|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн эдийн засагт 2019 онд тулгарах хамгийн том эрсдэл

Дэлхийн эдийн засагт 2019 онд тулгарах хамгийн том эрсдэл

Популистууд, дүрэм журам зөрчсөн удирдагчид, олон улсын харилцааг үл ойшоогчидтой, шударга бус Засгийн газрууд 2019 онд дэлхийн эдийн засагт хамгийн том эрсдэл учруулах төлөвтэй байна. Блүүмбергийн эдийн засагчдын үзэж буйгаар, ирэх жил эдийн засгийн эрсдэл өсөн нэмэгдэж, түлш шатахууны шинэ эх үүсвэрүүд хэрэгтэй болж болзошгүй ажээ.

Блүүмбергийн шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2019 онд сааруулж болзошгүй хамгийн том эрсдэлээр Вашингтон болон Бээжингийн худалдааны дайныг нэрлээд буй юм. Тэд "Хэрэв Трамп сүрдүүлгээ биелүүлж, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээгээ нэмэгдүүлвэл тус улсын ДНБ-ий өсөлт 2019 онд 1.5 хувиар буурна. "Хэдийгээр "Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр түр эвлэрсэн ч энэ маргаан урт хугацаанд үргэлжлэх эдийн засгийн хүйтэн дайны эхлэлийг тавьж магадгүй” гэжээ.

Италийн эрх баригчид болон Европын Холбооны /ЕХ/ удирдлагууд хооронд үүссэн төсвийн зардлын талаарх маргаан дэлхийн эдийн засагт мөн сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Үүнээс гадна Италийн эрх баригч эвсэл доторх санал зөрөлдөөн эдийн засагт эрсдэл учруулж магадгүй нь. Мөн Их Британи ЕХ-ноос гарах нь ноцтой эрсдэл дагуулахаар байгаа ажээ.

2019 онд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдийн тоонд мөн АНУ-ын Ардчилсан намын хяналтаа тогтоосон Төлөөлөгчдийн танхим, Бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлдэг Сенатын танхим болон АНУ-ын Ерөнхийлөгч хоорондын маргаан, хэд хэдэн оронд болох гэж буй сонгуулиуд, Иран болон Саудын Арабтай хийж байгаа АНУ-ын харилцаатай холбоотойгоор өөрчлөгдөх газрын тосны ханшийн хэлбэлзэл, Азид мөргөлдөөн гарах эрсдэл зэргийг оруулжээ.

Олон улсын валютын сангаас 2019 онд хэдийгээр олон сорилт бий ч дэлхийн эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байна гэж мэдээлсэн билээ. Тус сангаас "Дэлхийн эдийн засгийн ирээдүй” тайлан гаргаж, 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд мөн 3.9 хувь байна хэмээн төсөөлж, олон улсын худалдааны хурцадмал нөхцөлд хоёр жилийн өмнөөс дэлхийн эдийн засгийн хөгжил тэгш өсөлтийн үедээ орсон боловч богино, дунд хугацаанд буурах эрсдэл нэмэгдэж байна хэмээн сэрэмжлүүлж буй юм.

Мөн евро бүс, Япон, Их Британийн өсөлтийн тухай төсөөлсөн хэмжээгээ бууруулж, АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээний өсөлт далд түвшнээсээ өндөр байна гэсэн бол Хятадын эдийн засгийн өсөлтийг урьдын төсөөлөлтэй адил 2019 онд 6.4 хувь байна хэмээн тэмдэглэжээ.

ОУВС-гийн ахлах эдийн засагч Маурайс Обсфелд "Дэлхийн эдийн засагт сүүлийн үед хамгийн их заналхийлж байгаа хүчин зүйл бол худалдааны хурцадмал байдал юм. Энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн ирээдүйд сөргөөр нөлөөлнө. Худалдааны хурцадмал байдал улам гаарч, итгэл, хөрөнгийн үнэ ханш, хөрөнгө оруулалтад ашиггүй нөлөө үзүүлж буй нь дэлхийн эдийн засагт тулгарч буй хамгийн том аюул заналхийлэл болоод байна. АНУ олон улсад нөлөөлсөн худалдааны үйл ажиллагаа явуулсанд БНХАУ, Европын холбоо, Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээний түнш, Япон хариу бодлого хэрэгжүүлэх буюу зарим нь хариугаа авах заналхийлэл тулгарч буй.

Одоогийн худалдааны бодлогын заналхийлэл бодитоор хэрэгжвэл бизнесийн итгэл буурч, 2020 он гэхэд дэлхийн үйлдвэрлэл одоогийн төсөөллөөс 0.5 хувиар буурах магадлалтайг манай загвар судалгаа харууллаа. Худалдааны цохилтын нөхцөлд АНУ дэлхийн хариу авах гол бай болж, ихэнх экспортоос нь дэлхийн зах зээл татвар хурааж, сөргөөр нөлөөлөх магадлал ихтэй болно” гэжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Паувелл "Худалдааны маргааны үр дүнг урьдчилан таах аргагүй боловч импортын бараанаас урт хугацаагаар гаалийн татвар хураах нь эдийн засгийн өсөлтөд ашиггүй” гэж хэлжээ. Мөн тэрбээр "Манай засгийн газрын зорилго бол гаалийн татварыг бууруулах явдал юм. Хэрэв энэ арга хэлбэрээр ажиллавал манай эдийн засагт ашигтай, бусад аргаар ажиллавал манай маш олон бараа бүтээгдэхүүн, солилцооны бараа үйлчилгээнээс гаалийн өндөр татвар авах бөгөөд урт хугацаанд үргэлжилвэл манай эдийн засагт ашиггүй гэж бид үзэж байна” хэмээжээ.

ОУВС "АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлого дэлхийн банк санхүүгийн чиг хандлагад гол үүрэг гүйцэтгэдэг. Одоо АНУ-ын ажлын байрны хангамж эрчтэй, инфляц тогтвортой сэргэж буй нөхцөлд Холбооны нөөцийн сан хүүгээ хурдан нэмбэл олон улс оронд илүү дарамт учруулах магадлалтай” хэмээн үзэж буй юм.

Маурайс Обсфелд "Банк санхүүгийн зах зээл эдгээр тогтворгүй хүчин зүйлийг чухалчлахгүй байна. Бодлого тогтоогч үйл ажиллагаа явуулж, өөрчлөлт шинэчлэл хийж, өсөлтийн далд хүч, сэргийлэх чадварыг дайчлах шаардлагатай. Үүний зэрэгцээ валютын бодлогыг болгоомжтой хэрэгжүүлж, инфляцын хэмжээг үр ашигтай тогтоон барьж, зохих түвшинд байлгахыг санал болгоод, улс орнууд хамтран ажиллаж, эрсдэлийг зохицуулахыг уриалжээ.

Тэрбээр "Эдгээр өрсөлдөөн сорилтыг зохицуулахын тулд улс орнууд хувиа бодох сэтгэхүйгээ орхиж, харилцан анхаарал хандуулж буй асуудлаар, олон талт хамтын ажиллагаа явуулах нь маш чухал гэдгийг санах ёстой. Учир нь нэг улсын үйл ажиллагаа эдгээр нийтлэг асуудлыг зохицуулж чадахгүй. Нийтлэг асуудал гэдэг нь олон талт худалдааны тогтолцоог эрчимжүүлэх, дэлхий дахин тэнцвэрээ алдах, банк санхүүгийн тогтвортой бодлого, олон улсын татварын бодлого, терроризмын заналхийлэл, халдварт өвчнийг тогтоон барих, дэлхийн цаг уурын дулаарлыг намжаах зэрэг болно” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө Европын Төв банкны тэргүүн Марио Драги "Евро бүсийн эдийн засгийн эрсдэл нэмэгдэж байна” хэмээн мэдэгдээд, гол эрсдэлүүдээр геополитикийн орчин, худалдааны протекционист бодлого, зах зээлийн тогтворгүй байдлыг нэрлэжээ.

Европын Төв банк саяхан бодлогын зөвлөлийн хурлаар бодлогын хүүд өөрчлөлт оруулаагүй ч 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэх бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоох шийдвэр гаргажээ. Евро бүсийг дефляцийн эрсдэлээс хамгаалж, эдийн засагт итгэх итгэлийг сэргээх зорилгоор дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн энэхүү хөтөлбөр энэ сард эцэслэх юм байна. Герман тэргүүтэй зарим бүсийн орнууд Европын Төв банкийг хэт зөөлөн мөнгөний бодлого баримталж байна гэж шүүмжилсээр ирсэн.

Түүнчлэн Марио Драги Франкфурт хот дахь хэвлэлийн хурлын үеэр евро бүсийн ирэх оны өсөлтийн таамаг буурсан талаар мэдэгдэж, бодлогын хүү ирэх оны зуныг дуустал түүхэн доод түвшиндээ хэвээр үлдэнэ гэсэн дохиог зах зээлд өгсөн байна.

Эх сурвалж: Bloomberg

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler