|
Видео

Шинэ мэдээ

Үндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв

Үндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход 10 гаруй хоногийн хугацаа үлджээ. Үндэсний их баярын үеэр нэгэн бичигдээгүй ч юм шиг заншил байдаг нь зочин гийчинд гарын бэлэг өгдөг уламжлал юм. Энэхүү уламжлалыг ард иргэд маань сүүлийн үед ихэд нухацтай авч хэлэлцэн "Мөнгөн урсгалыг Монголдоо үлдээе” гэх уриалга түгэх болсон. 

Нэг үеэ бодвол Монголд үндэсний үйлдвэрлэл илт сэргэчихлээ. Оймсоо ч үйлдвэрлэж чадахгүй урд, хойноос зөөдөг байсан цаг ард хоцорч бараг л хүссэн бүхнээ эх орондоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Энэ нь сайшаалтай хэрэг. Арьсан цүнх, гутал, ноолууран цамц, кашмеран пальто, дээл, гоёл чимэглэлүүд гээд сайхан сайхан нэртэй брэндүүд гаргадаг болж. Зарим нь бүр дэлхийд ч байр сууриа эзлээд байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь манай улсад нэн тустай.  Тиймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэхэд цааргалах зүйл байхгүй. Гэвч зарим нь чанарын шаардлага хангахгүй, хангах нэг нь "тэнгэрт хадчихсан үнэтэй байгаа нь нууц биш.

Дээрээс нь үндэсний үйлдвэрлэгчид тэр бүр импортын бараатай өрсөлдөхүйц төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа нь нууц биш. Хэрэглэгчид эцсийн дүнг тавина. Чанартай, сайн, боломжийн үнэтэй байвал иргэд хүссэн хүсээгүй дотоодын үйлдвэрийнхээ л бүтээгдэхүүнийг авна шүү дээ. Гэтэл өөрсдөө чанартай, сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж төдийлөн чаддаггүй. Дээрээс нь тэнгэрт хадсан үнэ хэлдэг.

Манай Монголчууд уг нь их л эх оронч хүмүүс. Гэхдээ би эх оронч гээд сарын цалингаараа хоёр ороолт аваад хоосон хонолтой биш дээ. Ингээд бодохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь энгийн иргэд бидэнд дэндүү хүртээлгүй мэт.

Бид энэ талаар үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болон худалдан авагч иргэдийн байр суурийг сонслоо.

-ХҮМҮҮС ЭРЭЭНЭЭС ОРЖ ИРДЭГ 10 ЮАНЫ БАРААТАЙ ХАРЬЦУУЛААД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮНЭТЭЙ БАЙНА ГЭЭД БАЙДАГ-

"Mayara" брендийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал

-Хүмүүс эрээнээс орж ирдэг 10 юаний бараатай харьцуулаад үндэсний үйлдвэрлэл үнэтэй байна гээд байдаг. Гэтэл эрээний бараа авч ирээд хямд зарж байгаа хүмүүс НӨАТ-ын баримт өгөхгүй, үйлдвэрийн байр түрээслэж, ажилчдын цалин өгдөггүй. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн маань дийлэнх нь монголоос татан авалтаа хийдэг. Их хэмжээгээр үйлдвэрлээд гаргах зах зээл байхгүй учраас бага хэмжээний татан авалтаа Монголоос хийхээс өөр аргагүй. Тийм учраас утас, цахилгаан, дотор гэх мэт бүх материалуудаа нэмүү өртөг шингэсэн үнээр худалдаж авдаг.  Тэгээд бэлэн бүтээгдэхүүн болгож гаргахад үйлдвэрийн байр, ажилчдын хөлс, түрээс, худалдаж борлуулах талбайн түрээс, худалдагчийн цалин гэх мэт зардлууд нэмэгдээд үнэтэй болдог. Тэгээд өөрсдөө борлуулалтаа хийхгүй. Хэрэглэгчдээ олчихсон газруудад өгье гэхээр борлуулалтын үнийн дүнгийн 30-40 хувийг нь авна гэдэг. Мөн бидний материалуудаа авч байгаа газрууд НӨАТ-ын баримт өгдөггүй. Харин бид бэлэн бүтээгдэхүүн болгоод худалдаанд гаргахдаа НӨАТ-ын баримт өгдөг. Ингэхээр зардлаа баталж чадахгүй татварын торгуульд ордог гээд яриад байвал маш их бэрхшээлүүд бий. Арга ядахдаа бид цагаан сар болох гэж байгаа эдгээр өдрүүд үйлдвэрлэгчид нэгдээд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр олуулаа нийлэн бөөндөж авах боломжтой онлайн худалдааг эхлүүлээд байна. Бараа бүтээгдэхүүнүүд нь зах зээлийн үнээс 20-30 хувь хямд байгаа. 

-МАНАЙ АЖЛЫН БАЙРНЫ ТҮРЭЭС МАШ ӨНДӨР, ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ТОГТВОРГҮЙ БАЙДАГ-

"Жасу" эсгий урлангийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсүрэн

-Манайх гурал, бойтог, ороолт, гоёл чимэглэл гэх мэт 18 нэр төрлийн 200 гаруй бүтээгдэхүүнийг эсгийгээр үйлдвэрлэдэг. Эсгий бүтээгдэхүүнүүд 100 хувь гар ажиллагаагаар хийгддэг. Бүтээгдэхүүний тоо хэмжээг их гаргахын тулд ажлын цаг маш ихээр шаарддаг. Мөн бид нар гутлын ул, шивүүрийн зүү гэх мэт зарим хэрэглэгдэхүүнүүдээ гаднаас авдаг. Уг нь 1000 ширхэгийг захиалбал арай хямдхан авах боломжтой. Даанч бид нарын хүчин чадал, хөрөнгө санхүү хүрэхгүй учраас олноор нь авах боломжгүй,  боломжиндоо тааруулаад бага багаар нь авахаар өндөр үнээр ирдэг. Тэгэхээр материалынхаа үнээс хамаараад зах зээлд гарч байгаа нэгж бүтээгдэхүүний үнэ нь ч үнэтэй болчихдог.  Дээрээс нь манай ажлын байрны түрээс маш өндөр, түүхий эдийн үнэ тогтворгүй байдаг. Тухайлбал, би хоёр жилийн өмнө угаасан ноосыг  1 кг нь 15 мянган төгрөгөө авч байсан бол өнөөдөр 35 мянга болчихсон байх жишээний. Түүхий эдийн үнээс гадна гар ажиллагаа ихтэй, маш их хугацаа ордог учраас үнэтэй гарах гээд байдаг. 

-МОНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭС ИЛҮҮ ЧАНАРТАЙ БАЙДАГ-

  "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал

-Манайх органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг. Яг манай бүтээгдэхүүний хувьд зах зээлийн үнэ нь харьцангуй боломжийн гэж бодож байна. Ижил төрлийн импортын  бүтээгдэхүүнээс 10 хувь л илүү үнэтэй. Тухайлбал, манай мөөг кг нь 13 мянга дээрээс нь хүргэлт үнэгүй. Гэтэл импортын мөөгнүүд 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Хамгийн гол нь манай Монгол үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд ихэвчлэн гар аргаар хийгддэг учраас импортын бүтээгдэхүүнүүдээс илүү чанартай байдаг. Тийм байхад яагаад энэ бүтээгдэхүүнийг үнэлж болдоггүй юм бол доо гэж бодоод их гайхдаг. 

Харин дараа нь бид иргэдийн байр суурийг сонслоо.

-БИ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ ЯГ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ-

 БГД-ийн иргэн Б.Аз-эрдэнэ

-Би үндэсний үйлдвэрлэл гэж яг юуг хэлээд байгааг ойлгодоггүй юм. Миний бодлоор монгол хонины ноосоороо даавуу үйлдвэрлээд, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл сая үндэсний үйлдвэрлэл гэж бодох юм. Гэтэл өнөөдөр урд хөршид үйлдвэрлэсэн давуугаар Монгол, Хятад хоёр оёдолчин хүүхэн нэг загварын, адилхан хэмжээтэй гоонж оёжээ. Манайх нь үндэсний үйлдвэрлэл гээд 100.000 төгрөг, хужаагийнх 60.000 төгрөгөөр зарагддаг. Ийм байхад яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих юм бэ. Үнэхээр ойлгохгүй байна.

-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖДЭГ-

Налайх дүүргийн иргэн Э.Уранчимэг

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Аливаа юм авахдаа аль болох л эх орондоо үйлдвэрлэсэн. Чанартайг нь олоод авчих юмсан гэж хайдаг. Тэр болгон олдоод байдаггүй ч олдсоныг нь бол баярлаад л авдаг.

-ҮНЭ ЭЭ БУУЛГААД ХҮН БОЛГОНД ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОВОЛ ДЭМЖИХЭД БЭЛЭН БАЙНА-

БЗД-ийн иргэн С.Гэрэлхүү

-Үндэсний үйлдвэрлэлээ амьхандаа л дэмжихийг хичээдэг. Гэхдээ хэтэрхий их үнэтэй болохоор санасанаар болдоггүй юм. Нэгдүгээрт ховор, хоёрдугаарт үнэтэй байдаг. Яг одоогоор би энэ Дүнжингарав гэдэг захаас бэлгийн бараа авах гээд явж байна. Надтай үндэсний үйлдвэрлэлийн бараа зарж байгаа гээд хэлчихээр лангуу ганц ч таарсангүй. Тэгэхээр чинь яаж дэмжих юм бэ. Тиймээс эхлээд үнэ ээ буулгаад хүн болгонд хүртээмжтэй болговол дэмжихэд бэлэн байна.

Т.Гэрэл

zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler