| |
Видео
Шинэ мэдээ
Ардчилсан нам шадар сайдын суудлаа авч, Д.Тэрбишдавгыг тэргүүн шадар сайд болгоно гэв үү
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хөзөр”-өө дэлгэлээ. Эдийн засаг хямарч, ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож буй энэ үед засгийг огцом хөдөлгөх эрсдэлд орохоос болгоомжилж яам болон агентлагуудыг танах тоглоомоор тоглохоор болжээ. Хямарч буй эдийн засгийг хэдэн сарын өмнө "Эзэн 100”-аар цэгцэлнэ хэмээн сүр дуулиан болж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөр рүүгээ чиглэсэн галыг намжааж, олны анхаарлыг өөр тийш нь хандуулахдаа маш сайны нэг илрэл нь энэ биз.
"Эзэн 100” хөтөлбөрөөс үр дүн гарсангүй. Үүндээ Засгийн газар тайлбар өгч чадахгүй өдий хүрсэн. Нэг үгээр хэлбэл, "Эзэн 100” хөтөлбөр "Эзэнгүй 100” болж хувирсан. Тиймээс үүнийг түргэн мартуулахын тулд Засгийн газрын тэргүүн ямар нэгэн санаа олж, заль хэрэглэх нь гарцаагүй болоод байсан. Н.Алтанхуяг намрын чуулган эхлэнгүүт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөж яамдыг танах санал оруулж байна. Мэдээж энэ нь ямар үр дүнтэй вэ гэсэн асуулт урган гарч ирнэ.
Зөв бодлоготой, зөв шийдвэртэй бол эдийн засгийн хямралын үед яамдыг цөөлж, төсвийг хэмнэх шиг ач тустай зүйл гэж үгүй. Өнгөцхөн харахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нараас гадна 17 яамтай байсан Засгийн газарт өөрчлөлт орж, 13 яамтай болох асуудал яригдаж эхэллээ.
Тухайлбал, Шадар сайд гэх сэнтийг нэг шат ахиулж өмнөх Засгийн газарт байсан Тэргүүн шадар сайдын суудлыг ахин бий болголоо. Тэгэхээр цөөнхийн суудал авсан гэх МАХН үнэн чанартай Ерөнхий сайдтай хийсэн наймааны ач тусаар саарал ордонд сууж байгаа гэж хэлж болно. Тиймээс ч хоорондоо хийсэн "Нууц” гэрээндээ баригдан Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын суудлаа өгсөн нь тодорхой. Н.Алтанхуяг үнэхээр л Монгол Улсынхаа хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, эдийн засгийг хэмнэх бодлого барьж чаддаг байсан бол өнөөдөр МАХН-ыг Сангийн сайд Ч.Улаантай нь хамт хариуцлага тооцчих байсан.
Үнэн чанартаа намын томилгоо, улс төрийн бохир бодлогоос шалтгаалж Төрийн байгууллагад мэргэжлийн бус хүмүүс албан тушаалд очдог нь нууц биш.
Энэ нь эргээд тухайн ажиллаж байгаа байгууллагынхаа ирээдүйн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно. Монгол Улсын өгсөх замыг ийнхүүнамчирхсан, улстөржсөн удирдлагууд хааж байна гэж хэлж болох юм. Тухайлбал, Баянгол дүүрэгт "Эрдэнэ вангийн хошуу” хэмээх нэр томъёо гарсан. Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнэ сайд болонгуутаа дураараа дургиж, улсын хөрөнгөөр гэр бүлээрээ гадаадын улс оронд зугаалсан.
Тэгвэл Я.Санжмятав Хөдөлмөрийн яамыг завханчуудаар дүүргэсэн. Энэ мэт танилын хүрээгээрээ төрийн ажлыг сүйтгэх үзэгдэл багагүй бий. Үүний адил Ерөнхий сайд яамдыг танаж, эдийн засгийг хэмнэж байна гэх боловч Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын сэнтий шинээр буй болгож байгаа нь олны анхаарлыг татаж байна. Учир нь, Шадар сайдын сэнтийд хэн залрах вэ гэдэг бас л өрсөлдөөний нэг талбар болоод байгаа. Зарим хүн "Фортуна” Н.Батбаярыг гэж байна. Үнэн чанартаа энэ суудлыг АН авч үлдэх нь тодорхой.
Харин Тэргүүн Шадар сайдаар Д.Тэрбишдагвыг сонгож байгаа нь "Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээгээ хадгалж үлдэнэ гэсэн үг. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь АН-ын удирдлагын хүрээнд ОХУ, БНХАУ-тай улс төрийн болон эдийн засгийн хувьд харилцаагаа нэн шинээр сэргээж, чухал төслүүд дээр хамтран ажиллана гэсэн үг.
Тэгэхээр Засгийн газар хоорондын харилцааг бий болгох гол гүүр нь Шадар сайдын суудал. Иймээс АН энэ суудлыг өөртөө авч үлдэх тохиролцоог хийсэн сурагтай. Хэдийгээр ард түмний дунд Н.Алтанхуягийн дэлгэсэн "Хөзөр” өнөөдөр гарч ирж байгаа ч хөшигний цаана төрийн гурван өндөрлөг аль эрт тохиролцоонд хүрснээс гадна шинээр томилох сайд нарын нэрс ч тохиролцоогоор аль эрт ил болсон гэнэ.
Өөр нэг мэдээлэл гэвэл АН 2016 оны сонгуульд Шударга ёс эвсэлтэй хамтарч ажиллах нь тодорхой боллоо. Тэр дундаа Н.Энхбаяртай хийж байгаа энэ тохиролцооны гол жуулчлагч нь МҮАН-ын дарга М.Энхсайхан аж. Түүнийг ийм ажлаар Өмнөд Солонгос улсыг үе үе зорьдог болсон талаар эх сурвалж хэлж байна. ИйнхүүЕрөнхий сайд шинэ суудал гаргаж ирээд байвал эдийн засгийг хэмнэж, яамдыг танаж байна гэдэг бас л худлаа болж хувирах янзтай.
Ерөнхийлөгч давхар дээлтнүүдээс татгалзаж байгаа. Түүнийгээ ч албан тоотоор Ерөнхий сайдад хүргүүлсэн. Н.Алтанхуягийн байр сууриас харвал өөрийг нь шахах гэж байгаа фракциудыг Засгийн газраас гаргах зорилготой байж магадгүй. Түүнээс гадна эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед том бүтцийг хумьж харагдах жүжигчилсэн багахан тоглолт хийх гэж оролдсон оролдлого байж болох юм. "Н.Алтанхуяг сайд өөрөө физикч, математикч хүн Тэгэхээр хэнийг нь гаргаад хэнийг нь оруулж ирэх вэ гэдгээ машсайн тооцоолсон байж таарна” гэж хэлэх ч хүн байна. Харамсалтай нь, тоо бодох төр жолоодох хоёр тэс өөр баймаар санагдах юм. Засгийн газрын бүтцийн асуудлыг мэдээж намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэж байгаа нь өнгөрсөн хугацаанд нэлээн сайн тохироо бүрдүүлж, өөрийнхөө талд гараа өргүүлэх хүмүүсийг олчихсон гэсэн таамаг ч байна.
Тэгээд ч Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлыг хэлэлцсэний дараа Засгийн газар нэг ёсондоо аюулгүй болчихно. Магадгүй шинэ Засгийн газар байгууллаа гэхэд ямар нэгэн шинэ, оновчтой хөтөлбөр харагдахгүй нь ойлгомжтой. Ерөнхий сайд яамдыг танахдаа Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгээд Геологи, уул уурхай эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгээд Дэд бүтцийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яам хоёрыг нэгтгээд Сангийн яам нэртэйгээр тус тус байгуулж 13 яамтай байхаар болжээ. Түүнчлэн 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр чиг үүргээрээ нэгдэж буй яамны сайд нар албан тушаалгүй болох юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нар сайдын сандлаас буух бололтой.
Гэхдээ үнэхээр л эдийн засгийг хэмнэе гэж байгаа бол үүнээс илүүгээр танаж болмоор санагдах юм. Тухайлбал ССАЖЯ-ыг БШУЯ-тай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай нэгтгэж болно. Үүнийг дагаад агентлагуудыг чиглэл чиглэлээр нь танаж чадах юм бол эдийн засгийн хэмнэл өөрөө бий болно. Учир нь нэгэнт л данхайсан төрийн бодлого манай улсын эдийн засгийг унагаж байна гэсэн шийдвэрт хүрсэн төрийн байгууллага, агентлаг, яамдын хэмнэлтийг улам зоригтой хийх нь чухал санагдана. Ямартай ч "Эзэн 100” асуудлыг өөрөөсөө зугтаалгасан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийнхүүгэнэт танах, хасах асуудлыг гаргасан ч урсч одсон эдийн засаг ахин сэргэнэ гэдэгт итгэхэд бэрх юм. Тиймээс Н.Алтанхуягийн энэхүү шийдвэр олны анхаарлыг татдаг, өөрөөсөө галт сумыг холдуулдаг нэг арга биз ээ.
В.Нэргүй
unen.mn