|
Видео

Шинэ мэдээ

“Петровис”-ийн Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод суллажээ

АТГ-ынхан "Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нарыг энэ сарын 21-ний өдөр байцааж, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн.
Улмаар Ч.Даваанямыг тэр оройд нь ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнтэй хамт н.Сэцэнзориг гэдэг хүнийг хорьжээ.
Тэднийг урьдчилан хорих 72 цагийн хугацаа өчигдөр дуусгавар болно, тиймээс Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлж байв. Уг мэдээллийг бид дамжуулсан. Гэвч Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод уржигдар үдэш сулласан байна.
Ч.Давааням нь Оюутолгойн гэрээг баталсны дараахнаас АНУ-д томоохон дүнтэй үл хөдлөх хөрөнгүүдийг Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр, охидод шилжүүлсэн байдаг. Энэ нь 2015 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын баримт бичгүүдийн хүрээнд ил болсон юм.
Түүнээс хойш "Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг С.Баярын хөрөнгийг эргэлдүүлж байсан хэмээн хэвлэлүүд бичсэн.
Мөн 2017 оны аравдугаар сард АТГ-ынхан түүний 4.3 сая ам.долларыг оффшор бүсээс Монгол Улсад оруулж ирсэн байдаг.
Үүнээс хойш таг чиг байсан Ч.Даваанямыг АТГ-ынхан ийн гэнэт баривчилсан. Ингэхдээ н.Сэцэнзориг гэх урьд өмнө огт яригдаж байгаагүй хүний хамт хорьсон нь С.Баяртай холбоотой байж магадгүй байна.
С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, "Айвенхоу Майнз Лимитед”, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Ч.Давааням бол дээр дурдсан үндэслэлээр С.Баяртай холбогддог. Харин Ч.Даваанямтай сая хоёр хоног хоригдоод суллагдсан н.Сэцэнзориг нь Ч.Даваанямын адил С.Баярын хөрөнгийг нааш нь цааш нь "хөдөлгөдөг”, хаана ямар хэмжээний хөрөнгө "нуугдаж” байгааг мэддэг нэгэн бололтой.
Ингэхээр АТГ-ынхан С.Баяр, Ч.Давааням, н.Сэцэнзориг гэсэн "гурвалжин”-гийн учрыг олохоор ухаж эхэлсэн гэсэн үг.
АТГ-ынхан сар бүрийн 25-ны өдөр албан ёсоор мэдээлэл хийдэг. Тэр өдөр нь өнөөдөр таарч байгаа юм. Тиймээс дээрх "гурвалжин”-гийн учрыг АТГ-аас тайлбарлаж мэдээлж таарна.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler