| |
Видео
Шинэ мэдээ
Дарсанд хордсонд хүүхдийн эхийг 300 мянган төгрөгөөр торгов
Дарсанд хордсон 3 настай хүүхдийн ээжид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноов.
Тодруулбал, өнгөрөгч 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт согтууруулах ундаанд хордсон 3 настай хүүхэд ухаангүй ирж хэвтэн эмчлүүлж байна гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгав. Шалгалтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт оршин суух хаягтай, иргэн Г, Л нар нь хөрш айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ хэрэглэж байсан улаан дарсны үлдэгдлийг ил орхиж, хайхрамжгүй хандсаны улмаас 3 настай хүүхэд нь ууж хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн нөхцөл байдлыг тогтоов. Тус эмнэлгийн мэдээлж буйгаар хүүхдийн хордлогыг эмчилсэн бөгөөд биеийн байдал хэвийн болсон тул эмнэлгээс гарсан гэв. Харин цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээж Л-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "Хүүхдийн эрхийг зөрчсөн, Хүүхдийн бие мах бодит халдсан, эсхүл үл хайхарсан” үндэслэлээр 300 нэгж буюу 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноов.
Иймд Цагдаагийн байгууллагаас баяр ёслол тэмдэглэх үедээ насанд хүрээгүй хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг уриалав.