| |
Шинэчлэгдсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргана
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.
Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх 1 дүгээр түвшний хамгаалалт болох иргэд энгийн нүдээр шууд хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.
Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг аваад байна. Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй технологи буюу дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байх явдал байдаг.
Ийнхүү шинэчлэгдсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргахаар бэлтгэл ажлуудыг Монголбанк арилжааны банкуудын хамт хийсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаалын дагуу 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байна.
Иймээс иргэд энэхүү шинэчлэгдсэн дэвсгэртийн талаарх мэдээллийг сайтар авах шаардлагатай юм. Үүгээр зогсохгүй ер нь иргэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэддэг байх нь төлбөр тооцоондоо хуурамч тэмдэгт авч хохирол амсах явдлаас зайлсхийх боломжтой юм.