| |
МАН-ын “төв хороо”-ны шийдвэр НИТХ дээр “хана мөргөв”
Эрх баригч намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр НИТХ дээр очоод "хана мөргөлөө”. МАН-ынхан Хотын даргад С.Амарсайханыг, НИТХ-ын даргад Р.Дагвыг томилохоор саналаа хайрцаглан нийслэлд хүргүүлсэн байдаг. Гэсэн ч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун 43 төлөөлөгчөөс 24-ийнх нь саналыг авч Нийслэлийн Засаг даргаар сонгогдов. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хотын захирагчаар батламжлах уу, үгүй юу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
Ерөнхийдөө С.Мөнхчулуун гэдэг хүний нэр орж ирнэ гэж Ерөнхий сайд төсөөлөөгүй суусан биз. Тэрээр Улаанбаатарын удирдлагыг гартаа авна хэмээн тооцоолж, С.Амарсайханыг энэ суудалд сойж байсан. Нөгөө талаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ч өөрийн хүнийг Хотын дарга болгох хүсэлтэй байв. Энэ асуудлаас болж, нэг завин дээр яваа У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар жаахан маргалдсан юм билээ. Тэгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сумъяабазарын фракциас Хотын даргад томилуулахаар зүтгүүлж байсан Д.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилж улс төрийн тохироо хийсэн. Ийнхүү С.Амарсайхан хотын дарга болох бүх нөхцөл нь бүрдээд байлаа. Гэсэн ч тэр заалнаас нэр дэвшигч С.Мөнхчулуунд ялагдчихлаа.
Нөгөө талаар намын "төв хороо”-ны шийдвэр анх удаа нийслэл дээр "хана мөргөсөн” асуудал биш юм. Өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн МАН-ын даргыг сонгосон. Хуучнаар намын төв хороо буюу Удирдах зөвлөлөөс Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад дэмжиж явуулсан байдаг. Гэсэн ч нийслэл дээр Су.Батболд Д.Сумъяабазарт ялагдсан л байгаа юм. Үүнээс харахад Нийслэлийн МАН-д эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр хамаагүй бололтой. Тэд өөрийн гэсэн дотоод ардчилалтай, амьтай юм байна. Энэ нь сайн хэрэг шүү.
Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулуун нь 2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Мөн 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Хуульд зааснаар Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг тав хоногийн дотор батламжлах ёстой. Хэрэв НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд хүлээн авахгүй гэж үзэн, буцаах юм бол НИТХ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцээд, дахин санал хүргүүлэх юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин