| |
Видео
Шинэ мэдээ
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн шүүх хурал хойшлов
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан "..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”, Мөн "..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж "Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт холбогдсон билээ.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэрэг нь шилжсэн талаар бид мэдээлсэн.
Өнөөдөр М.Сономпилийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх эрүүгийн хэргийн шүүх хурал боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэцлээ. Шүүх хуралд М.Сономпилын өмгөөлөгч Б.Доржсүрэн шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2019-02-18-ний 10 цаг хүртэл хойшлуусан байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.