|
Видео

Шинэ мэдээ

Мэргэжлийн, авралын засгийн газар хэрэгтэй байна

Мэргэжлийн, авралын засгийн газар хэрэгтэй байнаБүтэн сарын турш зарим салбарын сайдгүй, 20 гаруй хоног Монгол төрийн нэг багана эзгүй байсан эмх замбараагүй байдал энэ долоо хоногт эмхэндээ орох нь ээ. МАН-ын тавьсан үндэслэлээр огцрохын өмнөхөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийсний хар гайгаар өнөөдрийг болтол дөрвөн яамны сайдын суудал эзгүйрч, Монгол Улс түүхэндээ анх удаа Сангийн сайдгүй, Ерөнхий сайдгүйгээр улсын төсвийг батлав. Ирэх онуудад эдийн засаг ямар байх нь үнэндээ энэ хоёр хүнээс шалтгаалдаг атал, эхлээд төсвийг нь батлаад өгчихье, хэрхэн зарцуулахаа хожим батлагдах хоёр сайд нь шийднэ биз гэсэн хариуцлагагүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Ямартай ч улс төрийн нам эвслүүдийг хөл толгойгүй юм шиг аашилж аягласан улстөржилт шинэхэн сайдыг дэмжсэн өнгө аястай мэдэгдлүүд хийж эхэлснээр дуусгавар болж байна.
 
АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдаж Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг дэмжсэн юм. Энэ шийдвэр дэмжлэг авах эсэх нь намын бүлгүүдийн ямар шийдвэр гаргахаас шалтгаалж байв. Өөрөөр хэлбэл, намын дүрмээр дэмжигдсэн сайд хуулийн хүрээнд улс төрийн намуудын бүлгээс дэмжлэг авах эсэхээс чуулганаар хэлэлцэгдэх үү гэдэг хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл, зөвшилцөх санал хүлээж авсан нам эвслийн бүлгүүд улстөржилтөө хойш нь тавьж улсын ажлыг урагшлуулах нь зөв гэж үзжээ. Энэ асуудалд АН-ын бүлэг илүү нэгдмэл байж чадсан юм. Учир нь МҮДН фракцийн гишүүд Ч.Сайханбилэгийг дэмжих санал өгөөгүйг буруутгах аргагүй. Эдийн засгийн хямралаас гаргах сайдаар Р.Амаржаргалыг дэмжсэн атлаа гэнэтхэн шийдвэрээсээ эргэж хургахыг тэд хүсээгүй учраас анхныхаа байр суурийг хамгаалсныг нь буруутгах аргагүй. Ингэх нь анхнаасаа ч тодорхой байсан.
 
Р.Амаржаргал гишүүний хувьд эдийн засгийн хямралыг хамгийн сайн мэдэрч чадаж байгаа учраас хэн нь ч эхний шийдвэрээ хамгаалах нь зүйн хэрэг юм. Тиймээс Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал хэн нь ч сайд болсон мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой болоод байна. Хэн эдийн засгийн хямралаас улс орныг гаргаж чадах, алдагдалтай баталсан төсвийг ашигтай болгох ажлыг хэн хийх вэ гэдгийг сайтар ярилцах хэрэгтэй байна. Нам эвслийн бүлгүүдийг оруулж ирэхдээ албан тушаал бэлэглэх байдлаар бус, аль салбарт бэлтгэгдсэн мэргэжилтэй хүн байна вэ гэдгийг харах ёстой. Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар намынхаа ҮЗХ-ны хуралдааны үеэр Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Энэ амлалт нь хэр ажил хэрэг болох вэ гэдгийг хүн бүхэн харж хүлээж байгаа учраас мэргэжлийн тэр дундаа эдийн засгийг аврах "Авралын Засгийн газар” юу юунаас чухал болоод байна.
 
 Ирэх онуудад дэлхийн эдийн засаг ч амаргүй байх нь тодорхой. Тэр дундаа төрийн албыг танаж, олон зуун залуусыг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн төсөв баталсан УИХ, Засгийн газар ингэж танасны ашгийг харуулах хэрэгтэй болно. Эдийн засгийн суурь хүндрэлүүд, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг эрүүлжүүлэх нь шинээр томилогдох Ерөнхий сайдын хамгийн түрүүнд барьж авах ажил билээ. Улс төрийн сандал суудлын маргаан энэ төрийг хангалттай туйлдууллаа. Намынхаа эрх ашгийг урдаа тавьсан маргаан ард түмний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг бүгд л мэдэрлээ. Одоо улстөрчдөд ингэж маргаан хийж суух эрх байхгүй. Улстөржилтөө хойш нь тавьж, улс орныхоо эрх ашгийг бодох хэрэгтэй байна. Нэмэгдэхүүний байрыг өөрчиллөө гээд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх шүүмжлэл ч Ч.Сайханбилэг гишүүнийг тойрох нь мэдээж. Ийм зүйл болохгүй гэдгийг дан ганц үгээрээ бус үйлдлээрээ харуулах ёстой юм. УИХ-ын чуулганаар дэмжлэг авчихвал Амараа гишүүнтэйгээ хамтраад ажиллана гэсэн амлалтдаа ч хүрч АН-ын лидер улстөрчид Сангийн, эдийн засгийн бодлогоо хариуцуулаад явахад гэмгүй.
 
Р.Амаржаргал гишүүний толгойг ашиглаж байж л эдийн засгийн суурь хүндрэлээс гарна гэж намын бүлэг нь өөрсдөө итгэсэн бол түүнд итгэл үзүүлэн Засгийн газартаа урьж ажиллах ёстой. Уул уурхайн салбарыг урагшлуулж байсан, Зам тээврийн салбарт ахиц дэвшил гаргасан бүх л хүмүүсийг Засгийн газартаа урьж ажилламаар байна. Сөрөг хүчний дунд байгаа мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин бүхнийг урьж, тэдэнтэй хамтарч ажиллахаас өөр гарц одоо харагдахгүй байна. Энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайдаа батламжилж чадвал улс төрийн сандал суудлын маргаан хэсэгхэн хугацаанд намжих нь. Мэдээж дараагийн асуудал нь танхимд багтах сайдуудыг хэрхэн томилох вэ гэдэг асуудал. Үүн дээр л сандал суудал, фракцийн тохироог гаргахгүйгээр улс орноо бодохсон. Засгийн газарт урьж байгаа нь ч, Засгийн газарт уригдаж байгаа нь ч мэддэг чаддаг салбараа удирдаж, зөвшилцлөөр төрийн ажлыг урагшлуулъя. Ерөнхий сайд нь хэн байх нь бус тэр танхимд ажиллах сайдууд нь ямар чадвартай байхаас улс орны хувь заяа, салбар бүрийн бодлого чиг шугамаараа урагшлах эсэх нь шалтгаалдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн дан дээлтэй, цаашлаад салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүмүүсээр шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чадвал ирэх хоёр жилд төрийн ажил тогтвортой урагшилна.
 
Албан тушаал амладаг, бэлэглэдэг, төрийн данхагар бүтэцдээ ажиллах нь сайн үр дүн авчраагүй гэдгийг өмнөх жилүүдийн алдаанаасаа суралцья, улстөрчидөө. Фракцийн тохироо, намын эрх ашгийг урдаа тавих цаг одоо биш.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler