.

Эргэлзээгүй хэлэхэд Доналд Трамп намайг алах тушаал өгсөн. Тэр Колумбийн Засгийн газар, Колумбийн мафид намайг устга гэж тушаасан. Хэрэв надад ямар нэг юм тохиолдвол Доналд Трамп, Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке нар хариуцлага хүлээх ёстой юм шүү.

-Оросоос ирсэн хувийн хамгаалагчид таны хамгаалалтад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Энэ талаар тайлбар хиймээргүй байна.

-АНУ Венесуэлд нефтиэс болж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг уу?

-Хэд хэдэн шалтгаан бий. Мэдээж үндсэн шалтгаан нь Венесуэлийн нефть. Учир нь манай улсад дэлхийд албан ёсоор тогтоогдсон нефтийн хамгийн их нөөц бий. Дээр нь алтны нөөц дэлхийд мөн л тэргүүлэх төлөвтэй. Мөн байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордгоос гадна алмаз эрдэнэ, ундны ус, хөнгөн цагаан, төмрийн нөөц асар их. Манай улс бол эрчим хүчний нөөцөөрөө тэргүүлэх гүрэн юм шүү.

Өөр нэг асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Юу гэвэл Латин Америкт тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний галыг асан хувьсгалч Симон Боливар чухамхүү Венесуэлд төрсөн юм. Түүний үзэл бодол 200 гаруй жилийн турш Латин Америк, Карибийн орнуудад нөлөөлсөөр ирсэн. Иймд АНУ Симон Боливарын үзэл бодлыг үндсээр нь устган Латин Америкт неоколониализмын бодлогоо ямар нэг эсэргүүцэлгүй түгээхийг зорьж буй нь тодорхой.

-Таны Засгийн газар сүүлийн өдрүүдэд Орос, Хятадаас санхүүгийн тусламж хүссэн. Юуны учраас тэр вэ?

-Манай улс Орос, Хятадтай санхүүгийн хувьд сайн харилцаатай. Оросоос зээлээр үр тариа авдаг. Энэ нь манай хүнсний аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнолыг баталгаажуулдаг юм. Хятад манай нефтийн аж үйлдвэрлэлд идэвхтэй хөрөнгө оруулдаг. Иймд тус хоёр улс Венесуэлийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжинэ гэдэгт найдаж байна.

-Венесуэлийн Засгийн газарт Орос, Хятадаас авах зээлээ буцааж өгнө гэх ямар баталгаа байна вэ?

-Венесуэл өр зээлээ цаг ямагт хугацаанд нь төлдөг юм.

 

 

Б.Туг 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler