| |
Жэк Ма “Дэлхийн 100 сэтгэгчийн” тоонд оржээ
"Foreign Policy” сэтгүүл 2019 оны "дэлхийн 100 сэтгэгч”-ийн жагсаалтынхаа "сүүлийн 10 жилд дэлхий ертөнцөд асар их нөлөө үзүүлсэн 10 сэтгэгчийн” тоонд "Alibaba” компанийг үүсгэн байгуулагч, өдгөө 54 настай Жэк Маг оруулсан байна.
Жэк Ма жагсаалтын энэ төрөлд багтсан Хятадын цорын ганц төлөөлөгч юм. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн нөлөө бүхий 10 хүний жагсаалтад Жэк Магаас гадна Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, "Amazon” компанийн тэргүүн Жефф Безос, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, "CNN” телевизийн сэтгүүлч Фарид Закария зэрэг хүмүүс оржээ.
"Жэк Ма бүхэл бүтэн нийгмийг өөрчилсөн гэж хэлэх хүн цөөхөн боловч тэрбээр онцгой анхаарал татахуйц жишээ юм. "Alibaba” компанийг үүсгэн байгуулснаараа Жэк Ма хүрч очиход бэрх бүс нутгуудын хэрэглэгчдэд "хүрч” чадсан бөгөөд Хятадын үйлчлүүлэгчдийн бүхэл бүтэн давхарга, үндэсний болон олон улсын зах зээлийг хооронд нь холбосноос гадна, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд түлхэц өгсөн нэг төрлийн "түлш” болсон” гэж "Foreign Policy” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан байна. Сэтгүүлд мөн "Жэк Ма үйлдвэрлэл болон ложистикт шинийг санаачлах замаар Хятадын бүхэл бүтэн үед онлайн-бизнес эрхлэх үүд хаалгыг нээсэн бөгөөд Хятад улсыг их гүрэн болоход тусалсан” гэж бичжээ.
2019 онд тус сэтгүүл "дэлхийн 100 сэтгэгч”-ийн 10 дахь жагсаалтаа гаргаж байгаа юм. Уг жагсаалт "сүүлийн 10 жилд дэлхий ертөнцөд асар их нөлөө үзүүлсэн сэтгэгчид”, мөн "батлан хамгаалах, аюулгүй байдал”, "эрчим хүч, уур амьсгал”, "урлаг соёл”, "шинжлэх ухаан, эрүүл мэнд”-ийн салбарт өнгөрсөн онд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс, "40 хүртэл насны сэтгэгчид” зэрэг 10 хэсгээс бүрдэж байгаа аж. Харин тус сэтгүүл зөвхөн сүүлийн 10 жилд онцгой ялгарсан 10 хүний жагсаалтыг нийтэлжээ.
"Alibaba Group” нь цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын томоохон компани юм. Жэк Ма тус компанийг 1999 онд байгуулжээ. Компани мөн "Alipay” хэмээх өөрийн гэсэн төлбөрийн системтэй. Түүнчлэн "Alibaba”, "AliExpress”, "Tmall” болон "Taobao” гэдэг охин компаниудаас гадна, үүлэн болон хиймэл оюун ухааны технологи боловсруулагч "Alibaba Cloud” болон "AI Labs” компанитай юм.