| |
МАН-ынхан ”Улсаа бодвол хамтрах ёстой. Намаа бодвол хамтрахгүй” гэж ярилцах болсон уу?
Эдийн засагчдынхаа үгэнд итгэх үү? Анхан шатныхаа гишүүдийн үгэнд орох уу?
Үүнтэй зэрэгцээд МАН-ынхан ч энэ, тэнд хэсэг бүлгээрээ хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ынхан хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь хамтарсан Засгийн газарт орох ёстой гэсэн бол нөгөө хэсэг нь Засгийн газарт орж болохгүй гэж ярилцаж байна. Гэхдээ МАН-ынхан дунд сүүлийн үед нэг яриа эрчимтэй тарж байна. Тэд "Улсаа бодвол Засгийн газарт орсон нь зөв. Намаа бодвол орж болохгүй” гэсэн мессеж юм. Чухам энэ мессежийг хэн зохиосон нь тодорхойгүй ч МАН-ын ихэнх гишүүд үнэнийг олж хэлсэн үг хэмээн гайхаж өр хоорондоо дамжуулцгааж байна.
Гэвч МАН дотор Монголын толгой эдийн засагчид олон байдаг. Тэд "Засгийн газарт орохгүй бол улс орны эдийн засаг элэгээрээ хэвтлээ. Хөрөнгө оруулагчид МАН-ыг л харж байна. МАН Засгийн газарт орохгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. 2016 онд бид яллаа ч гэсэн эдийн засаг нь сүйрсэн улс орныг хүлээж авна. Өр төлөх Засгийн газрыг байгуулна. Дөрвөн жилийн турш өрөө төлсөөр байтал дараагийн сонгуультайгаа золгоно. Эдийн засгаа сэргээж чадахгүй. Бүтээн босголт хийхгүй. Маш хүнд байдалд орно. Ийм байдалд орж байхаар одоо арай гайгүй дээр нь ороод эдийн засгаа сайжруулаад явах нь улс оронд ч хэрэгтэй, ард түмэнд ч хэрэгтэй. МАН-д ч хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өгчээ. Эдийн засагчдын ийм зөвлөмж МАН-ын дарга нарын ширээн дээр бий гэж эх сурвалж мэдээлэв. Тэгэхээр МАН-ынхан өөрсдийн дотор байгаа эдийн засагчдынхаа прогноз, дүгнэлтэд итгэх үү? Эсвэл засагт орж болохгүй гэж шахах болсон анхан шатныхаа гишүүдийн үгэнд итгэх үү? гэсэн сонголтыг ч хийх хэрэгтэй боллоо. Ацан шалаа.
Хямралыг хазаарлах уу? Гүнзгийрүүлэх үү?
Саяхан засаг огцорсны дараа МАН-ын нөлөө бүхий эрхмүүд уулзалджээ. Үе үеийнх нь удирдлагууд гэсэн үг л дээ. Тэд улс орны нөхцөл байдлыг удтал ярилцсан байна. Хамтарсан Засгийн газарт орох уу? гэдэг асуудал дээр тогтож хэлэлцжээ. Тэгээд АН-аас тавих санал, болзлыг хараад эргэж уулзья. Улс орноо бодвол орох ёстой. 2016 оны сонгуулиа харвал орохгүй нь зөв байх гэсэн өнөөх афоризм дээр тулж очжээ. Ер нь улс орноо бодохгүй бол ирэх жилээс цалин, тэтгэврээ ч тавьж чадахаа байна. Аж ахуйн нэгжүүд олноор дампуурсаар байна. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалт сайжрахгүй. Өр нэмж авах боломжгүй. Ийм нөхцөл дээр цалин, тэтгэвэрээ авч чадахгүй төрийн албан хаагчид нэмэгдээд жагсаал цуглаан ч тасрахаа байна. Ийм зүйлийг хүсч болохгүй. 2016 оны сонгуульд үнэмлэхүй олонх болохын тулд улсынхаа эдийн засгийг туйлдуулж болохгүй. Бид л энэ улсын эдийн засгийг босгох үүрэг хүлээнэ гэж ярилцсан тухай мэдээлэл тарж байна.
Н.Алтанхуягийг огцруулахын тулд хэлсэн үгэндээ эзэн байх уу? Эх орныхоо эдийн засагт эзэн болох уу?
МАН-ынхан эдийн засгийг элгээр нь сүйрүүлсэн Н.Алтанхуягийг огцруулах гэж олон арга хэрэглэсэн. Түүний нэг нь "Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулбал дараагийн Засгийн газарт орохгүй” гэж хэд, хэдэн удаа мэдэгдсэн юм. Дараагийн Засгийн газарт МАН орохгүй гэхээр АН болоод "Шударга ёс” эвслийн зарим гишүүдэд сайдын суудал харагдаад байсан хэрэг. Тэд МАН-ыг орохгүй бол дараагийн удаа сайд болно гэж тооцсон хэрэг. МАН ч тэдний сонирхолыг ашиглаад Засгийн газрыг огцруулахын тулд "Засгийн газарт орохгүй ээ” гэж хэлсэн хэрэг. Өнөөдөр энэ үгнээсээ болоод МАН-ынхан хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь хэлсэндээ хүрээд орохгүй байсан дээр. Манай намынхан тэгж хэлчихээд орвол онигоо болно. Эдийн засаг сүйрээ л биз. Цалин тэтгэвэрээ тавьж чадахаа болио л биз. Бидний хийсэн ажил биш. АН-ынхан хийсэн гэдгийг ард түмэн харж байна. Харин бид хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Хэлсэн үгнээсээ буцаж болохгүй гэх нэг хэсэг байгаа аж. Харин Н.Алтанхуягийг зайлуулахын тулд хэлсэн үгэндээ үнэнч байна гээд ард түмнийхээ хувь заягаар тоглож болохгүй. Улс орныхоо хөгжлийг хэдэн жилээр нь хойш нь чангаах хэрэггүй. Бид ийм их үнээр хэлсэндээ хүрэх гэж зүтгэх хэрэг байхгүй. Ард түмэндээ үнэнээ хэлье гэж хэлэх гишүүд ч олон байгаа аж. Аль алиных нь зөв байх.
МАН зугтдаг нам уу? Зүтгэдэг нам уу?
Улс орны нөхцөл байдал улам хүндрэх нь тодорхой боллоо. Улс төрийнхөн намаа, сонгуулиа бодох цаг биш боллоо. Ганцхан улсаа бодох цаг ирлээ. Ийм зүйлийг улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулж хэллээ. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн гээд эрх баригчдыг өдөр шөнөгүй яллах хэрэггүй. 2016 онд ард түмэн дүнгээ тавина. АН-д л дахиж саналаа өгөхгүй гэж байна. Энэ хангалттай ял шүү дээ. Зарим нь хариуцлагаа хүлээнэ. Шалгагдана. Гэтэл дээр нь давуу байрлалд орсон МАН-ынхан нэмж дэвсэх хэрэг байна уу? Асуудал бэрхшээл, ачааны хүндээс зугтаж байна. Бид энэ улс орныг ийм болгоогүй гэж байна. Сонгууль болтол сөрөг хүчнээрээ байцгаая гэж ярилцах болж. Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаад эдийн засаг хүнд байна. Бид эрх баригчдын лайг үүрч болохгүй. Баасан дээр нь халтирч, балгийг цэвэрлэхгүй шүү. Засагт орохгүй гэж ярилцсан талаар хэвлэлүүд мэдээлэв.
2012 оны МАН-ын сонгуулийн уриа юу байлаа? "Зугтаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая” байсан шүү дээ. Энэ үгийг МАН-ынханд одоо сануулах цаг ирлээ. МАН-ынхаан та нар зугтдаг биш, зүтгэдэг, ачааны хүндийг үүрч, асуудал бэрхшээлийг хэцүүг шийдвэрлэдэг гэж сурталчилдаг байснаа санаж байгаа биз? Амиа бодож, довоо шарлуулахгүй гэдэг биз дээ?
2.8 сая иргэнээ бодох уу? 200.000 гишүүнээ бодох уу?
Улс орноо бодох уу? МАН-аа бодох уу? Өнөөгийн нөхцөл байдлаа бодох уу? 2016 оны сонгуулиа харах уу? Анхан шатны гишүүд ээ сонсох уу? Эдийн засагчдын зөвлөгөөг дагах уу? Үе үеийнхээ удирдлагын байр суурийг хүндэтгэх үү? Ажил албан тушаалд бүгдээрээ очихгүйгээс хойш адилхан сөрөг хүчин байцгаая гэсэн хэсгийнхээ үгэнд итгэх үү? Н.Алтанхуягийг огцруулахын тулд Засгийн газарт орохгүй гэж хэлсэн байр сууриа дагах уу? Засагт орохгүй бол эдийн засаг сүйрэх бодит байдал бий болсныг ард түмэндээ хэлэх үү? Ийм олон асуулт эргэлзээний өмнө МАН ирлээ. Тиймээс МАН-ын улсаа бодож сонголт хийх үү? Намаа бодож сонголт хийх үү? 2.8 сая иргэнээ бодох уу? 200.000 гишүүнээ бодох уу? гэсэн сонголтыг нь харах л үлдлээ.
24tsag.mn